Ерөнхийлөгч “Time” сэтгүүлд ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Time” сэтгүүлд ярилцлага өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсад нэр хүнд бүхий “ТIME” сэтгүүлийн аравдугаар сарын 22-ны дугаарт ярилцлага өгсөн байна. Тэрбээр олны шимтэн уншдаг “Арван асуулт” буланд уригдаж, дараах хариултыг өгчээ.

-Танай улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Хөрш орнуудтайгаа хэрхэн учраа олж байна вэ?

-Манай улс болон хөрш орнуудын хооронд улс төрийн асуудал, үл ойлголцол байхгүй. Харин хөрш орнууд маань манай улсад хөрөнгө оруулах эдийн засгийн сонирхол байдаг. Бид энэ хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлж, гуравдагч этгээдийг дотооддоо урин ирүүлэх сонирхолтой.

-Монголын эдийн засгийн үсрэнгүй хөгжил байгалийн баялгаас эхтэй. Байгалийн баялаг ихтэй орнуудад тулгардаг “баялгийн хараал”, авлигал, хямрал, ядуурал зэргээс хэрхэн зайлсхийж байна вэ?

-Ашигт малтмалын асар их нөөц баялгаасаа болж уруудсан улс орнууд олон байхад өөдөлсөн нь цөөн байдаг. Байгалийн баялгийнхаа тусламжтайгаар хөгжсөн орнуудыг авч үзвэл Норвеги, Австрали, Канад зэрэг нээлттэй улс байдаг. Манай улсын хувьд нээлттэй, ардчилсан улс орон.

-Байгалийн баялаг танай улсыг тогтвортой хөгжлийн замд дагуулна гэдэгт та итгэлтэй байдаг уу?

-Төрийн тэргүүний хувьд би ард иргэдээ сургаж, тэдэнд хөрөнгө оруулах ёстой. Бид иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол болон нийгэм эдийн засгийн дэд бүтцэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Мөн хөдөө аж ахуй зэрэг бусад салбарыг мартаж болохгүй.

-Гадаадын компаниуд энэ ажилд тусалж дэмжиж байна уу?

-Бид гэрээ хэлэлцээрийн дагуу шаардлага тавихыг илүүд үздэг. Жишээ нь “Рио Тинто” Монголд хөрөнгө оруулахын сацуу манай иргэдийг сургах, мэргэжлийн өндөр төвшний инженерүүдийг бэлтгэх үүрэг хүлээсэн. Энэ ажлын дагуу тус компани сургалтын хоёр дахь төвөө байгуулаад байна.

-Монгол Улс хөгжин дэвжиж байна. Та Хятад болон ОХУ-д амьдардаг монголчуудын талаар юу боддог вэ?

-Өөрийгөө Монгол туургатан гэж үздэг арван сая гаруй хүн дэлхий дээр бий. Харин Монгол Улсад зөвхөн гурван сая орчим хүн байгаа шүү дээ. Тэгэхээр би нийт монголчуудаа эргэн ирүүлэхийг дэмждэг. Хэрэв тэд хэлээ мэдэж, соёлоо хүндэлж чадвал байнгын оршин суугчид болох боломжтой.

-Бүс нутагтаа та бусад жижиг улс орнуудтай туршлага хуваалцаж байна уу?

-Хоёр том гүрний дунд хавчигдсан Монголыг хараад зарим нь манай улсыг дэлхийн төгсгөл гэж боддог байсан. Харин миний бодлоор Монгол Улс эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх зангилаа юм. Эрх чөлөөтэй хүн илүү их зүйлийг бүтээхийн төлөө байдаг ба бид цаашид хөгжихийн тулд энэ баялаг руу тэмүүлж байна.

-Та Иранд айлчлахдаа нөгөө хэл ам дагуулсан цөмийн байгууламжид хөл тавьсан?

-Энэ нь миний Иранд хийсэн анхны айлчлал байсан. Тус улсыг зорих замдаа би түүхийн өнгөрсөн үеээ бодож суулаа. Өөрөөр хэлбэл, энэ нь миний айлчлалын гол зорилго нь байв. XII, XIII, XIV зууны үед Монголын хаад ноёрхлоо тогтоож, тус улсын дийлэнх газар нутгийг эзэлж байсан ба эдгээртэй холбоотой түүх дурсгалын бичээс, эд өлгийн зүйл Иранд хадгалагдаж үлдсэн юм. Ингээд би Иранд зочид буудалдаа байхдаа цөмийн байгууламжийн үүд хаалга тухайн чуулганд оролцож буй улс орны тэргүүн бүрт нээлттэй болохыг олж мэдсэн. Би сэтгүүлч мэргэжилтэй учраас сониуч зандаа хөтлөгдсөн гэх үү дээ.

-Та тэндээс чухам юу харсан бэ?

-Би зэвсгийн мэргэжилтэн биш шүү дээ. Энэ тал дээр миний байр суурь тодорхой. Ираны цөмийн хөтөлбөр аливаа нэгэн улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх учиргүй, мөн Иран нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүрэм журмыг баримтлах ёстой.

-Монгол улс БНАСАУ-тай түүхэн харилцаатай шүү дээ. Шинэ удирдагч Ким Чен Ун чухам ямар бодлого баримталж буй бол?

-Шинэ удирдагч улс орныхоо эдийн засгийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Түүний өмнө болон өвөг эцгийнх нь үед цэрэг арми нэгдүгээрт тавигдаж байсан шүү дээ. Харин өнөөдөр дотоод, гадаад ертөнц болон Хятадын дарамт шахалтын дагуу шинэ удирдагч эдийн засгаа нэн тэргүүнд биш юм гэхэд батлан хамгаалахын түвшинд аваачсан.

-Таны өрсөлдөгч асан Н.Энхбаяр авлигын хэргээр ял сонссон. Түүний гадаад болон дотоод дахь дэмжигчид энэ хэргийг улс төрийн зохион байгуулалттай гэж үзэн эсэргүүцэж байна.

-Бид авлигыг үл тэвчих бодлого баримталдаг. Эд хөрөнгөтэй, нэр нөлөө бүхий этгээд авлигын хэрэгт холбогдвол шүүхийн ял зэмлэлээс зайлсхийхийн тулд өөрийн хэлхээ холбоо, хөрөнгө мөнгөө ашиглан олон нийтийн санаа бодлыг өөрчлөхийн төлөө чармайдаг. Монголын хэвлэл мэдээлэлд цензур байдаггүй. 40 гаруй телевиз, 100-аад сонин хэвлэл нийлээд хэргүүдийг өөрийнхөөрөө мөрдөж байна шүү дээ. Бүр Хиллари Клинтон манай улсад өнгөрсөн зургадугаар сард ирээд “Хэрэв хууль журам, шударга ёсыг үзье гэвэл Монголд ир. Үлгэр жишээ ардчиллыг үзье гэвэл Монголд оч” гэж хэлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж