
Америкийн улстөрчдөд Монголын улстөрчдөөс суралцах зүйл үнэхээр их байна аа. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Мит Ромни АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хэдхэн саналын зөрүүтэй ялагдсан. Гэтэл тэрбээр ялагдсаныхаа дараа “Америкийг бурхан ивээг” гээд инээмсэглэн хэлж байхыг харлаа. Үүнийг харсан зарим нэг хүн “Энэ лав яав ч эрүүл биш байх аа” гэж хэлж байгаа сонсогдов. Үнэхээр л Мит Ромины тэнэг байх аа. Хэрэв түүний оронд манай улстөрчид байсан бол “Энэ удаагийн сонгууль шударга бус болсон. Саналын хуудсыг гараар тоолъё” гэж ирээд л бөөн асуудал үүсгэх байсан юм. Үүнийг чинь л жинхэнэ улс төр, жинхэнэ улстөрч гээд байгаа юм шүү дээ. Ийм л улстөрчдийг Монголын нийгэм хүмүүжүүлж байгаа. Ард түмэн ч үүнд нь ихээхэн дуртай байдаг даа. Ингэж байтал “Магтсан хүүхэн хуриман дээр ээ” гэдэгчлэн Мит Роминыг дуурайгаад эхлэх вий дээ, цаадуул чинь. Сонгуульд ялагдчихаад л “Монгол Улсыг бурхан ивээг” гээд зогсож байвал наанадаж, имиж ээ алдана. Цаанадаж, яг л Мит Ромины шиг олны элэг доог болно шүү дээ. Гэхдээ энэ нь олон улсад үнэлэгдэж магадгүй л юм. Харин Монголд бол үгүй шүү дээ. Ер нь Монголын улстөрчид Монголын сонгогчдод л таалагдах ёстой байх аа. Тэр Ардын намынхныг хар гадныханд сайхан харагдах гэж нэрээ өөрчлөөд өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Тиймээс монголчууддаа л таалагдах хэрэгтэй. Сонгуульд ялагддаг л юм бол “Сонгууль будилаантай болсон. Дахин сонгууль явуулах хэрэгтэй. Ард түмний сонголтыг үнэгүйдүүлж болохгүй” гээд л чаргууцалдаад байх хэрэгтэй. Ингэж байж л Монголын улс төр дэлхийд ялгарна шүү дээ. Удахгүй болох орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс үлгэр дуурайлал авах хэрэгтэй. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид яаж “новширлоо” доо. Зарим зарга нь одоо хүртэл шийдэгдээгүй л явж байна. Тиймээс АНУ-ын улстөрчдөөс биш Монголынхоо улстөрчдөөс суралцаад л байж дээ. Ингэхэд дэлхийн хэмжээний улстөрчид яахаараа манайхнаас туршлага судалдаггүй байна аа. Хэрэв Монголын улстөрчдийн туршлагыг дэлхий дахинд түгээчихвэл улс төр ч жинхэнэ утгаараа буцалж эхэлнэ дээ. Тэгэхээр манайхан туршлагаа гадныхантай хуваалцах арга хэмжээ авмаар юм.
Р.САРАНГОО