Тэгвэл, ОХУ-ын жүдо бөхийн холбооноос санаачлан IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулах 66 кг-ын жингийн дэлхийн шилдэг жүдочдын халз тулаанд дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглохоор болжээ. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд зодоглох шилдэг 16 бөхийг сонгохдоо сүүлийн хоёр жилийн хугацаанд IJF-ийн чансаа өндөр тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг голчлон дүгнэсэн байна. Жүдо бөхийн татамид сүүлийн хоёр жилд босоо байсан шилдгүүдийн дунд Монгол Улсын тамирчин Х.Цагаанбаатар багтсан бөгөөд ОХУ-ын жүдо бөхийн холбооноос түүнд албан ёсоор урилга илгээж, 66 кг-ын шилдэг 16 бөхийн халз тулаанд зодоглохыг хүсчээ. Түүний хамт Алим Гаданов, Муса Могушков /хоёул ОХУ/, Масаши Эбинума, Жүнпей Моришита /хоёул Япон/, “Лондон-2012” олимпийн аварга, Гүржийн Лаша Шавдатуашвили нарын жүдочид Тюмень хотноо өрсөлдөх юм байна.
Хойд хөршийн Тюмень хотноо арванхоёрдугаар сарын 15-нд хийхээр товлосон тус тэмцээний шагналын сан 60 мянган евро бөгөөд түрүүлсэн бөх 30 мянган евро хүртэх аж.