Католик сүмийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Католик сүмийг шүүхэд өгчээ

Мексикийн цагаач иргэн Дэвид Жименез гэгч эр Нью-Йорк мужийн Ньюбург хотод орших Гэгээн Патрикийн католик сүмээс гурван сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд гомдол гаргасан байна. 2008 онд эхнэр нь умайн хорт хавдраар өвчилснөөс хойш Дэвид Жименез өдөр бүр Гэгээн Патрикийн сүмийн гаднах загалмайд цовдлогдсон Христийн хөшөөний өмнө залбирал үйлдэх болжээ. Дэвид Жименезийн уйгагүй залбирал болон эмчилгээний ачаар эхнэрийнх нь хорт хавдар нэг сарын дараа ор мөргүй эдгэрсэн бөгөөд үүнээс хойш тэрээр сүмийн гаднах хөшөөнд анхаарал тавьж эхэлжээ. Гэвч Дэвид Жименез 2010 оны Хөшөө дурсгалын өдрөөр бурханд хүндэтгэл үзүүлэх үүднээс өнөөх хөшөөг цэвэрлэж байтал гэнэт 272 кг жинтэй гантиг хөшөө түүний хөл дээр унасан байна. Үүнээс болж тэрээр баруун хөлөө өвдөгний үеэрээ тайруулж, тэргэнцэрт суусан аж. Харин Дэвид Жименез Гэгээн Патрикийн сүм  тус хөшөөг суурьтай нь сайн бэхлээгүйн улмаас түүний дээрээс унаж, хөлөө тайруулахад хүрсэн гэж буруутган ийнхүү шүүхэд ханджээ. Түүний гомдлыг хэлэлцэх шүүх хурал ирэх оны нэгдүгээр сард болох гэнэ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж