УИХ 2013 оны төсвийн төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

УИХ 2013 оны төсвийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр 2013 оны Төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг уншиж танилцуулав.  2013 оны Төсвийн төслийг хэлэлцэх үед  зарим орлого, тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан тул төсвийн орлого талд тусгагдсан гаалийн албан татварын гурван тэрбум төгрөг, импортын барааны НӨАТ-ын 6.3 тэрбум төгрөг буюу нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос бууруулж тооцсоныг хэлэлцлээ. 

Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өөрчлөн найруулж байгаатай холбогдуулан багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 10.4 тэрбум төгрөг, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, урамшуулал олгох” журамд нэмэлт, өөрчлөлт оруулж нэмэгдэл болон урамшууллыг давхардуулан олгохгүй байхаар тооцоход 16.3 тэрбум төгрөг, Боловсролын салбарын багш нарт олгодог хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 2.5 тэрбум төгрөг, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах иргэний бүртгэлийн болон хамгаалалтын зардалд 3.2 тэрбум төгрөгийг нэмэх болон бусад саналын дагуух өөрчлөлтүүдийг тусгасныг Төсвийн байнгын хорооны дарга онцолж байлаа. Ийнхүү үдээс хойшхи чуулганы хуралдаанаар 2013 онд санхүүжүүлэх төсөвийн төслийг нэгбүрчлэн, зүйл, заалт бүрээр нь санал хурааж, хасагдсан болон унасан санал байгаагүй тул Төсвийн байнгын хорооноос орж ирсэн саналын дагуу хэлэлцэн баталлаа.

Яг одоо чуулганы хуралдаанаар Сонгуулийн нэмэлт зардлын тухай тогтоолын төсөлийг хэлэлцэж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж