Монгол Улсын арилжааны ууган банк болох “Капитал банк”-ны санаачлагаар нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд “Бишрэлт групп” болон түүний харьяа компаниуд, “МҮОНРТ”-ийн ажилтан, албан хаагчид нэгдэхээр болжээ. Уг сайн үйлсийн аянг “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00-13:00 цагийн хооронд “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын зааланд сайн дураар цусаа хандивлах арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Сүүлийн таван жилд цусаа бэлэглэх донорын тоо тогтмол нэмэгдэж байгаа хэдий ч өсөн нэмэгдэж байгаа цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нь өвчлөлийн байдалтай харьцуулахад тийм ч хангалттай үзүүлэлт биш юм.
Иймд аюулгүй найдвартай цусны хэрэгцээг хангах гол эх үндэс болсон донорын эгнээг өргөжүүлэх, хэн нэгний алтан амийг аврахад зориулан зохион байгуулах тус арга хэмжээ нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна.
Нэг хүн цусаа хандивлахад гурван хүний амь насыг авардаг бөгөөд өнгөрсөн жилүүдийн хувьд өдөрт 10-20 хүн цусаа сайн дураар өгдөг байсан бол энэ жилийн хувьд 100-200 хүн болж өссөн байна. Өгөөмөр сэтгэлийн бэлэг дусал цуснаас.