”Өөрийгөө өөр өнцгөөс харуулж чадлаа”

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

”Өөрийгөө өөр өнцгөөс харуулж чадлаа”

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр найз Г.Золцэцэг буюу Катятаа хамтран нүүр будалт, үс засалт, стилистийн UK fashion house нээсэн. Тэрбээр дуучин Мишээлийн шинэ цомгийн стилистээр ажилласан бөгөөд түүний шинэ дүр төрх тун олон хүнд таалагдаж буй юм. Иймээс дуучин мэргэжлээ стилистээр солиод буй Д.Уламбаяртай шинэ ажил болоод удахгүй болох тоглолтынх нь талаар тодрууллаа.

-Та дуучин Мишээлийн шинэ цомгийн стилистээр ажилласан юм байна. Хэзээнээс стилист болов?

-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд шинэ ажил хийж байна. Урьд нь “Киви” хамтлагийнхаа цомгийн хавтасны зураг болон клипүүд дээрээ стилистээр ажилладаг байлаа. Тэгвэл энэ удаад дуучин Мишээлийн цомгийн ажилд хамтран ажилласан бөгөөд энэ саналыг продюсер Б.Ангирмаа багш тавьсан. Үүний дагуу ажиллаад үр дүн нь сайн болсонд баяртай байна. Мишээлийн “Би хэвээрээ” цомгийн хавтасны зургийг Сингапур улсад хийлгэсэн. Ер нь бол өөрийгөө дуучин Д.Уламбаяр биш арай өөр өнцгөөс нь  харуулж байгаадаа баяртай байгаа.

-“UK fashion house”-ийн талаар сонирхуулахгүй юу. Ойрд ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж  байна?

-Катятай хамтраад энэ газраа нээсэн. Сүүлийн үед Мишээлийн “Гараас минь атга”, “Киви” хамтлагийн “Хайраа үлдээлээ”, “Anemone” хамтлагийн “Хэлээгүй” зэрэг дууны клипэнд гэхэд Катя даашинзыг нь урлаж, би нүүр будалт, үс засалтыг нь хийсэн. Мөн Катя бид хоёр “Uptown” сэтгүүлийн ковер болсон бөгөөд энэ үеэр өөрөө өөрсдийнхөө дүр төрхөн дээр ажилласан.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Стилистээр ажиллаач гэсэн санал ирж байгаа. Гэвч Катя маань Малайзад амьдардаг бас манай хамтлагийн тоглолт болох гээд бэлтгэл ажилдаа орсон тул цаг зав бага байна. Ер нь стилистийн ажил цаг хугацаа шаарддаг.

-Анх стилистээр ажиллах санаа яаж төрсөн бэ?

-Ангирмаа багш маань анх энэ саналыг тавьсан. Надад хүн итгэж, хариуцлага хүлээлгэж байхад би энэ ажлыг хийх ёстой юм байна гэж зориг шулуудсан. Катя маань ч намайг дэмжиж хамтран ажиллахаар болсон. Ер нь цаг хугацааны тохироо нь бүрдсэн гэж хэлж болно.

-Та өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-. Стилистйин ажил маш сонирхолтой. Би хүнийг өөрчлөх дуртай. Тиймээс маш их судалгаа хийж, мэдлэг, мэдээлэл олж авч байсан. Мөн “Киви” хамтлагт байсан найман жилийн туршлага надад их дэм болсон. Ер нь олны танил байна гэдэг хувь хүнээс маш их зүйл шаарддаг. Өдөр бүр өмсөх хувцас, нүүр будалт зэргийг тохируулах шаардлагатай байдаг. Урлаг надад сургууль минь болж байсан.

-Танай хамтлагийн тоглолт удахгүй болно гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бид найман насныхаа төрсөн өдрийн тоглолтыг ирэх сарын 1,2-нд “I Loft function house”-т хийхээр болсон. Найман жилийн хугацаанд хийж бүтээсэн бүх зүйлээ үзэгчдэдээ тайлагнана. Мөн шинэ уран бүтээлүүдээс гадна хуучны дуунуудаа дуулахаар төлөвлөсөн.

-Тоглолтоо “UB palace” ч юм уу арай том газар хийж болоогүй юм уу?

-Манай хамтлагийн төрсөн өдөр шүү дээ. Иймээс энэхүү баяраа тоглолтын хэмжээнд хийхийг хүсээгүй.

-Шинэ цомгийн ажил бэлэн болсон гэсэн үү?

-Тийм ээ. Шинэ цомогт орж байгаа дуунуудын бичлэг хийгдээд дууссан. Цомгийнхоо дээж болгож өнгөрсөн сард “Хайраа үлдээлээ” дуугаа дүрсжүүлж цацсан. Дараагийн клипний ажилдаа орсон байгаа. “Wanted”, “Lemon” студийн хамт олонтой хамтарч ажиллаж байна. Удахгүй шинэ жилийн баяр болон хамтлагийнхаа төрсөн өдрийг тохиолдуулан “Гэрлийн ертөнц” дуугаа клипжүүлж цацахаар төлөвлөсөн.

-Цомгийн нэр?

-Одоогоор нэрлэж амжаагүй байгаа.

Б.Марал-Эрдэнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж