“…Манай анги 10 гаруй христийн шашинтай хүүхдүүдтэй юм. Новш гэж маргааш тэднийг хашраахгүй бол болохгүй болжээ…” Бичсэнийг харвал өсвөр насны хүүхэд. Доор нь “тэгье, алаад өгье” гэсэн сэтгэгдлээр дүүрэн. Энэ бол зүгээр л энгийн жишээ. Хуучин “Од” кинотеатр байсан өдгөө Христийн шашны сүмийн ойр орчимд ч зодоон болж байсан удаатай. Төв аймагт Христийн шашинтнуудтай багахан хэмжээний зодоон өрнүүлсэн тохиолдол бишгүй олон бий. Тэгэхээр манайд өнөөдөр ийм олон шашны байгууллагын хэрэг байна уу…..
Нэг үеэ бодвол ямар шашин шүтдэгээс нь хамаараад үзэн яддаг байсан байдал үгүй болсон ч өнөөг хэр нь битүүхэндээ үзэн ядах сэтгэлгээ арилаагүй л байна. Үгүй ядахдаа арван жилийн хүүхдүүд үүнийг өөрөөс нь өөр, тэс ондоо гэж ойлгоход хүргэж байгааг нуух зүйлгүй.
Шашны байгууллагын талаар, ямар насны хүн, ямар шашин шүтэж байна гэсэн нарийн судалгаа манай улсын хэмжээнд алга. Зүгээр л тэдэн хувь нь тийм шашин шүтдэг гэсэн бүдүүн бараг тоо л байна. Уг нь улс үндэстэн бүр теологийн судалгаа хийх ёстой байдаг. Учир нь үндэсний аюулгүй байдалтай холбоотоо асуудал болохоор тэр. Үүнээс болж дэлхий ямар зовлонг амсч байгааг бид бэлхнээ харж байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Мьянмар улс. Тэндхийн хязгаар мужид сүүлийн таван жилийн турш шашны мөргөлдөөн гаараад байна. Энэ нь Буддын шашинтай иргэд, Лалын шашинтай иргэдтэй маргалдсан явдал. Маргаан сүүлдээ тус мужийн бус улсын асуудал болон хувираад байна. Яг одоогийн байдлаар тэнд 800 гаруй хүн амь насаа алдаад буй. Энэ үйл явдлын эхлэл өнөөх төртэй нь л холбоотой. Учир нь тус мужид лалын шашин шүтэгчдийн тоог нарийн тооцоолон гаргалгүйгээр буддын шашинтай хүмүүсийг амьдруулах болсон нь энэ мөргөлдөөний учиг байжээ.
Мэдэхгүй төрийн гай нь энэ. Уг нь Шинжлэх ухааны академи шашин, соёлын хороотой ч яг үүнийг шашны судалгаа гэхээсээ илүү үзэл суртлыг нь судалж байдаг болохоор нийгэмд хэрэг болохуйц мэдээ сэлт гаргадаггүй нь харамсалтай. Үндэсний статистикийн газраас нарийн чанд тоог харна гэдэг хэцүү. Ерөнхий тойм тоог л та харж болно. Угтаа цаана нь юу болоод байгааг бид мэдэхгүй. Төр ч мэдэхгүй.
2012 жилийн түүх тээсэн Христийн шашин Монголд тархаж эхлээд 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Өдгөө шашин номын байгууллагынхаа тоогоор Буддын шашнаас давж гараад буй. Харин энэ их соёл зан заншилтай шашныг бид хэрхэн мэдэх вэ? Яг ойлгож, үзлийг нь мэдсэн хүмүүс шүтэж байгаа гэдэг нь эргэлзээтэй. Хэрвээ христийн шашныг бүрэн гүйцэд ойлгоогүйгээс ямар горыг амсах гэдгийг Филлипиний түүх харуулдаг.
Монголд Христийн шашин орж ирэхдээ их зөв тактик баримталсан. Эргээд харъя. Тэд итгэгчдэдээ хоол өгдөг байсан. Шилжилтийн гэж нэрлэж байсан тэр нийгэмд тэдний өгч байгаа хоол тансаг зэрэглэлийнхдээ орно. Дээрээс нь үнэгүй. Харин дараа нь хувцас өгч эхэлсэн. Бас л Эрээний муусайн хувцаснуудыг бодвол арай гайгүй. Ганц гэм нь бага зэрэг хуучин. Энэ мэтчилэн аргаар сүсэгтнүүдийг хуйлруулж байлаа. Түүний хажууд тухайн үедээ бизнес сэтгэлгээ рүүгээ дөнгөж шилжиж эхлээд байсан Буддын шашнаас христ рүү урвагчид өдөр ирэх тутам ихэсч байв. Арга ч үгүй юу, уншиж байгаагаа христчид мэддэг, дээрээс нь ном уншсаныхаа төлөө мөнгө төлөх хэрэггүй, гайгүй хоол үнэгүй аваад идчихнэ. Үүнээс Христийн үзлийн гол зүйл нь юу вэ гэдгийг ойлгох сүсэгтэн төрөх нь тун бэрх.
Үүнийг төв гандангийн жишээ бэлхнээ харуулна. Бурхны шашин анх үүсэхдээ орчин нөхцөл нь ямар байсныг би мэдэхгүй. Ямар тэр үед амьдарч байсан биш. Гэхдээ манайх шиг тариф зоогоод ном уншдаг бурхны шашны соёлыг мэдэхгүй. Эсвэл манайд энэ шинэ соёл зах зээлийн давалгаатай уралдан үүссэн ч байхыг үгүйсгэхгүй. Бодоод үзье. Цагаан сарын дараа шинийн 15-нд багтаагаа баахан ном уншуулдаг. Үүнийг мөнгөн дүнгээр нь тооцоолоод үзвэл чамгүй хэмжээний тоо гарна. Дунджаар 70 мянган төгрөгийг засал номонд зарцуулдаг аж. Үүнээс илүү хэмжээний мөнгөн дүн гарч ч болно. Гэхдээ тариф зоож, ангилах нь хэр зохистой вэ? Хоолны газар хоолоо ямар хэмжээний орц, хэдий хэр хэмжээний порцтой вэ гэдгээс нь хамаараад үнийг ялгамжтай тооцдог. Гэтэл хэзээ хэн зохиосон нь үл мэдэгдэх уншлага ямар ид шидтэй болоод 500-10 мянган төгрөгийн хэлбэлзтэй байгааг үл мэдэх.
Хөгжингүй орнууд хөгжиж байгаа орнуудыг эдийн засаг болоод соёлын хараат болгохын тулд шашныг түлхүү ашигладаг. Үүний тод жишээ нь Манжийн дарлалын үед бурхны шашин түгэн дэлгэрсэн явдал. Бид хэдий их хэмжээгээр шашин шүтэж, сэтгэлгээгээ ядууруулна төдий чинээ эрхшээлдээ авах улсын хийх ажил нь багасна. Яг үүнийг одоо томоохон улсууд хэрэглэж байна. Африкийн ихэнх улсад уугуул шашин нь устаж, христэд итгэгчийн тоо улам бүр нэмэгдэж байгаа. Үр дүнд Африк тивийн хөгжил Европын дундаж улсуудынхаас давсангүй.
Манайх шиг бага хүн амтай улсад шашны ширэнгэ хэр зэрэг ээлтэй бол?