Долоо хоногийн турш үргэлжлэх ХКН-ын 18 дугаар их хурал эхэллээ. Арав дахь жилдээ төр, засаг барьж буй Хятадын өнөөгийн удирдлагыг шинэчлэх их хурал учраас дэлхий даяараа Бээжингийн зүг нүд, чих тавиад байна. БНХАУ-ыг 1949 оны аравдугаар сарын 1-нд тунхагласнаас хойшхи тав дахь үеийн удирдлагыг ХКН-ын 82 сая гишүүнийг төлөөлсөн 2325 төлөөлөгч энэ их хурлаас тодруулна. Хятадын төр, засгийн удирдлагад хэн хэн байхыг их хурлын өмнө хуралдсан ХКН-ын Төв хорооны долдугаар бүгд хурлаар үндсэндээ нэрлэсэн. Одоо их хурлаар хэлэлцэн тогтоод 2013 оны гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлаар шинэ удирдлагад бүрэн эрхийг нь олгон батламжлах юм.
Юуны өмнө ХКН-ын Төв хорооны байнгын хорооны есөн гишүүний орон тоог долоо болгон цөөлжээ. Байнгын хорооны бүрэлдэхүүнд ХКН доторх бүлэглэлүүдээс “хувь тэнцүү” оруулахаар болсныг өөрчлөлт шинэчлэлтийн шинж хэмээн гаднын ажиглагчид харж байна. Шинэ удирдлагын нэрсийн жагсаалтыг БНХАУ-ын дарга Ху Жинтао, түүний залгамжлагч хэмээгдэж буй БНХАУ-ын дэд дарга Ши Жинпин, Хятадын гурав дахь үеийн лидер Зян Зэминь нар батламжилжээ.
Хятадын тав дахь үеийн удирдагчдын бүрэлдэхүүнд БНХАУ-ын дэд дарга Ши Жинпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэцян, Ерөнхий сайдын санхүү эрхэлсэн орлогч Ван Цишань, Намын дээд удирдлагын төлөөлөл болох Лю Юньшань, Ли Юаньчао, Жан Дэзян, Жан Гаоли нар ороод байна. Тэднээс Ши Жинпин улсаа даргалж, Ли Кэцян Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд болох нь тодорхой болсон.
Тэгвэл Хятадын шинэ үеийн удирдагчид ямар бүлэглэлийг төлөөлж байна вэ. Коммунист залуучуудын бүлэглэл буюу Хятадын коммунист залуучуудын холбооноос төрөгсөд. Уг холбоог өнөөгийн удирдагч Ху Жинтао 1983-1985 онд даргалж байжээ. Залуучуудын бүлэглэлийн албан бус лидер нь Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Ли Кэцян болно гэж ажиглагчид үзсэн байна. Нөгөө нэг бүлэглэл нь хүчний байгууллагын төлөөлөгчид. Тэд 18 дугаар их хурлын дараа Хятадын ардын чөлөөлөх арми, Ардын зэвсэгт цагдаа болон бусад хүчний байгууллагыг удирдах болно. Хэдийгээр хүчний байгууллагын төлөөлөгчид намынхаа “ард” дарга нарт захирагддаг мэт харагддаг ч сүүлийн жилүүдэд тэд улс орны бодлого тодорхойлох, ялангуяа гадаад бодлого тодорхойлоход мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэдэг болсныг гадаадын ажиглагчид тэмдэглэж буй. Хэдийгээр Ху Жинтао улсын болоод намын удирдах албаа Ши Жинпинд өгөх ч Цэргийн зөвлөлийн даргын албыг өөртөө үлдээж магадгүй гэсэн таамаг бас байгаа юм.
Өөр нэг бүлэглэл нь Шанхайн буюу Хунтайжийн фракц. Шанхай хотын намын байгууллагыг удирдаж байсан хүмүүс болон Хятадын өмнөх үеийн удирдагчдын үр хүүхдээс бүрддэг тул тийнхүү “Хунтайжийн” хэмээх сүртэй нэрийг авчээ. Тэднийг бас “Алтан залуус” гэж ёгтлон нэрлээд байгаа. Түүний нэг төлөөлөл нь ирээдүйн Хятадын дарга гэгдээд буй Ши Жинпин.
Бас 2022 онд болох ХКН-ын ХХ их хурлаас Хятадын зургаа дахь үеийн удирдагч болон тодрох 40-өөд насныхны бүлэглэл бий. Хэдийгээр 10 жилийн дараа том албан тушаал эзлэх боловч одооноос олонд танигдах хэмжээний суудал эзэлж эхлэх болно гэдгийг ажиглагчид анзаараад байна.
Урьд өмнөх их хурлуудаас ялгаатай нь ХКН-ын 18 дугаар их хурлаас ямар нэг байдлаар ардчилал “ханхалж” байна. Их хурлын төлөөлөгчдийг 82 сая гишүүд дундаасаа ардчилсан сонголтоор гаргаж ирсэн гэдгийг онцоллоо. Түүний үр дүнд төлөөлөгчдийн бараг гуравны хоёр нь ажилчид, тариачид, жирийн сэхээтнээс бүрджээ. Бас ХКН-аас Чунцин хотын дарга асан Бо Силай, Төмөр замын сайд асан Лю Жизюн нарыг хөөснийг зарласан нь дээд хүрээндээ эвтэй мэт байдлыг харуулсаар ирсэн өмнөх байдлыг ямар нэг хэмжээгээр эвдэв. Хэдийгээр энэ нь ардчиллын хэмжүүр биш ч ил тод байдлын нэг илрэл гэлтэй.
БНХАУ-ын дарга, Хятадын 1,3 тэрбум иргэний “эцэг” Ху Жинтао ХКН-ын 18 дугаар их хурлыг нээж бүтэн хагас цаг хэлсэн үгэндээ Хятад улс 100 жилийн ойгоороо буюу 2049 он гэхэд баян чинээлэг, хүчирхэг, арлдчилсан, соёл иргэшил бүхий, төгс төгөлдөр шинэчлэгдсэн социалист улс болно гэдгийг зарлав. Тэр хүртэл дахиад 37 жилийн зай бий гэдгийг хэлэх хэрэгтэй. Шинэ тав дахь үеийн удирдлага хээл хахууль, авлигатай зоримогоор тэмцэж, бүх талаар баян нийгмийг байгуулж, хүн амын дундаж давхрагыг тэлж, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ шинэчлэн өөрчлөлтийг түргэсгэнэ гэдгийг тэрбээр цохон тэмдэглэжээ. Намынхаа үзэл бартимтлалд Марксизм-ленинизм, Мао Зедуны үзэл суртал Дэн Сояпиний онолыг баримталж Хятадын онцлогтой социализмыг байгуулна гэлээ. Хятадад баян хоосны ялгаа улам бүр ихэсч байгаа энэ цагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал тавих ёстойг ХКН-ын 18 дугаар их хурал онцолсон байна.
БНХАУ-ын одоогийн байгаа төвшинг Ху Жинтао дарга илтгэлдээ “Дэлхий дээрх хамгийн том хөгжиж буй орон” хэмээн дүгнэлээ. Социализмын анхны үе шатыг Хятад улс туулж дуусаагүй, бүрэн туулахад нэлээд хэдэн жилийн зай байгаа гэж үзсэн байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 2020 он гэхэд 2010 онтой харьцуулбал хоёр дахин өсгөхөөр төлөвлөжээ. Хятад улс далай тэнгисийг аж үйлдвэрлэлдээ ашигласан том гүрэн болно гэдгийг ч мэдэгдэв.
Ноён Ху Жинтаогийн энэхүү илтгэлийг БНХАУ-ын дөрөв дэх үеийн удирдагчийн хувьд хэлсэн хамгийн сүүлийн том үг хэмээн ажиглагчид нэрлэж байна.
Тайвань, Түвдийн асуудал ямагт Хятадын эмзэг сэдэв болсоор ирсэн билээ. ХКН-ын 18 дугаар их хурал дээр дуулдаж буй нэг эерэг мэдээлэл бол Тайваньтай харилцаагаа зөөлрүүлэх тухай асуудал. Хэдийгээр Тайванийн хувьд нэг Хятадын бодлого хэрэгжиж эх газартаа харьяалагддаг ч эх газрын зүгээс тус арлын эсрэг хатуу арга хэмжээ авч болно гэдгээ удаа дараа мэдэгдэж байв. Тайваньтай зөвшилцөл байгуулах бүрэн боломжтой хэмээн эх газрын Хятад үзэж байгаа ажээ. Тайванийн хөгжлийн замыг өөрчлөхгүй, гэхдээ салан тусгаарлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ху дарга илтгэлдээ дурдлаа.
Харин төвдүүдийн зүгээс энэ өдрүүдэд чадах ядахаараа эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Их Хурлын нээлтийн өмнөх өдрүүдэд Сычуань, Цинхай, Төвдөд нэг санваартан, өсвөр насны гурван ламхай, нэг эмэгтэй өөрийгөө шатаажээ. Тэд Төвдөд эрх чөлөө олгох, Далай ламд нутагтаа эргэн ирэх боломж олгох шаардлага тавьсан аж. Хуннань-Төвдийн автономит тойрогт оршин суугч эмэгтэй өөрийгөө шатаасны дараа 3000 орчим төвд хүн гудамжинд гарч Хятадын эрх баригчдын эсрэг жагсчээ.
Байдал таатай бус байгаа тул Бээжин хотод онц дэглэм мөрдөж Их хурал болж буй Ардын хурлын ордныг онцгой хамгаалалтад авсан байна.