1980-аад онд Монголын Урчуудын Эвлэл ЗХУ-ын Зураачдын холбоотой хамтарч “Найрамдалын замаар” нэртэй хамтарсан уран бүтээлийн аялал зохиож, хоёр оронд тайлан үзэсгэлэн гаргадаг уламжлал тогтсон байв. 1988 онд энэ аялалд Энхжаргал Монголын залуу зураачидтай оролцож Москвад Кузнецкий Мостын үзэсгэлэнгийн танхимд хамтарсан үзэсгэлэн гаргажээ. Энэ үед ЗХУ-д өөрчлөн байгуулалт ид өрнөж байсан бөгөөд Манежийн үзэсгэлэнгийн танхимд Бүх холбоотын залуу зураачдын том үзэсгэлэнг ямар ч цензургүйгээр дэлгэн тавьсан нь түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ба Третъяковын галерей, Эрмитаж, Пушкиний музейг үзэж ёстой л нэг юм үзэж нүд тайлсан нь түүний цаашдын уран бүтээлд хүчтэй өөрчлөлт оруулж үүнээс хойш тэр хурц тод өнгөөр маш зоригтой зурж эхэлсэн юм.
Үүний тод жишээ нь “Талын хөхрөлдөөн” зураг. Цэлгэр талд хөгжилдөн яваа морьтонгуудаас ямар нэгэн дуу авиа цуурайтан хадах шиг, тэдний сэтгэл ихэд хөдөлсөн байгааг хөдөлгөөн нь илтгэнэ. Эндээс л түүний хэний ч хийж байгаагүй бие биеэ тодотгосон, харшилдсан мөртөө бие биедээ харилцан ууссан хурц тод өнгөнүүдийн уран чадварлаг тоглолт, хийсвэр “мөлгөр” техникийн гайхамшигтай цэвэрхэн гүйцэтгэл эхэлж, учир битүүлэг, нууцлаг, далд мэдрэмж, үнэн худал хоёрын огтлолцол хурц ажиглагдаж эхэлсэн юм. Уран бүтээлчид өөрийн мэдэлгүй цаг үеийнхээ дууч нь байдаг. Заримдаа жолоогүй сэтгэлдээ хөтлөгдөөд цаг үеэсээ хэдэн арван жилээр түрүүлээд давхичихдаг зан ч тэдэнд бий, үүнийг тэр үзүүлж чадсан.
Амьдралын сайн мууг зөн совингоороо мэдэрсэн бүтээл нь “Сохор хөгжимчин”. Үүрдийн сохор, төрөлхийн авьяастай хөгжимчин бяцхан хүүгээ дагуулан өдөр бүр хөгжимдөн сууж байдгийг түмэн мэднэ. Хүүгийн цээл хоолой олны чихийг сайхан дуугаар баясуулан цэнгүүлнэ. Тэр хоёр хүйтнийг эс анзаарна. Хүүг та нар сохор гэж битгий бодоорой, тэр хонин бор монгол нүдтэй, түүнээс нь үргэлж итгэл найдварын гал гэрэлтдэг юм. Харамсалтай нь баян хүмүүс тэдний хажуугаар гоёмсог машинтай өнгөрөх тул юу ч өгөхгүй харин сайн санаат эгэл олны өгсөн цөөхөн хэдэн зоос цугларна. Шинэхэн цасан дээр алсрах гудамжны эцэс рүү хүү нь үдшээр аавыгаа хөтлөн одно. Тэнд л түүний гэрэлт ирээдүй бий гэдэгт зураач итгэхийг хүссэн…
Үзэгчдийн сэтгэлд хүрсэн бас нэг бүтээл бол “Улааныхан ба Харынхан” зураг юм. Эндээс өнөөгийн Монголын нийгмийг бүхэлд нь харж болно. Хүмүүсийн сөргөлдөөн, өрсөлдөөн, өнгө мөнгөний хязгааргүй шунал тачаал, хөгжил бадрал, уналт сэхэлт, тэс хөндлөн өнгөний харшилдааныг харахад “Төгсгөл нь хэзээ вэ?” гэсэн бодол үзэгчдэд өөрийн эрхгүй төрөх болов уу? Ойрын нөхөд муудахад холын дайсан баярлана гэдэг үг сэтгэлд эрхгүй сэрхийнэ. Харин түүний “Шинэ өглөө” зургаас хачин дулаан энхрий өнгө аяс мэдрэгддэг. Алсад харагдах цэцэг, жимстэй уулан дээр нар тусаж түүний наана аавын ангарай үр тайван нойрсох ажээ. Түүнийг зүгээр нэг дуудан сэрээж болохгүй, зөвхөн аав нь л үнсэж аажуухан сэрээх ёстой, бас хөдөөнөөс эргэн ирэхдээ самар авч ирэх хэрэгтэй, тэр нь бас боргоцойтойгоо байх ёстой. Түүний зурагнуудад охидоо хайрлах эцгийн хязгааргүй хайр, үүрэг хариуцлага онцгой шингээстэй байдаг. Харин “Бүүвэйн дуу” зургаас заваан, бохир чийгтэй хонгилд шавааралдан унтаж, зүүдэндээ л зөвхөн эцэг эхтэйгээ уулзаж байгаа монголын үрсийг харж болно. Хүйтэн хөхөлбөр гэгээвчтэй оюу номин өнгөн дунд булбарай нүцгэн, дулаан биес хүрэнтэн харагдана. Эндээс зураачийн сэтгэлийн эмзэглэл хүчтэй мэдрэгдэнэ.
Японы Фукуокагийн урлагийн музейн арван таван жилийн ойд зориулсан дөрөвдүгээр их наадамд Энхжаргал хэд хэдэн бүтээлээрээ оролцож урлагийн өндөр мэдрэмжтэй зураачдаас өндөр үнэлгээ авч байсан цаг саяхан. ”Улаан ширээ ба зэрэглээ“ зураг нь олны анхаарлыг ихэд татаж Монголын орчин үеийн дүрслэх урлагийн томоохон төлөөлөгч болохоо баталсан юм. Энд тавигдсан “Сарны хүүхдүүд” зурагт хөхөлбөр хүйтэн өнгөтэй, хүүхдүүдийн булбарай царай улаан дэвсгэр дээрээс өнгө ялгаран бидний зүг ширтэх ба ногоорон долгиотох үерийн усан дунд зогсоо тэдэн рүү усны түвшин улам дээшлэн байх шиг. Юу юугүй хөл алдан живэх болов уу? гэсэн аймшгийг сэтгэлд төрүүлнэ. “Улаан ширээ ба зэрэглээ” зурагт улаан ягаан өнгөтэй хавтан дээр ногоон морьд алсран эртний сүм хийдийн зүг шингэн одох ажээ. Хар дэвсгэр дээрх сүм дуган өөрийн алтан ганжир, бодь гөрөөс тэргүүтнээ гайхуулан өнгө ялгаран харагдах ба харин анхаарлын төвд “Алтан хүрдэн” эргэлдэн байгаа нь өнгөрсөн цаг үеийн нууцлаг бүхнийг бидэнд дэлгэхийг хүсэн урин дуудах мэтээ…
“Хотын гудамж” зурагт хөл үймээн ихтэй хотын төвд холхилдон өнгөрөх үй олон хүн, хаашаа ч юм бэ ихэд яарах ажээ. Сайн сайхан руу тэмүүлэх тэдний дунд нуруугаа үүрэн, морио хөтлөн гэлдрэх малчин явна. Шинэ цаг үе, ойлгохгүй олон зүйл түүнийг түмэн бодолд ээрүүлэн нүүдэлчний холч ухаан нь их хотын дуу чимээ, үймсэн олон дунд төөрүүлэхгүй бизээ гэсэн итгэлийг төрүүлнэ. “Шөнийн галт тэрэг” зурагнаас өнөөгийн нийгмийг бүхэлд нь харж болно. Анх харахад бөөн баяр хөөр, хөгжил баясал дунд умбан байгаа мэт… Аажимдаа шоргоолжны үүр мэт, хайрцганд шамбааралдан чихэгдэн яваа юу ч биш зүйлс, гэхдээ цөм амьтай голтой, зүрх сэтгэл, зовлон гунигтайгаа үл хүрэх зүг рүү зөөвөрлөгдөн яваа тэдний чихнээ чийртэй төмөр тэрэгний хахир чимээ үл тасрах мэт…
“Show” зурагт сайхан зассан баярын ширээнд гоёсон хүмүүс хөхрөлдөн ирж удахгүй сууцгаана. Нядалгааны газрын таазнаас өлгөөтэй байгаа махаар хийх хорхог, боодог, хиам, чанасан мах тэдний идэх хүслийг тайлах цаг удахгүй ирэх ажээ. Бид араатнаас ч илүү махчин, бид амьтдыг улам, улам ихээр идэх болно гэх хашгираан сонсогдох шиг..
“Хуучин барилга” бүтээлд бидэнд сайн сайхан зүйлс байсан. Өнгөлөг гэгээлэг, бахархмаар сайхан өвгөд байсан, түүнийгээ бид “Чингис хаан” гэдэг нэгэн нэрээр төлөөлүүлэн ойлгодог. Бид ганцхан өвөгтэй мэт… Хэрвээ тийм бол бидний цус дэндүү ойртсон мэт төөрөгдсөн ажгуу. Түмэн ардын зүг үүнийг сануулах мэт эзэн Чингис бидний зүг маш ноцтой харна. Харин одоо түүний нүд рүү хэн ч анхааран харахгүй ажээ.
“Ноён шивэгчин хоёр” зургийг харахад, энэ хоёр яг ингэж уулзсан, тэр шөнө “сүү шиг сар”-тай байсан. Цаана нь байгаа уулс хүртэл хүрхэрч байгаа арслан шиг харагдах цагаар ноёнтон залуухан шивэгчин бүсгүйг ихэд таалж түүнтэй “Ертөнц” үйлдсэн юм. Ноёнтны чичирхийлсэн хуруу түүний хөхний товчноо хүрэхүй дор бүсгүйд нэгэн сайхан мэдрэмж төрж яг тэр агшинд түүний хэвлийд нуган үр байраа олсон билээ. Олон жилийн дараа тэр хүү харин гүн цолтой болж Хан Хөхийн нуруунаа хоног төөрүүлэх үед эхийнх нь сүнс зүүдэнд нь ирэн эцэг уулын тухай бүх нууцыг түүнд тайлж тэнгэр лүү хөөрөн одсон зэрэг олон үнэн түүхийг энэ зураг бидэнд хүүрнэх болно.
Энхжаргалтай би уран бүтээлийн аялалаар урт замыг туулж үзсэн. Хээр судалбар хийх үедээ өнгө будаг ялгаруулан зурах нь их ус эргээ даван халих мэт, юунд ч баригдахгүй, нялж пялж ёстой л нэг будагны тоглолтыг үзүүлж өгнө. Энэ тоглолт ч бас заримдаа түүний бүтээлүүдийн аль нэг хэсэгт тэсэрч дэлбэрсэн сэтгэлийг нь илтгэн харуулах нь ч бий. Түүний нүүрэнд мөнхийн инээд хөөр бялхаж уулзах бүр сэтгэл мялаадаг бол зурагнуудыг нь харахад түүний дотоод шаналал, зовнил илүү тодрон илэрдэг. Сэтгэлдээ бэлэн болсон санаагаа том зотон дээр нэг захаас нь эхлэн шууд дуусгаад явдаг. Харин огт будилдаггүй. Ингэж зурж байхыг нь би олонтоо харсан. Энэ онолыг багш нар маань бидэнд заагаагүй. Энэ бол зөвхөн Энхжаргалын “Өмч онол” гэж нэрлэе. Зураач байхыг Дондог багшаасаа өвлөн авсан бол харин хүн байх, бусдад эвсэг зөөлөн хандах сайхан сэтгэлийг Пүрэвсүх багшаасаа аваа болов уу. Нэг удаа үзэсгэлэнд Энхжаргалын зургийг харан зогсч байхад Дондог багш хүрч ирээд “их ерөнхий хардаг болсон нь зөв юм даа” гэж байсан нь санагдана. Хайртай багш Пүрэвсүх нь түүний хурц тод өнгөтэй, огцом өөрчлөлт орсон зургуудыг харж амжаагүй, тэр их авъяастныг дэндүү эрт “мөнх бус” авч одсон нь харамсмаар…
Энд би Ц. Энхжаргалын зургуудын тухай дурсах төдий дурьдан өнгөрлөө. Өнгө мөнгөний энэ цаг үед зураач хүнд байгалиас заяасан авьяас дээр нь сайхан сэтгэл нь нэмэгдэхээр л бүх зүйлс нь аяндаа бүтнэ гэж би бат итгэдэг. Энэ хоёр эрхэм чанар түүнд бий. Мэргэн үзэгчид “Билгийн нүд” буюу “Зургаа дахь мэдрэхүйгээрээ” илүү ихийг түүний зурагнуудаас тайлан уншиж, ойлгон мэдрэх биз ээ. Түүний сайхан зургууд танд ихийг бодуулах буй за. Энхжаргал орчноосоо сэдвээ амархан олж зургаа улам боловсронгуй болгохыг хичээж явдаг. Зохиомжоо ерөнхийд нь тэмдэглээд сэтгэлдээ маш сайн боловсруулдаг. Бид түүний хөгжимчний тухай зургийг тун удахгүй харах болно. Нэг булангаас нь аль хэдийнээ эхэлчихсэн байна билээ. Жаргах гэж төрдөг энэ хорвоод аз жаргалтай амьдраарай гэж хүсэн ерөөе.