Удахгүй энэ дайн эхлэх гэж байна. Гэхдээ энэ жил 16 мянган тонн мах нөөцлөнө гэх мэдээллээс өөр нөөцийн махыг ямар компани бэлтгэх, хэрхэн бэлтгэж байгаа, хэзээ бэлтгэж дуусах гээд бүх мэдээлэл ард түмэнд хүрээгүй байгаа. Түүнчлэн нөөцийн мах бэлтгэх асуудлыг ирэх жилээс эхлэн Онцгой байдлын газар мэддэг болно гэх яриа ч гараад байгаа. Энэ нь үндэстэй юм билээ. Учир нь Улсын нөөцийн тухай хуульд тодорхой заасан байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нөөцийн махтай холбоотой асуудлыг Онцгой байдлын ерөнхий газар хариуцах ёстой байдаг аж. Гэтэл нийслэлд хамаатай явж ирсэн. Харин энэ жилээс эхлэн ОБЕГ мах бэлтгэх, худалдаалах ажлыг хариуцахаар болж байгаа аж. Энэ талаар Хотын ерөнхий менежер Ч.Бат “Манайх хариуцахаа больж байх шиг байна. Юу болж байгааг сайн мэдэхгүй юм. ОБЕГ бэлтгэх, худалдаалах ажлыг хариуцахаар болох юм шиг байна. Үүнийг удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх байх” гэж байсан.
Нийгэм нөөцийн махны талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь Засгийн газрын бодлого гэнэ. Учир нь нөөцийн мах бэлтгээд эхэллээ гэсэн сургаар л ченжүүд “Хүчит шонхор” зах дээр зарагдаж байгаа махыг бөөндөөд нөөцөлчихдөг гэсэн. Яагаад гэвэл өнгөрсөн жил хэвлэлээр “нөөцийн мах бэлтгэж эхэллээ” гэсэн мэдээлэл гарсны дараа “Хүчит шонхор” дээр зарагдаж байгаа махнаас ченжүүд нөөцөнд өгөх зорилгоор худалдаж авч эхэлсэн байна. Үүнээс болоод махны үнэ нэмэгдсэн гэнэ. Тиймээс Ерөнхий сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд үүрэг өгч нөөцийн мах бэлтгэж байгаа талаар мэдээлэл цацахгүй байхыг анхааруулсан гэнэ. Мэргэжилтнүүд нь “Энд тэндхийн ченжүүд өдөр тутмын хэрэглээний махыг аваад хадгалчихаар үнийг хөөрөгддөг. Өнгөрсөн жил ямааны мах Хятад руу гаргаж байна гэсэн мэдээлэл гарав уу, үгүй юу бусад төрлийн махны үнэ өсчихсөн. Энэ жилийн хувьд төрийн бодлогоор хэн хэдэн төгрөгөөр, хаана бэлтгэж байгааг нууцалж байгаа” гэж байлаа. Түүнээс биш түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, махны үйлдвэр, малчидтайгаа хамтраад махаа бэлтгэж байгаа гэсэн. Гэхдээ одоо хэдэн тонн мах бэлтгэсэн, хэзээнээс худалдаанд гарах нь тодорхойгүй юм байна.
Энэ мэт нууцлаг байдал нь иргэдэд “Энэ жил нөөцийн мах худалдаанд гарахгүй юм биш биз дээ” гэсэн хардлага төрүүлээд байгаа билээ. Зарим иргэд “Нөөцийн мах бэлтгэх сураг алга, өөрсдөө л эртхэн махаа нөөцөлж авахгүй бол үнэтэй мах авч мэдэх нь” хэмээн сэрэмжилж суугаа гэсэн.
Гэхдээ тэгж сэрэмжлэх хэрэггүй юм билээ. Ямар ч байсан Засгийн газраас нөөцийн махаа бэлтгээд эхэлсэн юм байна. Гэхдээ нууцлаг байдлаар гэсэн үг. Урьд жилүүдэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд мах нөөцөлж байсан шиг энэ жил ч мөн уг журмаар явах бөгөөд нийт 16 мянган тонн мах нөөцлөх юм байна. Гэхдээ урьд нь хэрэгжиж байсан урамшууллын систем үйлчлэхгүй. Харин оронд нь “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулаад байгаа. Уг хөтөлбөрийн үнийг тогтворжуулах зорилгоор гурван жилийн турш хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр “Хүчит шонхор” захын монополь эрх үгүй болох аж. Учир нь бүх дүүрэгт “Хүчит шонхор” шиг худалдааны төв байгуулахаар бэлтгэж байгаа юм байна. “Хүчит шонхор” зах нь ганцаараа монополь учраас иргэдийн гар дээр очих гэж дөрвөөс таван дамжлага дамждаг. Дамжлага бүрт үнэ өсөг. Энэ өсөлтийг хазаарлах үүднээс ирэх он гэхэд дүүргүүдэд махны худалдааны төвтэй болчих юм гэнэ.