Харин энэ удаад манай цэцэг зардаг сэргэлэн бизнесмэнүүд нэр дэвшигчдэд зориулсан цэцгийн баглаа санаачилж, тэр нь нэлээд хөөрхөн гүйлгээтэй байгаа юм байна. Ялангуяа орон нутгийн сонгуулийн сурталчилгааны нээлт болсон өдөр цэцэгчдийн “Сонгуулийн” гэж нэрлэсэн баглаа цэцэг тун ч гүйлгээтэй байсан гэнэ. Сонгуулийн сурталчилгаагаа нээж тууз хайчилж байгаа эрхмүүдэд зориулсан оюун ухааны билэгдэл цагаан лили, эрдэм номын шар сарнай зэргийг оролцуулсан ялалт бэлэгдсэн дэгжин цэцгийн баглаа доод тал нь 30 мянган төгрөгний үнэтэй. Сонгуульд нэр дэвшиж байгаа эрхмүүдэд дан хурим найрын цагаан, эсвэл хайр сэтгэлийн улаан, нөхөрлөлийн ягаан цэцэг бэлэглэлтэй биш гэж сандарч байсан найз нөхөд, штабынханд нь харин ч ийм “сонгуулийн” гэсэн нэртэй тусгай бэлтгэсэн баглаа цэцэг ихэд таалагдсан, цэцгийн дэлгүүрийнхэн ч “сонгуулийн баглаа гүйлгээ сайтай байна” гэж ихэд олзуурхаж байсан гэсэн. Сонгуулиа аа гэж янз бүрийн бизнес тэтгэх сүрхий ажил юм даа. За ямар ч гэсэн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны богинохон хугацаанд ялангуяа нээлтийн өдрүүдэд цэцгийн бизнесийнхний орлого сайжрах л бололтой. Бас ч гэж манай бизнес эрхлэгчид овсгоотой байна шүү, сонгуульд зориулсан тусгай цэцгийн баглаа ч сэдэж чадаж л байдаг.
Ингээд эрхэм нэр дэвшигчид маань ялалт бэлгэдсэн сонгуулийн баглаа цэцгээ бариад зүтгээд байж дээ, урагшаа.