Шууд ардчиллын давалгаа орон нутагт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Шууд ардчиллын давалгаа орон нутагт эхэллээ

Иргэд төлөөллийн ардчиллаар дамжуулж төр, засгийн үйл ажиллагаанд оролцдог байсан бол шууд ардчиллын зарчимд шилжиж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Хүний эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилго бүхий “Шууд ардчилал – Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг өмнө нь нийслэлийн дүүргүүдэд хэрэгжүүлсэн бол энэ арваннэгдүгээр сараас орон нутгийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж эхлээд байна.

Энэ сургалтыг өчигдөр Дархан-Уул аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдан явууллаа. Энэ үеэр иргэд ардчиллын үйл ажиллагаанд хэрхэн өөрсдөө шууд оролцох талаар номын дуу сонссон юм. Сургалтыг зохион байгуулагчид Монголд шилжилтийн үе үндсэндээ дуусч шууд ардчиллын давалгаа эхэлж байгааг хэлж байв.

Шууд ардчилал хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар наймаас 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Иргэд төрийн сонгуульд дөрвөн жилд ганц өдөр оролцох бус төр, засгийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломж “Шууд ардчилал”-ыг хэрэгжүүлснээр бүрдэнэ гэдгийг сургалтын үеэр онцолж байлаа.

Ирэх 2013 оноос Монгол Улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг шинэ механизмаар хэрэгжүүлж, цоо шинэ эрх зүйн орчин бүрдэх гэж байгаа юм. Өмнө нь төсвийн наймхан хувь л Монголын 2,7 сая иргэнд хамаатай байсан бол шинэ орчин бүрдсэнээр төсвийн хөрөнгийн 30-40 хувь нь ард иргэдэд “наалдах “ боломжтой гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан үзэж байгаа бөгөөд тун удахгүй энэ талаар хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж буй ажээ. Ирэх жилээс Орон нутгийн хөгжлийн санг байгуулна. Түүнийг захиран зарцуулах, тайлагнах үлгэрчилсэн журам гаргах юм байна. Үүний хүрээнд ашигт малтмалын лицензийг аймаг, сумын ИТХ-аар хэлэлцэж шийддэг болох аж.

Сургалтын үеэр лектор Б.Баттүвшин мөнхийн хөдөлгөөнд оршдог ардчилал дараагийн шинэ шатандаа дэвшиж байгааг танилцуулсан бол лектор Д.Цогтсугар монголчууд амьдралын дайсан болсон архи, тамхинаас татгалзаж, элдэв мухар сүсэгт авталгүй эрүүл саруулаар сэтгэн ардчиллаа гүнзгийрүүлэх ёстой гэсэн юм.

Дархан хотод бага насаа өнгөрөөн дэлхийд данстай тамирчин болох гараагаа эхэлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дарханчууд спиртээс татгалзан спортыг сонгож эрүүл чийрэг иргэд болох ёстойг, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалав.

Дархан хотын уугуул, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд энэ онд тэмдэглэж буй эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойтой холбоотой сэдвийг хөндлөө. Хагас зуун жилийн өмнө Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэснээс болж төр, засгийн удирдах ажилтнууд ажлаасаа хөөгдөж цөлөгдөж, хэлмэгдэж байсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 850 жилийн ойг тэмдэглэдэг болтлоо ардчилал хөгжөөд буйг хэлсэн юм. Ардчилалд эмэгтэйчүүдийн оролцоо их байгааг мөн онцоллоо. Чингис хааны үеэс монгол эмэгтэйчүүд төрийн хэрэгт оролцож байсан, дэлхийн анхны дипломатч эмэгтэй Монголынх байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх уриалгыг НҮБ-д дэвшүүлсэн зэргийг энэ үеэр дарханчуудад сонирхууллаа.

Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж