Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч ирээгүйгээс шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч ирээгүйгээс шүүх хурал хойшлов

Өмнө
нь цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өмгөөлөгч
нь хавтаст хэрэгтэй танилцаагүй, ирээгүй гэсэн шалтгаанаар хэд хэдэн
удаа хойшилж байсан билээ. Түүнтэй нэгэн адилаар Ардчилсан намын
нэхэмжлэлтэй Увс аймгийн УИХ-ын сонгуулийн 15-р тойргийн хороонд
холбогдох хэргийг өнөөдөр тус аймгийн Захиргааны хэргийн шүүх шүүхээр
болоод байсан ч мөн л хойшиллоо.

Хойшлох болсон шалтгаан нь
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч ирээгүй, МАН-аас хариуцагчаар
оролцож буй А.Төрбат гэгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэнэ.
Тиймээс Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх уг хурлыг энэ сарын 22-нд
хийхээр болжээ. Шүүх хурлаар, Увс аймагт болсон 2012 оны Улсын их хурлын
сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан,
сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш сурталчилгаа явуулсан,
сонгуулийн хуулиар хориглосон бэлэн мөнгөний амлалтыг өгсөн, түүндээ
төрийн албан хаагчдыг татан оролцуулсан зэрэг маргаантай асуудлыг
шийдвэрлэх байсан юм. Хэрвээ УИХ-ын 15-р тойрог буюу Увс аймгийн
тойргийн хорооны хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдох юм бол МАН-аас нэр
дэвшигч Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн нарыг нэрсийн жагсаалтаас хасах,
гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгож санал хураалтын дүнг хуульд
нийцүүлэн дахин гаргах шийдвэр гарах юм. СЕХ-ноос Увс аймгийн тойргийн
хороог татан буулгах шийдвэр гаргасан учраас шүүх хуралд хариуцагчаар
СЕХ-ны төлөөлөл оролцох гэнэ. Харин МАН-ыг А.Төрбат гэгч төлөөлөн
оролцох юм.
 
Дашрамд дурьдахад, сонгогчдод бэлэн мөнгө тараасан
Увс аймгийн МАН-ын дэд дарга н.Жамсран тэргүүтэй хүмүүст холбогдох өөр
нэгэн хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж дуусаад прокурорт
шилжүүлэн, прокурор ялын дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн шүүхт
шилжүүлээд буй юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,
Ч.Хүрэлбаатар нар “Тийм хэрэг огт байхгүй, бид олонхийн саналыг авсан.
Хууль хяналтын байгууллага биднийг шалгаагүй” гэж сонин, хэвлэлүүдэд
өгсөн ярилцлагадаа худал ярьж байсан юм.

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж