Харин Кастадион банк хэзээ байгуулагдах нь төдийлөн тодорхойгүй хэвээр байна. Санхүүгийн зохицуулах хорооноос Кастадион банкны журмын төслийг боловсруулж дууссан байгаа. Тун удахгүй тус байгууллагын зөвлөлийн хурлаар оруулснаар батлах аж. Гэхдээ УИХ-д өргөн баригдаад байгаа Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахыг хүлээж байгаа юм байна. Харин Үнэт цаасны тухай хууль хэзээ УИХ дээр хэлэлцэж эхлэх нь тодорхойгүй байгаа билээ. Юутай ч намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан. Өмнө нь хэд хэдэн удаа энэ дараалалд орсон байсан ч батлагдахгүй, бүр хэлэлцэх ч үгүй байсаар өдийг хүрч байгаа юм. Магадгүй Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахгүй байх улс төрийн сонирхол байсныг ч үгүйсгэхгүй юм. Юутай ч Монголын Хөрөнгийн биржийн төгс шинэчлэлийн нэг хэсэг Кастадион банк болох учиртай. Гэтэл энэ талаар төр засаг төдийлөн анхаарахгүй байгаа бололтой.
Ингэхэд Кастадион банк гэж юу вэ. Товчхондоо Монголын Хөрөнгийн зах зээлд оролцох гэсэн гадаадынхны хүслийг биелүүлэх үүрэгтэй. Хөрөнгө оруулагчид заавал Монголд ирж цаг алдалгүйгээр МХБ-д бүртгэлтэй компаниудын хувьцааг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх боломжийг Кастадион банк нээж өгөх юм. Монголчууд бас гадаадын Хөрөнгийн биржүүдээс хувьцаа худалдан авч, хөрөнгө оруулалт хийх, ногдол ашиг хүртэхийн тулд энэ банкаар үйлчлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Кастадион банк хөрөнгө оруулагчийн мөнгө, хувьцаа, бондыг найдвартай хадгалах, хүлээн авах, шилжүүлэх, үнэт цаас худалдан авсан мөнгийг шилжүүлэх, ногдол ашиг бусад орлогыг хүлээн авах байршуулах, шилжүүлэх гэх мэт цогц үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн зах зээлийн мэдээллийг хөрөнгө оруулагчдад түгээх, гүйлгээний тайлан гаргах, үнэт цаас гаргахтай холбоотой мэдээллийг орчуулах, зохицуулагч байгууллагад хүргэх гэх мэт үйлчилгээ үзүүлэх аж.
Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг маш их сонирхох болсон. Монгол хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, урин дуудах нь дамжиггүй. Монголын Хөрөнгийн бирж ч бас хөрөнгө оруулалтын чуулган гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулж буй. Харамсалтай нь Кастадион банк байхгүй бол гадаадын хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан татах талаар бодоод ч хэрэггүй. Тийм ч учраас Кастадион банк хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Нөгөөтэйгүүр дүрэм, журам батлагдлаа гээд Кастадион банкинд ажиллах чадвартай, үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн байна уу гэх асуудал бас бий. Манай томоохон банкууд Кастадион банкны үйлчилгээ үзүүлэх талаар аль хэдийнэ судлаад эхэлжээ. Түрүүчээсээ “Голомт” банкныхан энэ талаар дэлгэрэнгүй судалгаа хийж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Банкны шугамаар бус охин компани байгуулж байж, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой. Хөрөнгийн зах зээлд банкны салбар орж ирэхийг брокер, дилерийн компаниуд нэг үе хүчтэй эсэргүүцэж байсан. Гэхдээ цаашид Кастадион болон Клиринг банкны үйлчилгээг банкууд л авч явах бололтой.