
Зүүн өвдгийн гэмтлийн улмаас гурван сарын хугацаанд талбайд гарах боломжгүй болсон довтлогч Дэнни Гренжерийн талаар өнөөдөр “Индиана Пейсерс”-ийн зүгээс мэдээлэл хийлээ. Энэ улиралд централ дивизоныг тэргүүлж, плей-оффт өндөр амжилт үзүүлнэ гэж найдаж байсан тэдний хувьд дээрх мэдээ хүнд цохилт болсон нь гарцаагүй. Өнгөрсөн улиралд багаа тэргүүлэн тоглож, нэг тоглолтод 18,7 оноо дунджилж, Бүх оддын тоглолтод анх удаа оролцсон Дэнни Гренжер тоглолт шийдэгдэх чухал үед довтолгоо хийх “Пейсерс”-ийн эхний сонголт билээ. “Хэдий түүнийг алдсан ч манай баг маш сайн баг. Бусад тоглогчид түүнийг орлон сайн тоглох боломжтой” гэж багийн дасгалжуулагч Фрэнк Вогэл мэдэгдлээ. Үнэхээр ч “Пейсерс”-ийн сэлгээний баг лигт дээгүүр амжилт үзүүлэхэд багтаа чухал нөлөө үзүүлэх боломжтой биоээ. Түүнийг эзгүйд багийн гол ачааг үүрэх тоглогчоор Пол Жорж байхыг олон мэргэжилтнүүд нэрлэж байна. Энэ нь ч Жоржид өөрийгөө ямар хэмжээнд тоглож чадах тоглогч гэдгээ харуулах сайхан нөхцөл болж байна.
Score Studio