Чингисийн өдрийг билгийн тооллоор тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Чингисийн өдрийг билгийн тооллоор тэмдэглэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Анх өргөн барьсан төсөлд жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэхээр оруулж ирсэн байв. Харин хэлэлцүүлгийн шатанд билгийн тооллыг барьж, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн үзэж, тэмдэглэх нь илүү итгэл үнэмшил хүлээнэ хэмээн үзэж өөрчлөн найруулсан юм. Учир нь судлаачид одоо хэр нь Чингис хааны төрсөн өдрийг баттай тогтоож чадаагүй байгаа. Тиймээс олон нийтийн дунд дуусашгүй маргаан үүсгэнэ хэмээн үзэж, цагаан сарын шинийн 1, 2-ны өдрийг товлож ирсэн билгийн тооллоо барих нь зүйтэй хэмээн үзжээ. Ингээд чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх шатанд дээрх саналын томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжиж баталлаа.

Мөн энэхүү хуулийн төсөл батлагдсанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тохиодог Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амрахгүй болж шийдвэрлэгдлээ. Учир нь УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх шатанд “Тусгаар тогтнолын өдөр амардаг байя” гэсэн горимын саналаар санал хураалгахад олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амардаг байя гэсэн горимын санал гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан аж. Тиймээс жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Тусгаар тогтнолын өдөр тохиох ч бүх нийтээр амрахгүй байх болж буй юм.

Нэг зүйлийг онцолход УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулах ёстой ч 10.00 цагт чуулган эхлээгүй тул цаг сунган үргэлжлүүлж байгаа юм. Одоо чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж