Өөрөөр хэлбэл хэрэглэгч байсаар мөхөх Манж бодлогоос ангижрах чадалтай, бо¬ломж нөхцөлтэй болж ирэв. Үүнд стратегийн түншүүд маань баярлах ёстой. Гэвч тухайн хөрш орны эрх ашгийн тухайд тэр бүр баярлахгүй байх шалтгаан хангалттай гарч ирдэг аж. Монголын Засгийн газар төмөр замын суурь бүтцийг барих эрхээ төрийн өмчит компанидаа бүрэн хариуцуулсан.
Ингэснээрээ хэнтэй хамтрах, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх эрх мэдлийг ч хамтад нь даатгачихлаа гэсэн үг. Гэтэл үүнтэй зэрэгцэн оросууд манайд нийлүүлдэг шатахууныхаа үнийг өсгөлөө. Оросуудын хувьд Тавантолгойн орд хийгээд төмөр зам барих асуудалд “VIP” түншийн хэмжээнд оролцоогүйдээ сэтгэл дундуур яваа. Тиймээс ч чаддагаараа нефтийн болон эрчим хүчээр нь боомилох ээлжит бойкотоо хийж байна.
Гэтэл өчигдөр “Эрдэнэс Таван¬толгой” компанийн гүйцэтгэх за¬хирал Я.Бат¬суурь Хятадын “Чалко” компаниас урьдчилгаа төлбөрт авсан 418 тэрбум төгрөгийг “Хүний хөгжил сан”-д өгсөн. Энэ өрийг төлөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ажиллаж байна. Дээрх өрөөс 120 гаруй сая ам.долларыг нүүрсээр төлсөн. Үлдсэн өрийг ч мөн л нүүрсээр төлөх нь. Ерөөсөө “Чалко”-тай хийсэн гэрээ манай компанид ашиггүй. Цаашид энэ байдал үргэлжилбэл олборлолтоо зогсоохоос аргагүй” гэв. Мөн “Пийбоди”-г оператор компаниа сонгон ажиллуулах хэлэлцээрт л урьсан гэдгээ хэлж байна. Тэгэхээр ОХУ-ын өмнө Тавантолгойн орд бүх хаалгаа хаачихаагүй л байгаа биз дээ. Нэгэнт холдоод нүүж чадахгүй хойно мөнхийн хөрш байх тухай яриа хэлэлцээр үе үеийн Засгийн газруудын хооронд өрнөсөөр байх болно. Шатахууны үнийн тухайд ОХУ хүссэн цагтаа үнээ нэмэх эрхтэй. Энэ тохиолдолд хатуухан хэлэхэд Монголын Засгийн газар зөвхөн гуйж, эсвэл тохиролцож л чаддаг шүү дээ.
Харамсалтай нь энэ бүх үйл явц орон нутгийн ИТХ-ын цаг үе давхцаж таарлаа. Энэ тохиол¬долд МАН-ынхан Засгийн газар, Монголбанкийг хангалттай шүүмж¬лэх явдал ажиглагдаж байна. Шүүмжлэх гэхээсээ илүү шордох, тавлах хандлага ч гарч мэдэхээр байгааг цахим хуудсаас харж болно. Харийн орныхон эх орных нь дэд бүтцийн салбарыг барьцаалж нефтийн цоргоо хаагаад иргэдийг хохироож байхад энэ хүнд байдлаас гарах арга замыг эрэлхийлж байгаа эрх баригчид руугаа “гал нээж” байгаа улстөрчдийг “эх оронч” гэж итгэхэд хэцүү л байна.
Монголбанк эрэлтийн шинжтэй инфляцийг бага байлгахаас гадна Засгийн газартай хамтран нийлүү¬лэлтийн шинж чанартай инфляцийн нөлөөллийг хязгаарлах зорилт тавьсан. Тэр тусмаа нийлүүлэлтийн шатанд үүсэж буй зардлуудыг багасгах замаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг Уул уурхайн яамтай хамтран хэрэгжүүлэхээр батлаад байгаа.
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулган дээр та¬нилцуулснаар бол “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун хадгалж нөөцлөх агуулах барих, шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж уг хөтөлбөрийн хүрээнд нийт 167 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр Засгийн газар, Монголбанкныхан газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдтэй удаа дараа хэлэлцээрийн ширээнд сууж ярилцсан. Энэ үеэр Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн хүрээнд автобензин, дизель түлшний хангамж, үнийг тогтвортой барихад хүндрэлтэй байгааг харилцан ойлголцсон гэж хэлж болно. Мөн улсын хэмжээ¬ний нийт хэрэглээний 90 хоногийн нөөц бүрдүүлэх зорилгоор өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаагаа хэлээд тодорхой тохиролцоонд хүрчихээд орон нутагт ажиллахаар явсан. Харин ирэхэд нь шатахууны үнэ хадчихсан, колонки сахисан иргэд бухимдан угтах нь. Дээр нь МАН-ынхны ёжилсон, басамжилсан дайралт…
Гэтэл хэлэлцээрийн ширээний ард ойлголцсон гэж бодож явсан шатахуун импортлогчдын гол тө¬лөөлөл гэж хэлж болох “Петровис” компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат “Бусад компаниуд үнээ нэмэх эсэхийг мэдэхгүй. Манай компани дор хаяж 200-230 төгрөгөөр үнээ нэмнэ” гэж мэдэгдэв. Тэрбээр “Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ өссөөр байсан ч өнөөдрийг хүртэл борлуулалтын үнээ нэмээгүй. Харин одоо хөдөлгөхгүй бол болохгүй нь” гэжээ. Тус компани одоогоор 11.3 хувийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэх захирал М.Халиунбатын мэдэгдэж байгаагаар “Ямар нэгэн гэрээ хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зураагүй. Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийг тогтворжуулах зэргээр нефтийн салбарыг дэмжинэ гэж ойлгож байгаа” гэнэ. Мөн тэрбээр “Болдог бол шатахууны үнийг өнөө, маргаашгүй нэмчихмээр байгаа ч янз бүрийн шахалт дарамт зөндөө ирж байна” гэжээ. Түүний ярианаас төр “Петровис”-ыг дарамтлаад алдагдалд оруулаад байгаа бололтой. Харин Шударга өрсөлдөөн хэ¬рэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлтээр шатахууны үнэ литр тутамд 50-60 төгрөгөөр нэмэгдэх үндэслэлтэй гэнэ. Энэ тохиолдолд ШӨХТГ шатахуун импортлогчдод “үнэ нэмэх үндэслэлээ тайлбарла, манай газарт хянуул” гэсэн үүрэг тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл шатахууны үнэ хэдээр нэмэгдэж болохыг судалж, хянаад зөвшөөрсний дараа үнэ нэмэх эрхтэй. Эсвээс өнгөрсөн өвлийнх шиг 17 тэрбум төгрөгийн торгуулийн тухай асуудал шинээр үүсэж ч мэдэх юм.
Ийнхүү Ерөнхий сайдыг албан томилолтоос ирэхэд нь “дарьтай торх” хүлээж байна. Хамгийн түрүүнд Москватай тохиролцох, “Монголын төмөр зам”-ын шинэ удирдлагуудтай уулзаж геополитикийн “ой санамж”-даа өөрчлөлт оруулах нь чухал. Мөн МАН-тай ойлголцож улс төржих бус, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөөх эдийн засгийн сэдвээр нэгдсэн ойлголтод хүрэх учиртай. Энэ бүхэнд Монголбанк түүний хамгийн ойрын түнш, хүнд байдлаас гарч асуудлыг шийдэхэд гол үүрэг гүйцэтгэх “уураг тархи” нь болох биз ээ. Өчигдрийн байдлаар Уул уурхайн сайд Д.Ганхуягийн зүгээс Ерөнхий сайдаа ирэхийн өмнө “гал унтраах” арга хэмжээ авч “Яамны зүгээс бүх талын зохицуулалтыг хийж байгаа тул стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг дур мэдэн нэмэхийг зөвшөөрөхгүй. Засгийн газраас чиглэл өгөөгүй байхад үнээ нэмбэл үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” хэмээн мэдэгдэв. Ийнхүү төр төмөр нүүрээ харуулж энэ удаад асуудлыг нааштайгаар шийдсэн ч алсын хараатай бодлогоо хэрэгжүүлэхэд яаравчлахыг нөхцөл байдал шаардаж байна.Дашрамд дурьдахад өнгөрсөн аравдугаар сарын 22-нд Орос, Их Британийн ТНК-ВР компаниас ВР компанийн 50 хувийг 17,1 тэрбум ам.доллароор худалдаж авах, Роснефть компанийн хувьцааны 12,84 хувийг эзэмших хэлэлцээрт “Роснефть”, “ВР” компаниуд гарын үсэг зурсан юм. “Роснефть” компанийн 600 сая нэмэлт хувьцааг “Роснефтегаз” эх компаниас нь худалдаж авах саналыг ВР компани тавьсан аж. “Роснефтегаз” компани энэ саналыг ирэх сарын 3-ны дотор хүлээж авах боломжтой гэсэн хариу өгчээ. Хэлэлцээр дууссаны дараа ВР компани “Роснефть” компанийн хувьцааны 19.75 хувийн эзэн болох юм. ОХУ-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу ВР компани “Роснефть” компанийн захиралуудын зөвлөлийн есөн гишүүний хоёрыг нь сонгох эрхтэй юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечинтэй уулзахдаа “Роснефть”, “ВР” компаниудын хооронд хийж байгаа гэрээ нь дэлхийн эрчим хүчний зах зээлийн хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулна” хэмээн мэдэгдсэн талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.