
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны улсын бүртгэгч Я.Очиртөгс: ПРОГРАММЫН АЛДАА ГАРСАН 100 ГАРУЙ ХҮНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ ИРЭЭГҮЙ
-Манай хорооны 6000 гаруй иргэн цахим үнэмлэх авах ёстой. Үүнээс 5459 нь таарагдчихаад байна. Үлдсэн үнэмлэхүүд нь хаягандаа байдаггүй хүмүүсийн үнэмлэх юм. Мөн 170 гаруй иргэн гадаадад байдаг учир үнэмлэх нь ирээгүй. Түүнчлэн хаяг давхардсан, зураг нь алдаатай гэх программын алдаа гарсан 100 гаруй хүний цахим үнэмлэх ирээгүй. Цахим үнэмлэхээ авахдаа иргэн заавал өөрөө ирнэ гэсэн шаардлага байхгүй болохоор өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэрийнхэн нь ирээд авчихсан. Манайд одоогоор 400 гаруй цахим үнэмлэх байгаа.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Зохион байгуулагч С.Ганцэцэг: ҮНЭМЛЭХЭЭ АВААГҮЙ 200 ГАРУЙ ХҮН БАЙНА
-Манай хороонд 6200 ширхэг цахим үнэмлэх ирсэн. Ерөнхийдөө тараагаад дууссан. Одоогоор 200 гаруй хүний үнэмлэхийг тараагаагүй байгаа. Эдгээр хүн нь бүгд гэрийнхээ хаягандаа байдаггүй. Гэрээсээ гарч чаддаггүй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ах дүү, хамаатан садан нь ирээд авчихсан. Ер нь иргэд цахим үнэмлэхээ авахад ямар ч хүндрэл байхгүй. Ургийн овог нь солигдсон, хаяг давхардсан, зурган дээрээ онцгүй гарсан гэх гомдол гаргасан 40 гаруй хүнээс судалгаа авч, хүснэгтлээд дүүргийн бүртгэлийн хэлтэс рүү явуулчихсан. Эдгээр хүний үнэмлэх Орон нутгийн сонгуулиас өмнө гарчихна гэсэн.
Гэр хороолол ихтэй дүүргийн хороодод хөдөө орон нутгаас нүүж ирсэн иргэд их байдаг. Тэдгээр хүн хаягийн шилжүүлгээ хийлгээгүй учир хөдөө орон нутагт нь цахим үнэмлэх нь гарсан ч авахгүй байх тохиолдол их гарч байгаа аж. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны улсын бүртгэгчтэй ярилцаж байхад нэгэн өндөр настан “Зургаан сарын өмнө хөдөөнөөс нүүж ирсэн. Хурууны хээгээ өгөх боломж байгаа болов уу” гэсээр орж ирсэн юм. Тэрбээр одоо амьдарч буй газрын харьяа хороондоо бүртгүүлээгүй бөгөөд өмнө нь амьдарч байсан сумандаа ч хурууны хээгээ өгөөгүй гэсэн. Тиймээс энэ өндөр настан болон ар гэрийнхэн нь бүгд Орон нутгийн сонгуульд оролцохгүй.
Нийслэлд цахим үнэмлэх тараах явц иймэрхүү байдалтай байна. Харин хөдөө, орон нутагт ямар байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодруулсан юм.
-Цахим үнэмлэхийг хэвлэж дууссан гэж байсан. Тараах ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажил улсын хэмжээнд 99.2 хувьтай үргэлжилж байгаа. Иргэдийн гарт олгох тухайд улсын хэмжээнд 93.6 хувьтай байна. Өөрөөр хэлбэл нэг сая 700 гаруй мянган иргэн, цахим үнэмлэхийг гар дээрээ авсан. Үүнээс нийслэлд 96 хувь, орон нутагт 97 орчим хувьтай байна. Нийслэлийн дүүргүүдэд 90-ээс дээш хувьтай, хөдөө орон нутгийн 21 аймгаас 19 аймаг нь 90-ээс дээш хувьтай байна. Цахим үнэмлэхийг тараах ажил Баян-Өлгий, Өвөрхангай аймгуудад удаашралтай байна. Эдгээр аймагт 20 орчим хувьтай үргэлжилж байгаа учраас Ерөнхий сайд Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэний цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу нэлээд хэдэн ажлыг зохион байгуулж, хөдөө орон нутгийн бүртгэлийн хэлтсүүдэд хүргүүлсний үр дүнд улсын хэмжээнд 90 гаруй хувьтай явж байна. Дээр хэлсэн Өвөрхангай, Баян-Өлгий аймгуудад газар дээр очиж, хэвлэх ажилтай танилцахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл орон нутагт 80 гаруй хувьтай, нийслэлд 90 гаруй хувьтай үргэлжилж байхад тус хоёр аймагт 20 гаруй хувьтай явж байгаа. Ямар учраас ийнхүү удаашралтай байгааг тодруулахаар ажиллах юм. Манай байгууллагын зарим удирдлага өчигдөр (уржигдар) Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтэс дээр очиж ажилласан.
-Иргэд цахим үнэмлэхээ авахдаа харьяа сум, хорооноосоо очиж авч байгаа. Очиж авч чадахгүй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ажлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үнэмлэхийг тараах явцыг эрчимжүүлэхэд чиглэсэн ажлын хэсэг сум, хороодод ажиллаж байгаа. Иргэд харьяа сум, хороон дээр очиж авахаас гадна манай ажилчид тухайн сум, хорооны ажилчидтай хамтран баг болж, иргэдэд хүргэх ажлыг хийсээр байна. Тухайн ажилтнууд маань судалгаа гаргаж, хаана байгаа газарт хүргэж өгч байгаа.
Тэрбээр ийн ярьсан юм. Ямартай ч хаягандаа байдаг иргэд цахим үнэмлэхээ авчээ. Харин нүүж ирчихээд шилжүүлгээ хийлгээгүй, программын алдаатай, гадаадад амьдардаг гэх зэрэг шалтгаанаар аваагүй хүмүүс нэлээд байгаа аж.
