БНСУ эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

БНСУ эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох уу?

Энэ жил Монголтой ойр дотно харилцаатай цөөнгүй оронд Төрийн тэргүүний сонгууль болж байна. Өчигдөрхөн АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж Барак Обама улиран сонгогдсон бол өнөөдөр БНХАУ-д ХКН-ын 18 дугаар их хурал эхэлж, удирдлагаа шинэчлэх гэж байна.

Тэгвэл ирэх арванхоёрдугаар сарын 19-нд БНСУ-д  Ерөнхийлөгчийн 18 дахь удаагийн сонгууль болох гэж байгаа юм. Тус сонгуульд нийтдээ улс төрийн намуудаас дөрөв, бие дааж таван хүн нэрээ дэвшүүлжээ. Гэхдээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн их боломжтой гурван нэр дэвшигч байгааг БНСУ-ын хэвлэлүүд онцолж байна. Тэдгээр нь Сенүри намаас нэр дэвшигч хатагтай Пак Гын Хе, Минжүтунгхаб намын Мүн Че Ин , бие даан нэр дэвшигч Ан Чол Сү нар ажээ.

Рейтингээрээ хамгийн өндөр яваа хатагтай Пак Гын Хе нь БНСУ-ыг өнөөгийн төвшинд хүртэл үсрэнгүй хөгжих эхлэлийг тавьсан Ерөнхийлөгч агсан Пак Жон Хи-н охин юм. Нэр дэвшигч Пак Гын Хе хэрвээ  Ерөнхийлөгч болбол Төрийн тэргүүний суудалд суух ёслолдоо Хойд Солонгосын Ардын армийн Ерөнхий командлагч   Ким Жонг Ын-ийг уг ёслолд урьж оролцуулна гэжээ. Хоёр Солонгосын уур амьсгалыг зөөлрүүлэх томоохон алхмын нэг нь үл ойлголцлыг арилгаж бүх талаар харилцах явдал гэж нэр дэвшигч хатагтай Пак Гын Хе мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Хэрэв БНСУ эмэгтэй Ерөнхийлөгчтэй болбол тус улсад ихээхэн өөрчлөлт, шинэчлэлт болно гэж ажиглагчид үзэж байгаа ажээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж