Оны шилдэг хүний нөөцийн менежер шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Оны шилдэг хүний нөөцийн менежер шалгаруулна


Монголын мэргэшсэн хүний нөөцийн менежерүүдийн холбооноос зохион явуулдаг “Оны шилдэг хүний нөөцийн менежер-2012” уралдаан энэ жил гурав дахь удаагаа зохиогдох гэж байна. Уралдаан 2012 оны арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Чингис хаан” зочид буудалд явагдана.

“Орчин үед байгууллагын өрсөлдөх чадвар тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, ур чадвар, нэр хүндээр тодорхойлогдох болжээ. Хариуцлагатай, өндөр ур чадвартай, уян хатан хүний нөөц бол тогтвортой өрсөлдөх давуу талын гол үндэс юм. Иймээс   байгууллагын удирдлагын системийн цөм нь хүний нөөцийн асуудал болж байна.  Үүнтэй холбоотойгоор үндэсний хэмжээний томоохон төдийгүй жижиг, дунд байгууллагын  удирдлагууд хүний нөөцийн асуудалд онцгой ач холбогдол өгч, энэ салбар нэгжийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд байх шаардлага тавьдаг  болжээ. Иймээс  хүний нөөцийн салбарт ажиллах мэргэжлийн баг болоод мэргэшсэн удирдах ажилтан, менежерүүд  эрэлттэй болж байгаа ч  тэдний нийлүүлэлт хангалтгүй байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэх нь  мэргэжлийн холбоодын өмнө тавигдаж буй сорилтуудын нэг” хэмээн уралдааны удирдамжид дурджээ.

Өмнөх жилүүдийн ажил мэргэжлийн  уралдаан нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргүүдээс сонгон шалгаруулалт, карьер хөгжлийн төлөвлөлт, хөдөлмөрийн эрх зүй ба харилцааны ур чадварыг бүлгийн үнэлгээний төв (assessment center)-ийн  аргачлалаар  үнэлэхэд чиглэж байсан. Харин энэ жилийн ажил мэргэжлийн уралдааны онцлог нь хүний нөөцийн менежерүүдийн мэргэжлийн карьерын тулгуур багана-суурь ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх зорилгоор түүнийг хангах мэдлэг, ур чадварын түвшинг олон улсын жишигт нийцсэн сорил, шалгуураар үнэлж шалгаруулах аж.

Уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд хоёрдугаар шатнаас шалгарсан эхний гурван хүн шагналтай байх юм. Тухайлбал, нэгдүгээр байр эзэлсэн хүн цом, алтан медаль, “Оны шилдэг HR менежер” цолоор шагнагдаж 1500000 төгрөгийн мөнгөн шагнал авах бол хоёр гуравдугаар байр эзэлсэн хүмүүс мөнгө, хүрэл медаль, 500.000-гаас нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Тусгай байр эзэлсэн хүмүүс компаниудын нэрэмжит шагналын эзэд болох аж. Уралдааныг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хамтран зохион байгуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж