АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Барак Обама санал хураалтын урьдчилсан дүн тодорхой болсонтой зэрэгцэн “Twitter” дэх хуудсандаа “Дахиад дөрвөн жил!” гэж бичээд эхнэртэйгээ авахуулсан зургаа тавьжээ. Хамгийн түрүүнд тэрбээр ерөнхийлөгч асан Билл Клинтон руу утастаж улиран сонгогдсоноо дуулгаад сонгуулийн ажилд нь оролцож, дэмжиж байсанд талархлаа илэрхийлсэн байна. Үүний дараа Б.Обама Чикаго хот дахь штабаасаа ард түмэндээ хандаж үг хэлэв. Юуны өмнө тэрбээр өөрийг нь дэмжиж саналаа өгсөн сонгогчдод баяр хүргэсэн бөгөөд удаад нь, өөрийн хамтран зүтгэгч, дэд ерөнхийлөгч Жо Байдэнд талархлаа илэрхийлжээ. Үүний дараа тэрбээр гэргий Мишель болон хоёр охиндоо хандаж халуун сэтгэлийн үг хэлсэн байна.
“Миний туйлын хайрт гэргий Мишельгүйгээр энэ ялалтыг төсөөлөхийн аргагүй юм. Мишель, чамдаа би урьд урьдаас илүү хайртай шүү” гэж тэрбээр хэлээд охиддоо хандахдаа “Би та хоёртоо талархаж, бахархаж байна. Гэхдээ энэ нь дахиад нохой авч өгнө гэсэн үг биш шүү. Одоохондоо та хоёрт нэг нохой хангалттай” хэмээн хошигножээ. Б.Обамагийнх Бо гэдэг нохойтой, түүнийгээ хэлсэн нь энэ бололтой. Мөн тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр төртэй өрсөлдсөнд нь М.Ромнид баяр хүргэсэн бөгөөд ойрын үед түүнийг урьж улс орны хөгжлийн ирээдүйн талаар ярилцах бодолтой байгаа аж. “Нийт америкчуудын ирээдүйн төлөө үргэлжлүүлэн ажиллах илүү шаргуу, илүү эрч хүчтэйгээр би Цагаан ордонд эргэн очих болно. Америкийн ирээдүйд би урьд урьдахаас илүү их итгэлтэй боллоо. Сайн сайхан ирээдүй бидний өмнө байна” гэж Б.Обама хэлжээ. Мөн тэрбээр АНУ-ыг гадаад орнуудаас газрын тосны хамааралтай байдаг явдлыг арилгахын төлөө ажиллана хэмээн амласныг BBC агентлаг иш татсан байна.
Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшин түүнтэй өрсөлдсөн М.Ромни Б.Обамад утсаар ярьж баяр хүргэсэн байна. Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар тодорхой болсны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрбээр энэ тухайгаа хэлсэн бөгөөд “Б.Обамаг дэмжсэн бүх хүн тэр дундаа багийнхан, гэр бүлд нь баяр хүргэж байна. Тэд энэ талархлыг хүлээх ёстой улс. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч улс орныг маань нэр төртэй удирдаж авч явахын төлөө би залбирах болно” гэж М.Ромни хэлээд танхимаас гарч явсан байна. Хэвлэлийн бага хурлын эхэнд тэрбээр гэргий Эннийгээ үлгэр жишээ тэргүүн хатагтай байх байсан хэмээн хэлснийг хэвлэлүүд иш татжээ.
АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь Б.Обамад Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Германы канцлер Ангела Меркель нар хамгийн түрүүнд баяр хүргэжээ. Д.Камерон “Найздаа үнэн сэтгэлээсээ баяр хүргэе. Цаашид хамтран ажиллахдаа туйлын баяртай байх болно” гэсэн бол А.Меркель “Сүүлийн жилүүдэд биднийг ажил хэрэг, андын нөхөрлөл холбосон” гээд дэлхийн эдийн засгийн хямралтай хамтран тэмцэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэдний араас НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, Бельгийн ерөнхий сайд, Энэтхэгийн ГХЯ, Египетийн ерөнхийлөгч, Израилийн ерөнхий сайд нар удаалсан байна. Хятадын төрийн тэргүүн Ху Жинтао, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао нар Б.Обамад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлснийг тус улсын ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ. Харин Вьетнамд айлчилж буй ОХУ-ын ерөнхий сайд Димитрий Медведев Б.Обамад “Twitter” дэх хуудаар нь дамжуулан “Congratulations” гэсэн ганцхан үгээр баяр хүргэсэн бөгөөд Ханойд болсон хэвлэлийн бага хурал дээр Д.Медведев түүнийг “Ойлголцоход амар, нээлттэй хүн” гээд “Ирээдүйтэй ерөнхийлөгч” хэмээн үнэлсэн байна. Сонирхолтой нь Оросын эсрэг үг өгүүлэл хэлдгээрээ алдартай М.Ромни ерөнхийлөгч болоогүйд сэтгэл хангалуун байгаагаа Д.Медведев илэрхийлсэн байна. “Биднийг N¹1 дайснаа гэж үздэг хүн нөлөө бүхий энэ том орны ерөнхийлөгч болоогүйд би баяртай байна. Оросыг ингэж үзэх нь хийрхэл юм” гэж тэрбээр хэлсэн бөгөөд “Америк бидэнд таалагдсан таалагдаагүй долларын ханш ямар байхаас Оросын айл бүрийн амьдрал шалтгаална” хэмээн түүний хэлснийг дэлхийн хэвлэлүүд иш татжээ.
СNN агентлагийн өчигдөр нийтлүүлсэн судалгаагаар Б.Обамагийн төлөө гол төлөв хар арьстнууд, эмэгтэйчүүд, залуучууд саналаа өгсөн байна. АНУ-ын цагаан арьст иргэдийн 59 хувь нь М.Ромниг дэмжсэн бол хар арьстнуудын 93, латин америкчуудын 71 хувь нь Б.Обамад саналаа өгчээ. Эмэгтэйчүүдийн 55 хувь, 29 хүртэлх насны залуучуудын 60 хувь нь Б.Обамаг дэмжсэн хэмээн CNN-ий судлаачид үзсэн бөгөөд 65-аас дээш насны иргэдийн 56 хувь нь М.Ромнид саналаа өгсөн гэнэ. Мөн Б.Обамагийн сонгогчдын 60 хувь нь ахлах анги төгсөөгүй боловч 55 хувь нь дээд боловсролтой аж. Харин коллежийн оюутан болон төгсөгчдийн дийлэнх нь М.Ромнийн талд байжээ. Цаашилбал Б.Обамагийн сонгогчдын 60 хувь нь жилдээ 50 мянган доллараас доош орлоготой бөгөөд 50 болон 100 мянгаас дээш орлоготнуудын дийлэнх нь М.Ромнийг дэмжсэн гэнэ. Сүсэгтнүүдийн дийлэнх нь М.Ромнийг дэмжсэн үзүүлэлт гарчээ. Мормон шашинт нэр дэвшигчид саналаа өгсөн хүмүүсийн 63 хувь нь долоо хоногтоо нэгээс олон удаа сүмд очдог бол Б.Обамаг дэмжигчдийн 62 хувь нь сүмд огт очдоггүй аж.
2008 оныхтой харьцуулахад энэ удаагийн сонгуулиар Б.Обамагийн сонгогчдын бүтэц бараг өөрчлөгдөөгүй хэмээн BBC агентлаг үзсэн байна. Өмнөх сонгуулиар хар арьстнуудын 90, латин америкчуудын 66 хувь нь түүнийг дэмжиж байжээ. Мөн Б.Обамагийн сонгогчдын 66 хувь нь 30-аас доош насныхан байсан гэнэ. Дөрвөн жилийн өмнө түүнийг дэмжиж байсан мужуудаас ганцхан Индиана л М.Ромнийн төлөө саналаа өгчээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсан даруйд дэлхийн санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүдэд шууд өөрчлөлт гарч эхлэв. Үүнд Америкийн хөрөнгийн биржүүдийн индекс буурсан бол валютын FOREX зах дээр доллар суларчээ. Өчигдөр үд дунд S&P индекс 0.66, “Dow Jones” 0,38, “Nasdaq” индекс 0,29 хувиар буурсан байна. Харин доллар еврогийн эсрэг 0,4 хувиар буурч 1,2867 доллар/евро гэсэн харьцаатай болжээ. “Б.Обама ялсан гэдэг нь Холбооны нөөцийн сангийн захирал Бэн Бернанкэ албан тушаалдаа хэвээр үлдэнэ гэсэн үг. Ингэснээр Цагаан ордны эдийн засгийн өмнөх бодлого үргэлжилж Америкийн төв банк эрсдэлтэй активуудын үнийг өсгөнө. Долларын ханш буурч байгаа нь үүнтэй холбоотой” гэж санхүүгийн нэртэй шинжээч Том Совэникийн хэлснийг “Reuters” агентлаг иш татсан байна. Ардчилсан намын сонгуулийн кампанид хоёр сая доллар хандивласан тэрбумтан Жорж Сорос Б.Обамагийн ялалтад баяр хүргээд “Энэ ялалт Вашингтоны ирээдүйн илүү эрүүл саруул бодлогод найдвар төрүүлж байна” гэжээ. “Америкийн сонгогчид эдийн засгийн эрс хатуу байр суурьтнууд Засгийн эрхэнд гарч ирэх замыг хааж илүү эрүүл саруул бодлоготнуудад бололцоо олголоо” гэж Ж.Сорос “Reuters” агентлагт ярьсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн америкчууд парламентын дээд танхимыг бүхэлд нь мөн доод танхимын гурваны нэг, 11 мужийн амбан захирагчийг сонгохоос гадна Пуэрто Рикогийн газар нутгийн статусын талаарх бүх нийтийн санал асуулга болон бусад асуудлаарх олон санал асуулгад оролцдог. Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан нам Сенатад 49 хувийн суудал авсан бол бүгд найрамдахчууд 43 хувийн суудалтай болжээ. Харин Конгрессын доод танхимд Бүгд найрамдахчууд олонх байдлаа хадгалж чадсан байна. Парламентын сонгуулийн хамгийн сонирхолтой үйл явдал бол Конгрессын дээд танхимд ижил хүйстэн эмэгтэй анх удаа сонгогдсон явдал болов. Ардчилсан намын нэр дэвшигч Тэмми Болдиун өөрийгөө ижил хүйстэн хэмээн ил тодоор зарладаг бөгөөд Висконсин мужаас өрсөлдөн ялжээ. Висконсин мужийн амбан захирагч Томми Томпсон түүнтэй өрсөлдсөн байна. Т.Болдуин ялалт байгуулсан даруйдаа үг хэлэхдээ өрсөлдөгч болон түүний талынхныг үзэл бодлын зөрүүгээ арилгаж, бүгд нэг үндэстэн гэдгээ тэргүүн зэрэгт тавьж ажиллахыг уриалжээ. Энэ сонгуулиар шийдэгдсэн бас нэг асуудал бол Мэн, Мерилэнд мужууд түүхэндээ анх удаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахаар хүлээн зөвшөөрсөн явдал байв. Ингэснээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн АНУ-ын мужийн тоо найм болжээ. Энэ удаа дээрх хоёр мужаас гадна Вашингтон, Миннесота мужид ийм санал асуулга явуулсан боловч сонгогчдын дэмжлэгийг хүлээгээгүй байна. Үүнээс гадна марихуаныг эмчилгээний болон хар тамхины хамаарлыг дэмжихээс бусад зорилгоор хэрэглэх, худалдах асуудлыг хуульчлах эсэхээр таван мужид санал хураахад Вашингтон, Колорадо мужийн сонгогчид дэмжжээ. Ингэснээр уг хоёр мужид марихуаныг зугаа цэнгээний зорилгоор хэрэглэх, борлуулах нь хууль ёсны болж байгаа ажээ.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин