Түүнийг улиран сонгогдох талаар өмнө нь хэвлэлийнхэн төдийлөн таамаглаж байгаагүй юм. Учир нь сүүлийн жилүүдэд нэр төрөө алдаад байсан Барак Обама халз мэтгэлцээний үеэр иргэдэд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, Засгийн газрын шинэ бодлого үр дүнгээ өгч байгаа талаар иргэдэд ойлголт өгсөн. Мөн “Сэнди” хар салхи түүнийг ялалт байгуулахад тусалсан талаар зарим хэвлэлд дурьдсан байна.
Санал хураалтын өдөр хар салхинд өртөөд байсан Нью-Йоркийн хэсэг иргэд “Бид хар салхинд бүхнээ алдсан ч Ерөнхийлөгч Барак Обаматай байхад ирэх дөрвөн жил алзахгүй” хэмээн америкчуудын сонголтод нөлөөлсөн аж. Юуны түрүүнд Обамагийн өмнө их ажил хүлээж байна. Түүнийг Ираны цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэгийн асуудал, Умард Солонгосын энхийн гэрээ, бүс нутгийн аюулгүй байдал, Ойрхи Дорнодын улс төрийн тогтворгүй байдал, тэр дундаа Ливи, Сирийн нөхцөл байдал, АНУ-ын цэрэг армийг Афганистанаас аюулгүй гаргаж дуусгах, нутгийн иргэдтэй нь энхийг сахиулах гэрээнд үзэглэж, хоол хүнсний тусламж үзүүлэх, ОХУ болон БНХАУ-ын хамтын ажиллагаа, Европын холбооны санхүүгийн хямрал, АНУ-ын эдийн засгийн өсөлт, ажилгүйдлийг бууруулах, НАТО-гийн бодлогын шинэ төсөл, төсвийн танадалт, эрүүл мэндийн даатгалын шинэ систем, татвар гэх мэт олон толгой эргэм хүнд ажлууд хүлээж байна.
Барак Обама өмнө нь буюу 2008 оны сонгуулиар “Өөрчлөлт” уриан дор ялалт байгуулж байсан бол энэ удаад “Урагшаа” уриагаар саналын давуу байдлыг хадгалж чадсан талаар CNN агентлаг онцолсон билээ. Санал хураалтын хамгийн эгзэгтэй мөч бол Охайо мужийнхан хэний төлөө санал өгөх байлаа. Тус мужийн сонгогчдын төлөөлөгчдийн 18 саналын төлөө нэр дэвшигчид эн тэнцүү, ширүүн өрсөлдсөн. Урьдчилсан байдлаар Барак Обама бага зэргийн саналын илүүтэй байсан. Гэхдээ тус мужийн хувьд иргэд хэний ч төлөө саналаа өгөхөд бэлэн гэдгийг урьдчилсан санал хураалт харуулсан юм.
Харин санал хураах явцад гарсан хамгийн том зөрчил Пеньсилвани мужид саналын машины луйвар илэрсэн аж. Тодруулбал, Филаделфиа хотод санал авах автомат машин будлиан үүсгэсэн талаар ажиглагчид хэвлэлийнхэнд мэдээлсэн. Барак Обамагийн төлөө санал өгтөл Митт Ромнигийн нэр гараад иржээ. Улмаар удаа дараа Обамагийн төлөө саналаа өгөхөөр товчлуурыг дарсан боловч Митт Ромнигийн нэр гараад байсан аж. Ийнхүү Сонгуулийн хороонд мэдэгдсэнээр дээрх бульхай илэрчээ. Санал хураах автомат машиныг хураан авч, дахин ийм зүйл тохиолдох эсэх талаар онцгой анхаарал хандуулах ёстойг иргэдэд сануулжээ.
Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн Конгрессийн төлөөлөгчдийн танхимын болон Сенатын 33 суудлын төлөөх санал хураалт болсон юм. Санал хураалтын урьдчилсан дүнгээр Бүгд найрамдах намынхан олонхи байдлаа хадгалж үлдсэн бол Ардчилсан намын төлөөлөгчийн танхимын 435 суудлаас 195-ыг авсанаар ялагдал хүлээх нь тодорхой болсон аж. Гэхдээ Сенатын болон Конгрессийн төлөөлөгчийн төлөөх өрсөлдөөн анхаарлын төвд байсангүй.
Ажиглагчид энэ удаагийн сонгуулийг “Хамгийн өрсөлдөөнтэй сонгууль болж өнгөрлөө” хэмээн дүгнэж байна. Тэд “Энэ жилийн сонгууль 2008 оны сонгуультай харьцуулбал илүү өрсөлдөөнтэй боллоо. Өглөө санал хураалтын эхний мэдээ гарч байхад Митт Ромни саналын зөрүүгээр тэргүүлж, саналын хувиар Обамагаас ялимгүй дээгүүр гарч байсан ч ийнхүү эцсийн дүнд Барак Обама ялалт байгуулж чадлаа. Хэрвээ энэ удаагийн сонгуулийн дүн ойролцоо, энэ тэнцүү гарвал маш том маргаан үүсгэх магадлал өндөр байсан. Хэрвээ Митт Ромни Калифорни болон Флорида мужид өрсөлдсөн шигээ санал хураасан бол саналын зөрүү нэлээд ойртох боломжтой байсан” гэжээ.
Флорида мужийн санал гарах дутуу гэдгийг хэвлэлийнхэн онцолж байсан. Гэхдээ тус мужид Митт Ромни ялалт байгуулсан ч сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ялалтаа тэмдэглэж эхэлсэн Барак Обама өөрийнхөө “Twitter” хуудаснаа “Миний төлөө биш АНУ-ын ирээдүйн төлөө саналаа өгсөн та бүхэнд баяр хүргье” хэмээн сонгогчиддоо хандан баярласан талархсанаа илэрхийлсэн байна.