Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Монгол зон олны мэлмийг бая­раар бялхуулагч, мянга мянган морь­тон, бөхчүүд, сур харваачид болон олон түмэн наадамчдын эрх ашгийг хөндсөн сэдэв сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Монгол бөх хэмээх зон олныхоо дунд хайрлан дээдлүүлдэг нэр хүнд сүүлийн жилүүдэд сэргээшийн эсрэг авч буй үйл ажиллагааны хүрээнд ихээхэн сэвтсээр байна.

Жил болгоны өдийд л энэ сэдэв сөхөгдөж ирдэг. Манай Монголчуу­дын хамгийн сайн мэдэх хууль бол Үндсэн хууль ч биш, Эрүүгийн хууль ч биш, харин Үндэсний баяр наадмын тухай хууль, бөхийн дүрэм юм. Учир нь үндэсний уламжлал, монгол хүний бахархан биширдэг тэр сэтгэлгээтэй салшгүй холбоотойгоор бидний мон­гол­чуудын заавал цаасан дээрээс уншилгүй, хүн болж ухаан орохоосоо орч­ноосоо мэдчихдэг эрх зүйн зохи­цуулалт нь энэ хууль юм. Энэ хуу­лиас гадна Монгол Улс 2005 онд Дэл­хийн допингийн эсрэг Копенгагены тунхаглал, 2007 онд Спорт дахь до­пин­гийн эсрэг ЮНЕСКО-гийн конвен­цид нэгдсэн байдаг. Эдгээрийг хара­хад сэргээшийн эсрэг суурь зохи­цуу­лалтууд манайд бүрдсэн гэж хэлж болно.

Сэргээш буюу допинг (зарим үед стеройд гэдэг) нь эрт дээр үеэс Скан­динавын орнуудад мөөгийг хурдан, том ургуулахад зориулан ашиглаг­даж байжээ. Энэхүү төрлийн бодисыг дайчид дайн байлдаанд биеийн хүчээ хадгалахын тулд өргөнөөр хэрэглэдэг байж. Улмаар XIX зуунаас гүйлт, бокс, хүндийг өргөлтийнхөн спортод хэрэглэдэг байв. 1960 оны олимпийн үеэр Данийн дугуйчин Нит Женсен сэргээш хэрэглэсний улмаас тэм­цээ­ний үеэр нас барж, олны анхаар­лын төвд очсон анхны томоохон то­хиолдол байлаа. Орчин үеийн спор­тын допингийн үндэслэгч нь АНУ-ын эрдэмтэн Жон Циглер юм.

Өнөөгийн үндэсний бөхийн тамирчид спортод зөвшөөрөгдсөн уураг, витаминуудыг өргөнөөр хэрэг­лэдэг. Харин эдгээрийн тунг зааснаас илүүтэйгээр хэрэглэвэл биед хор нөлөөтэй тул допингийн шинжилгээ­гээр илрэх магадлалтай. Монгол хонь, адуу, үхрийн мах идээд, айраг уусан монгол бие махбодь гадаад оронд бү­тээгдсэн допингийн төрлийн химийн бү­тээгдэхүүн хэрэглэсэн бие мах­бодь­той тэмцэх ямар ч боломжгүй юм. Химийн бодистой нөхөд бараг л хялайхгүй дээ.

Өнгөрсөн жилүүдийн сэргээштэй холбогдолтой маргаан, түүний шийд­вэ­рүүдийг үзэхэд манай төрийн бай­гууллагууд, тэр дундаа шүүхийн шийд­вэрүүд гуравдагч этгээдийн эрх ашгийг боогдуулсан, Б шинжилгээ­гээр сэргээш хэрэглэсэн нь нотлогд­соор байхад зөвхөн сэргээш хэрэглэ­сэн бөхийг өөгшүүлсэн, түүний эрх ашгийг хамгаалсан шийдвэрүүд гарсан байна. Б шинжилгээний талаар дурдалгүй, гуравдагч этгээдийг орол­цуулалгүйгээр сэргээш авах комис­сыг байгуулахдаа захиргааны журам зөрчиж байгуулсан байна гэх мэтээр үндэслэл муутай шийдвэрүүд гарч байжээ. Сэргээшийн шинжилгээнд хам­­рагдаад сэргээш илэрсэн нь тог­тоогдсон бөхийг сэргээш хэрэглэ­сэнд тооцохоос гадна сэргээшийн шинжилгээнд орохоос зайлсхийсэн бол сэргээш хэрэглэсэнд тооцдог хуультай. Сэргээштэй холбогдсон бөхчүүдийн нэрсийг бичвэл их урт дараалал гарна. Монгол Улсын үндэсний бөхийн улсын бүх цол буюу аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтны төлөөлөл хэдийнээ жагсаалтад багтжээ. Угтаа наадамд барилдах гээд бүртгүүлэхдээ тухайн жил нь ямар төрлийн эмчилгээ, эм бэлдмэлийг хэрэглэснээ эмчийнхээ магадлагаатай авчирч мэдэгдэх журам бий. Энэ тохиолдолд сэргээ­шийн шинжилгээ илэрвэл зайлшгүй эмчилгээний журмаар хэрэглэсэн байна гээд хариуцлага хүлээлгэхгүй байх боломжтой байдаг. Харин барилдахаасаа өмнө бөхийн комисст энэ талаар мэдээлээгүй байж бай­гаад барилдаад цолоо авсан бол хуу­лийн дагуу тэдгээр бөхчүүд өөрсдий­гөө өмөөрөх боломжгүй болно.  

Бөхчүүд тэр дундаа гарьд Бат-Эрдэнэ, заан Санжаадамба нарын ярилцлагыг Монгол телевизээр үзлээ. Тэд маш зөв ярьж, үүнтэй хатуу тэмцэх ёстой тухай өөрсдийн бодлоо илэрхийлсэн. Бөхчүүд, наадамчин олон энэ талаар санал бодлоо аль болох илэрхийлэх хэрэгтэй юм. Учир нь ирэх жил сэргээштэй бөх түрүүлж мэдэх айдастай наадам болох гээд байна. Унасан бөхчүүдэд цолыг нь олгож, шударга ёсыг наадамчин олон­доо харуулах нь төрийн үүрэг юм. Шин­жил­гээ авдаг үйл ажиллагаа бо­лох­гүй байгаа бол түүнийг сайжруу­лах ажлыг зохион байгуулахгүй юу­гаа хийж, энэ олон жилийг өнгөрөөж байгаа юм бол. Үндэсний их баяр наад­мын тухай хууль нь нийтийн болон хувийн эрх зүй холилдсон өвөрмөц салбар эрх зүй болон хөгжиж байгааг албан тушаалтнууд минь анхаараач. Улс төрд хошгироон байг дүүрч. Харин наадамчин олныг хошгируулж болохгүй байлтай.

Сэргээш, түүнтэй тэмцэх тухай өөрсдийн бодлоо бидний судлаачид Үндэсний баяр наадмын комисс болон бөхийн холбоонд 2006 оны намраас эхлэн хүргэж, өдөр тутмын сонин, мэргэжлийн сэтгүүлүүдэд нийтлэл хэвлэж байсан билээ. Өдийгөөс зургаан жилийн өмнө энэ сэдэв яг л өнөөдрийнх шиг үл ойл­голцсон, шийдвэр гаргахдаа эргэлз­сэн, шударга бус жишиг тогтоосон, олны дунд үл итгэлцэл төрүүлсэн шинжтэй байсан. Гэвч өнгөрсөн жилүүдийн түүхээс харахад, мөн Б шинжилгээний хариу ирээд 10-аад хонож байхад сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зар­лах­гүй нууцлан, олон түмнийг гай­хаш­руулж байгаа нь баяр наадмын комисс нь эрх зүйн зохицуулалтыг үл хайхран олон түмний санаа бодол, эрх зүйт ёсыг уландаа гишгэж байна гэсэн хардалтыг төрүүлж буй тул энэ талаар тайлбарлан хэлэхээс аргагүйд хүрлээ.

Үүнд:

1.Дээр хэлсэнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хууль бол монголчуудын хамгийн сайн мэддэг хууль юм. Энэ хуулийг манай иргэд Үнд­сэн хууль, Иргэний хуулиас илүү­тэй сайн мэддэг гэдэгтэй хэн ч мар­гахгүй. Иймд иргэдийн эрх зүйн сэт­гэлгээнд нөлөөлж, эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэхэд энэ хуулийн хэрэг­жилт хамгийн чухал нөлөөтэй юм.

2.Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн дүрмийн 7.4.2-т “Сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгд­сэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбог­дох хууль тогтоомжийн дагуу шийд­вэр­лэнэ. Сэргээш хэрэглэсэн нь тог­тоогдсон бөхийн баяр наадамд ба­рилдах эрхийг хоёр жил хүртэл хуга­цаагаар хасах” гэж заасан байдаг. Энд сэргээш хэрэглэсэн бөхөд оног­дуулах хоёр санкц буюу шийтгэл байна.

а) давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах,

б) барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах гэсэн байна. Энд ямар нэг эсхүл гэдэг үг орсон буюу сонгох санкцын тухай огт заагаагүй байтал өнгөрсөн жилийн шийдвэрээр зөвхөн хоёр дахь санкцыг хэрэглэсэн байгаа нь огт ойлгомжгүй, бөх сонирхогчдын зүгээс наадам зохион байгуулагчдыг хард­сан хардалтыг зүй ёсоор төрүүлж бай­на. Угтаа бол сэргээш хэрэглэсэн бөхийн давсан байрыг хураагаад, мөн давхар барилдах эрхийг нь хасах үйл ажиллагаа явуулах ёстой юм. Дээр хэлсэнчлэн сэргээш хэрэглэсэн бөхийг ийнхүү дэмжих үйл ажиллагаа явуулаад байгаа, эсхүл эс үйлдэл хийгээд байгаад Үндэсний баяр наадмын урьд жилүүдийн комисс ажлаа бүрэн хийгээгүйтэй холбоотой. Хэрэв энэ жил өнгөрсөн жилийн ади­лаар сэргээш хэрэглэсэн бөхийн цо­лыг хэвээр нь үлдээгээд зөвхөн барил­дах эрхийг нь хасаад өнгөрвөл ирэх жил улсын наадамд түрүүлсэн бөх нь сэргээш хэрэглэсэн байвал барилдах эрхийг нь хоёр жилээр хасаад л аварга, арслан цолоо хэ­вээр нь үлдээхээр жишиг тогтож бай­гаа нь илэрхий байна. Иймд энэ хууль бус үйлдлийг энэ жил таслан зогсоож, дээрх хоёр санкцыг хууль ёсны дагуу зэрэг хэрэглэж байх нь зохистой юм. Сэргээштэй аваргатай Монгол наа­дамчид хаачих билээ.

3.Ирэх жилээс сэргээшийн шин­жилгээг шөвгийн 16-д үлдсэн бөхчүү­дээс авдаг байдлыг халж, 32 бөх бол­гох шаардлагатай байна. Учир нь сэр­гээш хэрэглэсэн бөхөд тавын да­ваанд унасан бөх цол, байраа нөхөж авахад хүндрэл учрахаар байна.

4.Хэдийгээр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч цолны асуудлыг шийддэг эрхтэй ч гэлээ, наадамчин олны эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу, нөгөө талаас үндэсний спортын хөгжлийг хойш чангаахгүйн үүднээс сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд зүй ёсных нь шийтгэлийг оноож, тэдэнд унасан бөхчүүдэд цол, чимгийг өгөх ажлыг зо­хион байгуулж, хууль хэрэгжүүлэх үүргээ шат шатны албан тушаалт­нууд биелүүлж, шийдвэртэй алхам хийх шаардлагатай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээс шалт­гаалж, иргэдийн эрх зүйн ухам­сар, хуулийг дээдлэх ёсонд суралцах олон түмний бодлын чиг тогтох юм. Учир нь дээр хэлсэнчлэн монголчуу­дын хамгийн сайн мэддэг хууль нь Үн­дэсний их баяр наадмын тухай хууль мөн. Энэ хууль хэрэгжихгүй байх тусам хуулийн нигилизм Монголд хүчээ авах болно.

Бөхчүүд цолоо аваад үлдчихдэг юм, эрхээ хасуулна л биз, сэргээш хэрэглээд цолоо авчихна, ингээд бол­чихдог юм гээд улам ихээр хэрэглэх хандлага дэлгэрч, монгол хүний генийг бузартуулах явдлыг таслан зогсоох үүргээ идэвхтэй хэрэгжүү­лэх­гүй бүтэн арван жил болж байгаа тул жил бүр энэ сэдэв давтан гарч байгааг таслан зогсоож, шийдвэртэй алхам хийх цаг нь болжээ.

5.Ид барилдах насандаа сэргээ­шийн хэрэгт холбогдон, наадамд давсан даваа болон барилдах эрхээ хасуулж болзошгүй байдал энэ жил үүсч болох бөхчүүдийн хувьд цол, байрыг нь хуулийн дагуу хасч, мөн ирэх жилийн наадам болтол барилдах эрхийг нь хасаад, олон түмэнд, тэр дундаа бөхчүүд, дасгалжуулагчдад нь хатуу анхааруулан сануулж, да­раа жилээс цол, чимгийг нь хасахын зэрэгцээ цаашид хоёр жилээр ба­рилдах эрхийг нь хасах болно гэдгээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлан мэдэгдэх хэрэгтэй байна. Ингэхдээ энэ жилийн хувьд бол сэргээш хэрэглэсэн бөхийн давааг хүчингүй болгоод барилдах эрхийг нь наадам болтол хасвал наадамчин олонд таалагдах болов уу. Учир нь энэ цалгар байдлыг төрийн шийдвэр гаргагчид л бий болгосон. Залуу хүмүүс алдаа л биз. Харин дахин давтаж болохгүй. Цол, чимгээ хураалгаад, хэдэн сараар барилдах эрхээ хасуулах нь тэдэнд хангалттай том шийтгэл.

Хоёр дахь санкцийн хугацаа нь  хоёр жил хүртэл гэсэн байгаа тул зургаан сар, есөн сараар хасах эрх нь Зохион байгуулах хорооны бүрэн эрхэд байгаа болно. Мөн сэргээшийг бусдад санал болгодог нөхдүүдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна. Ирэх жилийн наадам тунчиг ойрхон байна. Хэрэв энэ арга хэмжээг авахгүй бол зарим ухвар мөчид залуу бөхчүүд сэргээш хэрэглэн барилдаж цол авахын төлөө зүтгэж, тэднийг дэмждэг сонгуулийг допингодож авдаг “химич” улстөрчид ч хүчээ аван, олон түмнийг маань доромжилж, иргэдийн дунд Монголын хууль гурав хоногийн настай гэх оюун дүгнэлт газар авах нь.

Монгол Улсад сайн үйлс дэлгэрч, үндэсний эрх ашиг хамгаалагдаг. Монгол төрийн мэлмий тунгалаг байж, сэргээштэй Монголыг жинхэнэ Монгол болгог!

Хууль зүйн ухааны доктор
Болдбаатарын ГҮНБИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж