
Америкийн продюсер, зохиолч Накула Бэссли Накулагийн бүтээсэн "The Innocence of Muslims" хэмээх лалын шашны их зөнч Мухаммедийн тухай өгүүлэх киноны трейлер өнгөрсөн долдугаар сард “Youtube”-д тавигдсанаар лалын шашинтнуудын уур бухимдлыг төрүүлэн Хойд Африк, Ойрхи Дорнод, Азийн лалын орнуудад эсэргүүцэлтэй тулгарсан юм. Түүнчлэн тус киног эсэргүүцсэн жагсагчид Ливийн Бенгази хотноо суух АНУ-ын Элчин сайдын яам руу довтолж, Элчин сайд болон гурван дипломат ажилтны аминд хүрсэн билээ. Үүний дараа АНУ-ын Лос-Анжелесийн цагдаагийн газраас өнгөрсөн есдүгээр сард олон улсад үймээн самуун “дэгдээсэн” гол эзэн Накула Бэссли Накулаг баривчилсан юм. Гэхдээ түүнийг дээрх үймээн самуунтай холбоотой хэргээр бус хугацаанаас өмнө суллагдах нөхцлийг зөрчсөн гэх шалтгаанаар баривчилсан бөгөөд өчигдөр шүүхээс түүнд энэ хэргийн дагуу нэг жил шоронд хорих ял оноожээ. Накула Бэссли Накула нь өнгөрсөн 2010 онд Калифорнийн шүүхээс залилан хийсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсож, хугацаанаасаа өмнө суллагдаад байсан юм. Накула Бэссли Накула хугацаанаас өмнө чөлөөлөгдөхдөө интернэтэд орж болохгүй, уран зохиолын нэрээ цагдаагийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй гэсэн үүрэг хүлээсэн байжээ. Гэвч тэр уран зохиолын нэрээ ашиглан "The Innocence of Muslims" кино хийж, түүнийгээ интернэтэд тавьсан нь араасаа олон асуудал дагуулсан юм.
Б.АНХТУЯА