
Шинэ дасгалжуулагч Тито Вилановагийн удирдлага дор нэг ч хожигдоогүй байсан “Барселона” өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хэсгийн шатанд “Селтик”-ийн талбайд зочилж, 2:1 харьцаатай ялагдал хүлээлээ. Хэсгийн шатны дөрөв дэх тоглолтын үр дүнгээс хамааран тухайн хэсгээс хасагдах шатанд шалгарах багууд эхнээсээ тодорч эхэлдэг. “Барса”-гийн хувьд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ баталгаажуулж чадаагүй ч “G” хэсгийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин “Селтик” Виктор Ванаяма, Тони Ватт нарын гоолын ачаар хүнд учраагаа буулган авснаар шөвгийн 16-д үлдэх боломжоо ахиулав. Тэд дөрвөн тоглолтоос долоон оноо аваад байгаа юм. “Селтик”-ийн хувьд өнгөрсөн шөнийн ялалт тус багийн 125 жилийн түүхэн дэх хамгийн агуу ялалтуудын нэг байлаа.
Мөн тэдний хамт “G” хэсэгт сугалаа таарсан “Спартак Моксва” өнгөрсөн шөнө “Бенфика”-гийн талбайд 2:0 харьцаатай хожигдсоноор гурван оноотой хэсэгтээ сүүл мушгиж байна.

Аваргуудын лигийн өнгөрсөн улирлын цомын аварга “Челси” талбайдаа Шахтёр Донецк”-ийг хүлээн авч, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт ялалтын гоол оруулснаар өрсөлдөгчөө 3:2 харьцаатай хожсон. Сэлгээгээр талбайд гарсан Виктор Мосес тоглолтын эцсийн мөчид Хуан Матагийн булангаас цохисон цохилтыг гоол болгосноор багтаа ялалт авчирчээ. Хэдийгээр өрсөлдөгчийнхөө талбайд хожигдсон ч Украйны баг хэсгээ тэргүүлж байна. Гэхдээ “Челси” ижил оноотой боловч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдээд байгаа юм. Тэдний араас “Ювентус” зургаан оноотой, ганцхан онооны зөрүүгээр нэхэж байна. “Хуучин ноёд” өнгөрсөн шөнө талбайдаа Данийн “Норшеллан”-ыг 4:0 харьцаатай бут ниргэсэн.

“Н” хэсэгт сугалаа татсан Английн “Манчестер Юнайтед” өнгөрсөн шөнө талбайдаа “Брага”-г 3:1 харьцаатай хожсоноор хэсгийн шат өндөрлөхөд хоёр тоглолт дутуу байхад шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авлаа. Өнгөрсөн улиралд хэсэгтээ “Бенфика”, “Базел”, “Оцелул” гээд харьцангуй сул өрсөлдөгчидтэй сугалаа таарсан ч хэсгийн шатанд бүдэрсэн Сэр Алексын баг энэ удаад эхний дөрвөн тоглолтдоо ялалт байгуулж, эхний даваагаа давлаа.
“Брага” харин дөрвөн тоглолтоос гурван оноотой хэсэгтээ хамгийн сүүлд бичигдэж байна. Мөн энэ хэсэгт багтсан “Галатасарай” өнгөрсөн шөнө Румынд “Клуж”-ийг 3:1 харьцаатай хожсон. Ингэснээр хоёр баг хоёул адил дөрвөн оноотой болоод байна.
Харин “F” хэсгийг Германы “Баейрн Мюнхен”, Испанийн “Валенсия” багууд ижил есөн оноотой хэсгээ тэргүүлсээр. “Баейрн” өнгөрсөн шөнө “Лилль”-ийг 6:1 харьцаатай бут ниргэсэн. Францын багийн хувьд ийнхүү дөрвөн тоглолтоос ганц ч оноо авч чадсангүй. “Валенсия” өнгөрсөн шөнө талбайдаа “БАТЭ”-г хүлээн авч, 4:2 харьцаатай ялалт байгуулжээ.