АНУ-ын үйлдвэрлэл өнгөрсөн сард нэмэгдсэн. Сүүлийн хоёр сар дараалан ийм таатай үзүүлэлттэй байгаа нь АНУ-ын түүхий эд, металлын эрэлт ихсэнэ гэх хүлээлтийг бий болгосон юм. Өнгөрсөн сарын сүүлчээр Хятадын Засгийн газар ч бас үйлдвэрлэлээ тэлэхээр болсон. Дэлхийн зэсийн эрэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг тус улсын эрх баригчдын энэ шийдвэр металлын зах зээлд чухал нөлөө үзүүлдэг билээ. Энэ бүхнээс үүдээд “Дараагийн хэдэн сарын турш зэсийн ханш чангарна” гэх таамгийг “RJ O’Brien”-ын шинжээч Филлип Стрейбел дүгнэжээ.
Хятадын хувьд хөнгөн цагаан, зэс гэх мэт голлох металлуудыг их хэмжээгээр нөөцөлж авах бололтой. Энэ талаар “Ройтерс” мэдээлжээ. Ингэж байгаа гол шалтгаан нь зэс тэргүүтэй металлын эрэлт суларснаас болж Хятадын уул уурхайн компаниуд алдагдал хүлээж эхэлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зэсийн эрэлтийг зохиомлоор өсгөх замаар алдагдлыг арилгахыг оролдож байна. Хятадын хувьд иймэрхүү байдлаар агуулахдаа түүхий эд нөөцөлдөг жишиг 2008 оны санхүүгийн хямралаас хойш бий болжээ. Тухайн үед энэ нь Хятадын металлын импортыг ч бас нэмэгдүүлж байв. Ямартай ч одоогийн байдлаар 165 мянган тонн баяжуулсан зэс худалдаж авахаар зэхэж байгааг Хятадын албаны эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн өнөөдөр болох Хятадын Коммунист намын их хурал ч зэсийн зах зээлд тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Учир нь тус улсын Ерөнхийлөгч болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд солигдсоны дараа төв банк нь мөнгөний бодлогоо тэлнэ гэх хүлээлт байгаа. Гэхдээ энэ бүхэн нь Хятадын шинэ Ерөнхийлөгч болох магадлалтай Ши Жинпиний бодлогоос бүрэн хамаарах юм.
Энэ оны эхний хоёр улирлын байдлаар Хятадын эрэлт буурсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи хамгийн бага үзүүлэлтэд хүрсэн юм. Энэ нь тус улсын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн хөргөх бодлогын үр дүн гэж шинжээчид дүгнэдэг. Гэхдээ үүнээс болж ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх гэх мэт олон сөрөг нөлөө гарч байгаа билээ. Мөн олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсан юм. Харин одоо бүтээн байгуулалтын салбарт олон ажил хийхээр төлөвлөж, хямралын эсрэг сөрөх бодлого явуулах төлөвтэй байгаа нь түүхий эд, металлын зах зээлд эерэгээр нөлөөлж байна.
Эрэлт талаасаа бол ийм байна. Харин нийлүүлэлт талаасаа ямархуу байгаа вэ. Зэсийн олборлолтоороо тэргүүлдэг Индонезийн “Grasberg”, Чилийн “Escondida”, “Collahuasi” зэрэг уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Түүнээс гадна Чилийн “Los Broncos”, “Solobo” зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх төлөвтэй байгаа. Харин Монголын Оюутолгой, Перугийн “Antapaccay” төсөл хэдийгээр үйл ажиллагаагаа эхлэх нь тодорхойгүй байгаа гэдгийг гадны хэвлэлүүд онцолжээ. Зэс, алтны асар их нөөцтэй Оюутолгойн хувьд хэдийгээр 2013 онд үйл ажиллагаа нь жигдэрнэ гэж байгаа боловч дотоодын эсэргүүцлээс болж саатаж магадгүй гэх хүлээлт хэдийнэ олон улсад бий болсон билээ. Тиймээс энэ бүхнээс үүдээд зэсийн нийлүүлэлт төдийлөн нэмэгдэхгүй гэж “HSBC”-ийн шинжээчид таамагласан байна. Өөрөөр хэлбэл, 2013-2014 онд зэсийн үнэ харьцангуй тогтвортой байна гэж тэд үзжээ. Гэхдээ “IWC” зөвлөлөөс гаргасан мэдээлэлд дурьдсанаар болж ирэх онд зах зээлд 281 мянган тонн зэсийн илүүдэл үүсэх аж. Ирэх онд металлын биржүүд дээр нэг тонн зэсийн үнэ дунджаар 7500 ам.доллар байх таамаг бий. Харин 2014 онд энэ нь нэмэгдэж, нэг тонн нь 8000 ам.долларт хүрэх боломжтой байна. Гэхдээ энэ бүхэнд Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд хамгийн ихээр нөлөөлөх юм. Хэрэв тус улсын мөнгөний бодлого бүтэлгүйтэж, үнийн хөөрөгдөл газар аван бүтээн байгуулалтын ажлуудаа хумихаар болбол металлын зах зээл, тэр дундаа зэсийнх нэлээд доргино. Ямартай ч зэсийн ханш хэтдээ иймэрхүү төлөвтэй байх юм. Харин ойрын хугацаанд ямархуу байх вэ.
АНУ-д орон сууцны худалдаа нэмэгдсэн гэх мэдээллийн дараа зэсийн ханш ялимгүй өссөн нь саяхан. Энэ талаар “Citibank”-ний шинжээч Дэвид Уйлсон “Эдийн засагтай холбоотой мэдээлэл цацагдах бүрт биржүүдийн үнэ савладаг. Энэ жишгээр АНУ-ын үйлдвэрлэл ихэссэн тухай мэдээлсний дараа зэсийн ханш нэмэгдсэн” гэжээ. Түүнээс өмнө өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт нэг тонн зэсийн ханш огцом буурсан юм. АНУ-ын төв банк мөнгөний бодлогоо тэлэх шийдвэр гаргасны дараа буюу өнгөрсөн есдүгээр сарын 19-нд нэг тонн зэсийн үнэ 8422 ам.доллар болж байв. Харин түүнээс хойш зэсийн ханш есөн хувиар буурчээ. Гэхдээ энэ он гарснаас хойш ханш нь 4.6 хувиар нэмэгдсэн билээ. Ерөнхийдөө бол АНУ, Азийн зах зээл металлын үнэд эергээр нөлөөлж байна.
Манай улсын хувьд зэсийн бүтээгдэхүүн чухал байр суурь эзэлдэг хэвээр байгаа. Энэ оны төсвийн дийлэнхийг нүүрсний салбарын орлогоор бүрдүүлнэ гэж тооцож байсан ч тэр нь талаар болсон. Одоо төлөвлөснийхөө талд хүрэх үү, үгүй юу гэмээр нүүрсийг л экспортод гаргаад байгаа билээ. Энэ бүхнийг харгалзаж үзээд ирэх оны төсвийг хэлэлцэхдээ зэсийн ханшийг дунджаар 6328.9 ам.доллар байхаар тооцжээ. Энэ нь 2012 оны төсөөлөлтэй харьцуулахад нэлээд бага үнэ юм. Ерөнхийдөө бол зэс тэргүүтэй бусад голлох уул уурхайн бүтээгдэхүүнээс 1702.8 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөөд байгаа. Зэсийн экспортод найдлага тавьж байгаа нэг шалтгаан нь Оюутолгой юм. Хэдийгээр гадныхан энэ уурхайг “Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй” гэж үзэж байгаа ч манайхны тооцоогоор бол ирэх онд 382 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төсөвт 151.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төсөвт оруулна гэж тооцож байна. Ямартай ч зэсийн үнэ тогтвортой байх төлөвтэй байгаа юм.