Дээр дурдсанчлан олон жил ярьсан ч одоог хүртэл бирж байгуулагдаагүй, арилжаа хийгээгүй л байна. Мэдээж хэрэг цахим орчинд арилжаа хийх нь тийм амар бус, цахим сүлжээ, программ хангамж, боловсон хүчин, иргэдийн мэдлэг, түүхий эдийн агуулах гээд асуудал зөндөө бий. Энэ талаар ч бид өмнө нь олонтаа хөндсөн. Харин яг өнөөдрийн байдлаар ажил нь ямар байна вэ?
Одоогийн байдлаар ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн биржид оролцогч буюу түүхий эд арилжаалах брокерыг чадавхижуулах сургалт хийж байна. Ойрын хугацаанд биржийн компани байгуулах асуудлыг Засгийн газраас шийдвэрлэх ажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн гол бэлтгэл ажлыг зангидах учиртай компаниа байгуулж тамга, дардас тэмдгээ авахаар хүлээж буй. Энэ бүгд шийдэгдвэл арилжаа хийх программ хангамж, барилгын бүтээн байгуулалтын ажил руугаа орно. Тэр нь ч бас их ярвигтай. Нэг нь шийдэгдэхээр нөгөө ажил нь хүлээгдэж байдаг “монгол уламжлал” ёсоор олон ажил шийдлээ хүлээсэн хэвээр байгаа аж..
Биржийн арилжаанд оролцогчид мэдээж хөдөө орон нутгаас хандах наад зах нь интернэтийн найдвартай сүлжээтэй байх гэх мэт тул бэлтгэл ажил хэрэгтэй. Гэхдээ орон нутгийн харилцаа холбоо, сүлжээ, санхүүгийн байгууллагын байдал, нөөц арилжаа явуулахад хангалттай гэж үзжээ. Хөдөө аж ахуй гаралтай бараа, түүхий эдийн бирж нь цахим орчинд суурилах бөгөөд түүхий эд нийлүүлэгчид, малчид брокерийн компаниар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах юм. Нөгөө талаас худалдан авагчид биржид хандан мөн нь брокерийн компаниар дамжуулан хэрэгцээт хэмжээний бараа бүтээгдэхүүнээ худалдаж авах юм. Тэгвэл тэднийг холбож байх брокерийн компаниудыг ченж биш гэдгийг яаж мэдэх юм бэ? Хамгийн гол нь ченжийн дамжлагыг хална гээд байгаа бирж өөрөө ченжүүдийн цуглуулга болох юм биш биз гэж иргэд ихээр хардаж байгаа. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо хянаж ажиллах бөгөөд брокеруудад тодорхой шаардлага тавина. Энэ дагуу арилжааг утгаар нь явуулж чадах брокер буюу биржийн боловсон хүчнийг бэлтгэж байна.
Урьдчилсан судалгаагаар эхний ээлжинд ямааны ноолуур, хонины ноос, улаанбуудай, амьд малыг биржээр арилжих боломжтой бөгөөд гэхдээ жижиглэнгээр бус багцалж худалдана. Бараа, түүхий эдийг чанар, стандартын дагуу бэлтгэсэн эсэхийг сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт бүртгэж, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргах юм байна. Ингэхээр хуучирч муудсан, агуулахад удаан хугацаагаар хадгалсан бүтээгдэхүүнийг худалдахгүй гэж байна. Энэ их чухал. Үүний тулд агуулах савны багтаамж, чанарын стандартад төрөөс багагүй дэмжлэг үзүүлж байгаа гэх юм билээ. Үүндээ одоо улсын хэмжээнд байгаа 385 мянган ам метр талбай бүхий агуулахуудыг ашиглах ажээ.
Хүлээлт дагуулсан биржийн тухай хууль энэ оны зургадугаар сараас эхлэн хэрэгжиж, бирж байгуулах зөвлөлийг бүрдүүлсэн. Энэ хугацаанд хууль эрх зүйн орчинд нь бэлтгэл ажлуудыг хийж эхэлсэн нь төдийлөн урагштай байгаагүй. Гэхдээ одоо биржийн ажлыг нэлээд эрчимжүүлж байна. Одоо биржийн үйл ажиллагааг хариуцан ажиллах компани байгуулах шийдвэр хүлээгдэж буй бөгөөд албаныхан нь хэзээ гэсэн тодорхой хариултыг өгөх боломжгүй гэх юм. Компаниа байгуулбал оролцогч талуудаа мэдлэг, мэдээллээр бүрэн ханган, программ хангамжаа бэлэн болгон, барилгаа бариад, түүхий эдээ татна гээд олон ажил байгаа гэж тооцвол дараа жилийн намар ажил нь жигдрэх юм уу даа. Энэ хүртэл малчид, брокеруд зүгээр суухгүй зах зээлийн орчноо судлаж, арилжааны боловсролоо дээшлүүлж байх нь.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдсанаар малчдад бараа, түүхий эдийн үнэ, зах зээлийн талаарх ил тод, бодитой мэдээллийг шуурхай, тасралтгүй хүргэнэ. Ингэснээр малчид хөдөлмөрийнхөө үр шимийг бодит үнэлүүлж, түүхий эдээ яаж борлуулах вэ гэж толгойгоо гашилгахаа больж, өрхийн орлого тогтворжих юм байна. Тэгвэл компаниудын хувьд түүхий эдээ олон шат дамжлагаар авалгүйгээр түүхий эдийн хомсдолд орохгүй болж, цаашлаад улс орны хувьд түүхий эдийн дам худалдааг цэгцэлж, далд эдийн засагтай тэмцэх нэгэн гарц болох гэнэ. Худалдааны салбарын алдагдлыг хөдөө аж ахуйн салбар нөхөх учиртай хэмээх бодлогын гол цэг нь энэ. Бирж бүрэн утгаараа ажиллаж чадвал үндэсний үйлдвэрлэлийнхэн нөөц чадлаа бүрэн ашиглан дотоодынхоо хэрэглээг хангаж, гадаадад экспортлох боломжтой болох юм байна.