Хавдрын эсрэг үндэсний аяныг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Хавдрын эсрэг үндэсний аяныг танилцуулав

Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТВ, “Хаан банк” хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хоёр жилийн туршид хэрэгжүүлсэн бол өнөөдөр уг аяны болон сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны талаар мэдээлэл хийв.

Энэ аян нь хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болоод буй хавдрын өвчнийг эрт шатанд илрүүлэх, тэмцэх зорилготой бөгөөд хоёр жилийн хугацаанд бүх аймаг, сум, нийслэлийн дүүргүүдийг хамарсан ажээ. Ингэхдээ хавдрын эрт үед байгаа эрсдэлт бүлгийн иргэдийг Толгой, хүзүүний мэс засал, хавдрын ерөнхий үзлэг, хэв авиа, дүрс оношлогоо, эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар гээд нийт 40 мянган иргэдийг үзлэгэд хамруулсан байна. Бодит үзлэг оношлогооноос гадна 2600 гаруй эмч, сувилагч нарын эмчилгээний арга зүйн талаар мэдлэгийг дээшлүүлжээ. Өнгөрсөн жил хорт хавдрын 114 шинэ тохиолдлыг илрүүлсэн нь  аяны бодит үр дүн болох тухай албаныхан онцолж байна.

Харин цаашдаа аяныг үргэлжүүлэн 12 дугаар сарын 12-нд орон даяар бүх дунд сургуулийн ахлах ангийнханд өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв хооллолтыг таниулах сургалт хийх ажээ.

Сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна

Хавдрын өвчнийг эрт шатанд нь илрүүлэхийн хэрээр эмчлэгддэг энэ өвчний талаарх үнэн зөв мэдээлэл олгох, ард иргэдийг сайн дураараа оношлуулахыг уриалсан сэтгүүл зүйн бүтээлийн уралдааныг “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулагчдаас зарлаж байна. Хоёр дахь жилдээ болж буй уг уралдаан 15 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийн сэтгүүлч оролцох боломжтой гэнэ. Ирүүлсэн бүтээлүүдээс шилдгийг шалгаруулах ч хамгийн олон бүтээлээр оролцсон хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөн урамшуулахаараа онцлог юм байна.  Уралдааныг өнөөдрөөс эхлээд 12 дугаар сарын 14-нийг хүртэл зарлаж буй.

Бүтээлийн агуулга:

  • Хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудыг олон нийтэд таниулах,
  • Хавдар үүсгэгч эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах 
  • Эрт үед нь илрүүлсэн хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой тухай эерэг ойлголт өгөх
  • Хорт хавдрыг даван туулсан бодит хүний жишээ, баримтан дээр тулгуурлах
  • “Хавдрын эсрэг аян” –ы зорилго, үр дүн, холбогдлыг сурталчлах.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Телевизийн бүтээлийн хувьд үргэлжлэх хугацаа 15 минутаас дээш
  • Сонин, сэтгүүл, вебсайтын бүтээл А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан байх

Нэг уран бүтээлч хэдэн ч бүтээлээр оролцож болох ба хэл найруулгын шаардлага хангасан баримтад тулгуурласан, сэтгүүл зүйн болон эмчийн ёс зүйг сахисан, бусдын нэр хүндэд халдахгүй байх ёстой юм байна. Уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ –ын oyuniidarhlaa@yahoo.com хаягаар 12 дугаар сарын 14-ний өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авах ажээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус төрийн бус байгууллагын 328734 дугаарын утсанд хандан лавлах боломжтой юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж