“Селтик”-ийн менежер ялалтдаа сэтгэл хангалуун байна

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

“Селтик”-ийн менежер ялалтдаа сэтгэл хангалуун байна

Шотландын “Селтик” клубын ерөнхий менежер Нейл Леннон өнгөрсөн шөнө болсон тоглолтыг багийн түүхэнд байгаагүй шилдэг тоглолт болсон гэж онцлоод, түүхэнд бичигдэх ялалт байгуулсан гэж ярьжээ. Каталоны нэр төр болсон өнөө цагийн шилдэг багуудийн нэг “Барселона”-г тэд өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хэсгийн шатны хүрээнд талбайдаа 2:1-ийн харьцаатай хожсон юм. Тоглолтын гоолуудыг 21 дэх минутад Ваняма, 83 дахь минутад Ватт нар оруулсан байна. Тоглолтын нэмэлт цагийн нэг дэх минутад Лионел Месси гоол оруулсан ч нэр төрийн гоол байлаа. Хэдийгээр “Селтик” багийн гол тоглогчид болох Эмилио Изагуэр, Томас Ройне, Скотт Брау, Гари Хүпер нар гэмтэлтэй байгаа ч Ла лигийн “акул”-ыг буулгаж авахад энэ нь нэг их нөлөөлсөнгүй. “Би энэ тоглолтыг багийн түүхэнд байгаагүй агуу тоглолт гэж хэлмээр байна. Барселона баг бол орчин үеийн хөлбөмбөгт байгаа шилдэг багуудын нэг. Бөмбөг эзэмшилт, тоглогчдын чансаа бол манай багаас хамаагүй илүү баг. Бид харин асуудалтай байсан олон тоглогчдоо бэртэл гэмтэлд алдчихаад байсан. Би багийн тоглогчдоо баатрууд гэж хэлмээр байна. Тэд маш өндөр төвшний дэлхийн хэмжээний багийг ялалтад хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Бид ямар ч байсан хэсгээсээ гарч сайн тоглолт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж Нейл Леннон ярьжээ. Одоогийн байдлаар “Селтик” баг “G” хэсэгт “Барселона” клубын ард, хэсэгтээ хоёрдугаарт бичигдэж байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж