Шахмал түлшний үйлдвэрлэл түр саатжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Шахмал түлшний үйлдвэрлэл түр саатжээ

“Цэвэр
агаар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах
зорилгоор утаагүй эко түлш бэлтгэх үйл ажиллагааг хэд хэдэн компани
хариуцаж байна. Тэдгээрийн нэг болох Дархан-Уул аймгийн Дархан сумын “Шарын гол энерго” ХХК-ний ерөнхий захирал Ж.Батболдоос тодрууллаа.

Тус компани дээр очиход нийслэлийн хэрэглэгчдэд шахмал түлш нийлүүлэх зорилготой үйлдвэрлэлийн ажил түр зогссон байв.

-Шахмал түлшийг ямар технологиор үйлдвэрлэдэг вэ. Одоо үйлдвэрлэл явж байна уу?

-Өндөр
буюу 500-600 градусын температурт нүүрсийг шатааж, гарсан хагас коксыг
0-16 мм-ийн хэмжээтэй нунтаглаад анхан шатны бункерт оруулж
барьцалдуулагч материал болох төмс, улаанбуудай, эрдэнэшишийн цардуул
нэмж ууранд оруулж шахаад урьдчилсан хатаах төхөөрөмжид оруулдаг. Энэ
төхөөрөмж дээр одоогоор түр завсарлага гараад байна. Урьдчилсан
хатаалтын дараа гүйцээн хатаахад оруулдаг.

– ТЭЦ-II-ын гаргадаг шахмал түлшнээс ямар ялгаатай вэ?

-ТЭЦ-II
дээр шингэрүүлсэн шилээр барьцалдуулагч хийдэг бол энд цардуулаар
хийдэг. Хаягдал гарахгүй. Анх 2005 онд Монголоос олборлодог 10-аад
төрлийн нүүрсний дээжийг ХБНГУ руу явуулж онцлогийг нь шинжлүүлж ямар
барьцалдуулагч хэрэглэвэл тохиромжтойг тодруулсан. Дэлхийн жишиг бол
цардуулаар барьцалдуулдаг юм билээ.

-Нэг айл өвөлдөө хэр хэмжээний шахмал түлш хэрэглэдэг бол?

-Нэг
өрх өвлийг давахын тулд дунджаар таван тонн түүхий нүүрс хэрэглэдэг.
Хүрэн нүүрс 3000-3500 килокалори илчлэгтэй. Нэг тонн шахмал түлш 2-2,5
тонн нүүрсийг орлож чадна. Онцлог нь шахмал түлшнээс утаа гарахгүй.
Хагас коксжуулах шат дээр дэгдэмхийг нь арилгадаг.

-Үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?

-Хүчин
чадал нь 25000 тонн хагас кокс боловсруулна. Энэ хүчин чадлаа бүрэн
ашиглахад саад болж байгаа зүйл нь хатаалтын цех. Шинэчлэх шаардлагатай
байгаа гэлээ.

Хатаах цехээс болж шахмал түлшний үйлдвэрлэл
саатсанаас гадна төмөр замын тээвэрлэлт ч нөлөөлж байгаа ажээ. Вагон
тавьж өгөөч гэж хүссэн өдөр нь тавиад өгвөл тээвэрлэлт хялбар болно гэж
үйлдвэрийн удирдлага хэлж байлаа. Мөн шахмал түлшний өртөг өндөр гарч
байгаа юм байна. Түлшээ нийлүүлж чадаж байвал “Цэвэр агаар” сангийн
хувьд санхүүжилтийг саадгүй хийж байгаа ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж