Суудлын ая даахгүй ДЦС-д бүл дутаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Суудлын ая даахгүй ДЦС-д бүл дутаж байна

Их хотын чийдэн салхинд үлээгдсэн дэнгийн гэрэл шиг нэг тодорч, нэг бүдгэрч байна. Монголын хүн амын талаас илүү хувь нь дөрвөн уулынхаа дунд чихэлдэж, хөдөөнөөс хотыг зорьсон нүүдэл үл тасрах тул уулын ам, жалганы амсарт хаяа хатган буух айлуудын тоо өссөөр. Тэнгэр баганадах шинэ барилгууд ч улам их цахилгаан, дулаан нэхэж байна. Өнгөрсөн зууны дундуур хагас саяас давахгүй оршин суугчтай байхаар төлөвлөсөн Улаанбаатарын эрчим хүчний хэрэгцээг социализмын үед барьсан гуравхан Дулааны цахилгаан станц нуруундаа үүрч байгаа юм.  Ялангуяа сүүлийн хэдхэн жилд ачаалал 8-10 хувиар өсчээ. Гэтэл ДЦС-4 аль 1983 онд гал голомтоо асааж, гурван жилийн дараа эхний ээлжийн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээс хойш их хот тулгандаа гал нэмсэнгүй. Тэр үед улс орны удирдлага сэтгэлдээ галтай хүмүүс байсан ч юм уу эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх түлхүү бодлого хэрэгжүүлсний хүчинд өчигдрийг хүртэл хөгжлийн алхаанаас хоцорсонгүй.  

Өнөөдөр энэ салбар зах зээлийн давалгаанд нэгэнт гээгдсэн нь тодорхой болов. Мөнөөх эрчим хүчний түрүүлж явсан алхаа уул уурхай, их барилгажилтын хөгжлийн хурдыг гүйцэхгүй түүртэж эхэллээ. Тус салбарын эх үүсвэрүүдийн өнөөгийн суурилагдсан хүчин чадал дээр импортоор авах боломжит чадлыг тооцож үзэхэд 2014 оноос эрчим хүчний дутагдалд гарцаагүй орж эхлэх тооцоо гарч байна. Монголчууд капитализмыг алгассан цагаан мориныхоо амыг эргүүлж татаад эрчим хүчний салбарыг хувьчлах эрх зүйн орчныг бүрдүүлсэн атлаа бүтээн байгуулалтын дорвитой ажил хийсэнгүй. Өнөөдөр Дулааны цахилгаан станцууд хувьцаат компани,  түгээх сүлжээнүүд төрийн өмчийн хувьцаат компаниуд болсон. Гэвч Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж арилжаалан мөнгө босгож, хөрөнгө оруулалт хийсэн юм алга.

Ер нь эрчим хүчний хангамжийг хэд хэдэн түвшинд авч үзэх хэрэгтэй юм байна л даа. Төвлөрсөн хот суурин газарт ямар байхав, алслагдсан бүсийг яаж хангахав, тархай бутархай малчдаа орхих юм уу гэх мэт. Тэгвэл төвийн эрчим хүчний систем маань их нүүдлийн дараах суудлын ая даахгүй болж. Ардчиллын буянаар төв руугаа тэмүүлсэн хүн амыг ад үзэгдсэн социализмын үеийн станцууд цахилгаан, дулаанаар хангасаар ирлээ. Дан ганц улсын нуруун дээр энэ салбар цааш хөгжихгүй нь тодорхой болов. Иймээс хувийн хэвшлийнхэн хүч түрж орж ирэх цаг болжээ. Үүний үүд хаалга нь эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлсөн явдал. Мэдээж дулааны ч бай, ус, салхиных ч бай станц өртгөө нөхөж чадаад ашигтай ажиллах тооцоо байвал хэн нэг нь хөрөнгө оруулалт хийнэ. Одоо нэг кВт цахилгаан, нэг Гкал/ц дулаан ямар үнэтэй байхыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож байна. Гэхдээ төрөөс жолоог нь сул тавьчихсангүй. Дандаа алдагдалтай явж ирсэн эрчим хүчний үнийг УИХ-ын 2011 оны 72 дугаар тогтоолд аажмаар нэмэгдүүлж, хэвийн хэмжээнд хүргэхээр заасан.Суурин амьдралд ус, агаар шиг хэрэгтэй цахилгаан, дулааныг цаг цагт нь үйлдвэрлэдэг ч даанч нөөцөлж болдоггүй эд.

“Улаанбаатар ДЦС-5” төслийн хувь заяа эргэж буцсаар өнгөрсөн оны зун “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” консорциум давуу эрхтэй оролцогчоор шалгарсан билээ. Тус консорциум туршлага, чадвар, санхүү болон техник технологийн боломж, дотоодын хамтрагчийн чадамж зэргээрээ олон давуу талтай юм байна. Станцын нийт хүчин чадал 100,469 МВт, үйлдвэрлэлийн гол цөм болох эргэлдэгч буцламтгай давхрагат шаталттай зуух буюу CFB бүхий ДЦС-ыг барьж байгуулсан болон ашиглаж буй туршлага нь 2,705 МВт ажээ. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ 2015 он гэхэд 1000 МВт, дулаан 1800 Гкал/ц хүрэхээр байгаа нь эрчим хүчний энэхүү шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг яаравчлахад хүргэж байна. Арга ч үгүй биз, төвийн эрчим хүчний системд нийслэл, 13 аймгийн 150 гаруй сум багтдаг. Дээр нь Улаанбаатарын утааг багасгах 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг амилуулахад гол судас болно. ДЦС-4-ийг нийслэлийн  баруун захад барьсан нь хотын орон зайн төлөвлөлтөд эерэгээр нөлөөлсөн шигээ ДЦС-5 Хонхор орчимд босвол шинэ суурьшлын бүс зүүн тийшээ тэлэх боломжтой. Гагцхүү маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх газрын асуудал дархан цаазат Богд хан уулын бүсэд хамаарах учраас УИХ эцэслэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй. Харин газар хавчсан юм шиг манайхны хотын төвдөө шигддэг сэтгэлгээ парламентын ордны шавыг ч одоо хэр тавьж чадахгүйд хүргэсэн гашуун сургамжаа давтвал гал алдахад тулж мэднэ. 

Мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ойролцоо шинэ цахилгаан станц барих хамгийн ашигтай байршил нь Баянзүрхийн товчооны зүүн талд  хуучин орос цэргийн радио локацийн баруун талын аман дахь байрлал гэж үзжээ. Энэ байршлын давуу тал нь төмөр замыг салаалан тавих боломжтой, хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Мөн газар чөлөөлөх асуудал байхгүй, хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Үнсийг хуурайгаар зөөж зайлуулах тээвэрлэлт хийхэд хялбар, дулааны шугам болон цахилгаан дамжуулах агаарын шугам барих зурвас чөлөөтэй юм байна.

Гэвч шаваа тавиагүй ДЦС-5-ыг ашиглалтад орох хүртэл нийслэлийн дулаан хангамжийн чадлын хомсдлыг арилгах зорилгоор Амгалан дахь “УС-15”-ыг түшиглэн 250 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцыг 18 сарын хугацаанд барихаар төлөвлөжээ.  Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулахаар санал боловсруулан яамдаас санал авч байна. Илч түгээх энэ эх үүсвэр ашиглалтад орсноор 20 мянга гаруй айл өрхийн дулааны хангамжийг шийдвэрлэнэ. Мөн  дулааны дутагдлаас богино хугацаанд гарах техникийн боломжит хувилбар болох ДЦС-4-ийг 100 МВт-аар өргөтгөх юм. Энэ төсөл 95 сая ам. долларын өртөгтэй бөгөөд 7,8  жилд зардлаа нөхөхөөр урьдчилан тооцоолжээ. Харин 2012 оны есдүгээр сард  ДЦС-4-ийн төлөөлөгчид  ОХУ-ын Уралын турбины заводад очиж, шинэ турбин нийлүүлэх  гэрээний үнийг эцсийн  байдлаар тохирсноор төслийн өртгийг 70  сая ам. долларт багтаахаар болсныг Эрчим хүчний сайд М.Сономпил дуулгав. Хөгжлийн банкны тухай хууль болон УИХ-ын 2010 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн зохих заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу  дээрх 70 сая ам долларыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэхээр тооцоод байна.

 Энэ төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.ц, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/ц-аар нэмэгдэх ба энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 оны  хэрэглээний өсөлтийг хааж, шинэ эх үүсвэр ашиглалтад ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй хангах найдвартай арга хэмжээ болох учиртай. Эдгээр төслийн хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд цаг алдалгүй шийдэж, угсралтын ажлыг эхлүүлбэл 2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө дуусгах боломжтой ажээ. Гэхдээ нүүрсний зарцуулалт 800 мянга гаруй тн-оор, усны хэрэглээ 70 мянган тн-оор өсөх боловч станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ даруй хоёр хувь буурснаар ДЦС-4-ийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшлэх юм байна.

Монгол Улсын тулганы галд сүүлийн гучаад жилд Тайшир, Дөргөний усан цахилгаан станц, Өмнөговийн Даланзадгад, Ухаахудаг дахь дулааны цахилгаан станцаар цучил нэмснийг эс тооцвол эрчим хүчний томоохон эх үүсвэр нэмэгдсэнгүй. Уг нь “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын 1996-2000 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрчим хүчний найдвартай эх үүсвэрт хөрөнгө оруулж, хөгжлийн бүс, аймаг, сумын төв, суурин газрыг эрчим хүчний шинэ эх үүсвэрээр хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлнэ” гэж заасан байсныг Н.Алтанхуягийн шинэчлэлийн Засгийн газар сэргээж, анхны дорвитой шан татах буйзаа. Эс тэгвэл Эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж гуайн зүйрлэж хэлснээр Монгол Улсын эрчим хүчний салбар өндөр даваа өөд нэгдүгээр араагаараа мацаж яваа ахадсан ачаатай чиргүүлтэй машин шиг ухрах эрхгүй уухилж явна. Энэ машин хүч алдвал эх орны голт зүрх тэр чигээрээ зогсоно гэсэн үг. Нүүдлийн хөлд дарагдаж, суудлын ая даахгүй болсон станцуудад бүл дутаж байна.   

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж