-Сүүлийн үед шатахуунтай холбоотой нэлээд асуудал үүсээд байгаа. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас “Сод Монгол” компанийг онгоцны түлшний нийлүүлэлт дээр ганцаараа монополь болдог гэдэг?
-Тэр үнэн. Ер нь монголчууд бүгд мэддэг. Гэвч хэн ч дуугардаггүй. Гэхдээ одоогоор тус компанид шалгалт хийж байгаа.
Шалгалтын хариу гартал компанийн нэр хүндтэй холбоотой асуудал учраас хамаагүй юм яримааргүй байна. “Сод Монгол” компани онгоцны түлшнээс дэндүү их ашиг олсон. Тэднийг цаашид ингэж давраахгүй. Тухайлбал, Бээжинд нэг тонн түлш 850-900 ам.доллар байхад Монголд 1700 ам.доллар байна. Ингэж болохгүй биз дээ.
-Тэгэхээр бусад компаниуд онгоцны шатахуун оруулж ирэх боломжгүй юм уу?
-Одоохондоо тийм боломж алга. Харин бид цаашид яах вэ гэдэг дээр олон хувилбар ярьж байгаа. Түүнээс нэгийг нь сонгоно. Тухайлбал, төрийн өмчит компани байгуулж болох юм. Цаашид “Сод Монгол” компанитай холбоотой шалгалт дууссаны дараа илүү тодорхой болох байх.
-Шатахуун нийлүүлэгч том компанийн нэг “Петровис” үнээ нэмэх яриа бий?
-Бидэнд одоогоор үнээ нэмнэ гэсэн албан ёсны тооцоогоо ирүүлээгүй байна. Нэмэгдэх шаардлага нь байвал нэмж таарна. Харин ямар ч үндэслэлгүй нэмчихвэл хуулийн дагуу хариуцлага тооцох нь ойлгомжтой шүү дээ. Тус компани зах зээлд давамгайлагч байгууллага учраас манайд заавал тооцоогоо ирүүлэх ёстой.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга болсноосоо хойш та томоохон компаниудыг “чичрүүлсэн” нэлээд олон ажил хийлээ. Өмнө нь энэ байгууллагын чухам юу хийдэг нь тодорхой бус байсан. Та энэ байгууллагад ирээд сэрээгээд байна уу. Аль эсвэл таныг дээрээс шахаад байгаа юу?
-Энэ байгууллага гурван хуулийн хэрэгжилтийг хангадаг юм. Нэг ёсондоо Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага. Өмнөх дарга нарын тухайд дэндүү зөөлөн ханддаг байж. Тэд томоохон компаниудад дураараа дургих боломжийг олгож өгсөн гэж болно. Үүнийг цэгцлэх цаг ирсэн. Маш цөөн нийлүүлэгчтэй, жижиг зах зээлтэй манайх шиг оронд үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь үгсэн хуйвалдаж ихээхэн ашиг олох боломж өндөр байдаг. Үүнээс үүдээд манай байгууллагын оролцоо төдий чинээ их байна гэсэн үг. Гэхдээ бидний хувьд зах зээлийн жамаар зайлшгүй өөрчлөгдөж байгаа үнэд оролцох боломжгүй. Хамгийн гол нь бид тодорхой стандарт, журам гэж байдаг юм бол түүнийг ягштал мөрддөг болгохыг зорьж ажиллаж байна. Ингэж ч ажиллаж чадна. Би хийх ёстой ажлаа л хийж байна.
-Ер нь Шударга өрсөлдөөний тухай, Хэрэглэгчдийн эрх ашгийн, Зар сурталчилгааны тухай хуулиудад учир дутагдалтай зүйлүүд олон байна гэдэг. Тэгэхээр тус хуулиудад ямар нэгэн өөрчлөлт оруулах уу?
-Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Гэхдээ нэг их өөрчлөлт оруулаагүй. Миний хувьд нэг зарчим баримталдаг. Тухайн салбарт ямар хууль, дүрэм үйлчилж байна тэнд тохируулж ажиллах гэдэг. Түүнээс биш олон асуудал ярьж гуншигнадаггүй.
-Таныг хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа гэж байгаа. Өнгөрсөн сарын 30-нд гадаадаас ирмэгцээ нэр бүхий 16 сайтын үйл ажиллагааг зогсоолоо гэсэн гомдолтой холбоотойгоор?
-Тэдгээр сайттай холбоотой гомдол их ирсэн л дээ. Гомдлын дагуу манай мэргэжилтнүүд шалгасан юм. Тухайлбал, та нарын өдөржингөө хөлс хүчээ гарган байж олсон мэдээллийг бусад нь юу ч хийхгүй зүгээр сууж байгаад хуулж тавина гэдэг шударга гэж үү. Гомдол гаргаад байгаа нөхдүүд хэвлэлийн эрх чөлөөг хаалаа гэж яриад байгаа. Хэвлэлд бусдынхаа ажлыг мөлждөг эрх чөлөө байж болохгүй. Тиймээс тухайн сайтынхан алдаагаа арилгасан тохиолдолд эргээд үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Надад эдгээр сайтыг хаасны төлөө нэлээд дарамт ч ирсэн.
-Үйл ажиллагааг нь зогсоосон сайтуудаас гадна бусад томоохон сайтууд хүртэл гэрээ байгуулаагүй байж сэтгүүлчийн материалыг гаргасан тохиодол байдаг?
-Зарим сайтын үйл ажиллагааг хаасан нь бусад сайтад сургамж, анхааруулга болсон болов уу. Хэрэв үнэхээр сэтгүүлчийн материалыг бичигчийн зөвшөөрөлгүйгээр тавьсан бол бидэнд хандах хэрэгтэй. Түүнээс биш би бусад мэдээллийн сайтуудын талаар цохож яримааргүй байна.
-Танай байгууллага үүрэн холбооны оператор компаниудтай яриаг секундээр тооцох, дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа төлбөрийн хүүг нь буцааж өгөх талаар харилцан тохиролцоонд хүрсэн. Гэтэл тухайн компаниудын удирдлагуудтай уулзахад техник, мэргэжилтэн дутмаг, алдагдал үүсэх боломж өндөр байна гэж байсан?
-Компаниуд бидэнтэй харилцан тохиролцсон. Ирэх оны гуравдугаар сараас эхэлж хэрэглэгчид секундээр ярих нь баталгаатай юм. Харин дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөрийн барьцаа, хүү буцаах асуудал ч гэсэн нэг талдаа гарч байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд “Мобиком” корпораци гэхэд хэрэглэгчдийнхээ барьцааг энэ сарын 1-нээс эхэлж буцаан олгож байгаа байх. Мөн “Скайтел” компани барьцаагүй үйлчилгээ нэвтрүүлээд эхэлчихсэн. Ер нь барьцаагүй болох эхлэл тавигдсан гэж болно. Гэхдээ цаашид ямар үр дагавар гарахаас үүдэж хэрхэх эсэхийг нь шийднэ. Мэдээж хэрэг компаниуд нэлээд алдагдал хүлээх нь ойлгомжтой. Бид олон удаагийн уулзалт зөвшилцлөөр уг тохиролцоонд хүрсэн.
-Таныг хэлтсийн дарга нарын хамт ундаа, жүүс үйлдвэрлэгч компаниудын удирдлагуудтай уулзсан гэсэн. Цаашид тэдэнд ямар хяналт тавьж ажиллах гэж байна вэ?
-Бидний тавьсан шаардлагыг компаниуд ирэх оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Тэд олон сая ам.долларын сав баглаа боодлыг авчихсан байгаа. Түүнийгээ дуусгахаар шаардлагын дагуу ажиллана. Европт үйлдвэрлэсэн ундаа, Монголд үйлдвэрлэснээс чанар, амтын хувьд ялгаатай байгаа талаар хэрэглэгчдээс гомдол ирсэн. Тиймээс үүнийг цэгцлэнэ.
-Танай байгууллагын хуучин удирдлагууд өнгөрсөн жил шатахуун импортлогчдод 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулаад эцэст нь цуцалсан. Харин та үүнийг дахин сэргээх тухай дуулдаж байна билээ?
-Мэдээж хэрэг төрийн ажил өнөө маргаашдаа шийдэгдчихгүй. Ерөнхий сайд зөвлөл байгуулсны дараа үүнийг авч хэлэлцэх болно. Ямартай ч 17 тэрбум төгрөгийн торгуулийн асуудлыг дахин сэргээнэ гэдгийг хэлчихье.
-Манай улс стандартыг төдийлөн сайн мөрддөггүй орон. Харин таны хувьд ямар стандартаас эхлэх гэж байна вэ?
-Бид стандартыг нэг мөр болгохын тулд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, махны хувьд “Дэлгүүрийн лангуу дээр зарагдаж байгаа мах үйлдвэрт бэлтгэгдсэн байх ёстой” гэсэн стандарт байдаг. Үүнийг ойрын үед хугацаа тавьж байгаад Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч шийдэх болно. Харин иргэд гэртээ монгол аргаар малаа төхөөрөөд идэх нь өөрсдийнх нь асуудал. Бидний хувьд зөвхөн лангуун дээр задгайгаар зарж байгаа махыг хянах юм.
-Сүүлийн үед нийслэлийн иргэдийг цочроогоод буй барилгын компаниудтай хэзээнээс тэмцэх гэж байна вэ?
-Тун удахгүй. Хамгийн гол нь бид шат дараалалтай тэмцэнэ. Үүнийг манай мэргэжилтнүүд шалгаж байгаа.
-Таны хувьд өмнө нь Сангийн яаманд ажиллаж байсан. Төд удалгүй төрийн албан хаагч биш, тэмцэгчийг сонгосон удаатай. Магадгүй та одоо энэ ажлаасаа болиод дахиад тэмцэгч болох уу?
-Би одоо ч гэсэн тэмцэж байна. Миний үйл хөдлөл, хийсэн болон, хийх гэж байгаа ажил бүгд ард түмнийхээ төлөөх тэмцэл. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Манай нам эрх барьж байна. Сонгогчид бидэнд энэ боломжийг олгосон. Харин би энэ байгууллагын эрхийг барьж байна. Мэдээж хэрэг сөрөг хүчин өөрийнхөө ажлыг хийгээд явах байх.
-Түүнчлэн та иргэн, нөгөөтэйгүүр улстөрч хүний хувьд Засгийн газар ийм олон яам байгуулсан нь хэр үр дүнтэй болов?
-Монгол Улсын эдийн засаг маш их өсөж байна. Мөн нийгэмд цаг үетэй уралдаад олон шинэ зүйл гарч ирлээ. Тиймээс энэ бүхнийг зохицуулах арга механизм хэрэгтэй болж таарна. Тиймээс яамдын тоог олшруулсан нь нэг их буруу биш байх.
-Тантай хамт тэмцэж явсан С.Ганбаатар, Ж.Батзандан гээд олон хүн өнөөдөр УИХ-ын гишүүн болчихлоо. Та ер нь гишүүн болчихсон бол гэж боддог уу?
-Би өнгөрсөн сонгуулиар өөрөө нэр дэвшээгүй. УИХ-ын 2008 оны сонгуулиар таван хүний амь нас эрсэдсэн аймшигтай явдал болсон. Миний хувьд шууд утгаараа буруугүй л дээ. Тэглээ ч гэсэн өөртөө ёс зүйн хариуцлага тооцъё гэж бодсон. Энэ хариуцлага маань нэг л удаа байх болно. Харин цаашид УИХ-д өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа.
-Нөгөөтэйгүүр таныг энэ албан тушаалд суухад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэр нөлөөлсөн бэ?
-Мэдээж хэрэг нөлөөлсөн. Агентлагийн дарга нар Ерөнхий сайдын багт орж ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс Н.Алтанхуяг сайд шийдвэр гаргасан. Гэхдээ би төрийн албан хаагч учраас улс төрийн ямар нэгэн байр суурь илэрхийлж болохгүй.
-Танд ажлын амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.