Энэ шалтгааныг албаныхан шатахуун бол стратегийн бараа бүтээгдэхүүн учраас дураараа огцом нэмэх ёсгүй гэснээр тайлбарлаж байна. Тэгвэл сүүлийн өдрүүдэд нефтийн зах зээл дэх том тоглогч нь 200 төгрөгөөр нэмнэ гэдгээ мэдэгдсэн байтал үнэ нэмэгдэхгүй гэсэн дээрх үг хэр хүчтэй вэ гэсэн асуулт төрнө.
Стратегийн ийм бүтээгдэхүүний нөөц, үнэ бүрдэлтийг Засгийн газар, агентлагуудаас томилогдсон Үнийн зөвлөл хэлэлцэн шийдэх учиртай юм байна. Зөвлөл энэ долоон хоногийн баасан гарагт хуралдах товтой байгаа гэнэ. Үүнээс өмнө, зөвлөл хуралдах гэсээр байтал компаниуд үнээ нэмчихвэл яах вэ? Тэгвэл стратегийн бүтээгдэхүүнийг оруулж ирж, борлуулахын тулд компаниуд тусгай зөвшөөрөл авдаг гэнэ. Тиймээс төр, засгаас энэ талаарх тодорхой чиглэл гараагүй байхад шатахууны үнээ дураараа нэмбэл компаниудын уг зөвшөөрөлтэй ярих тухай бодлого боловсруулагчид өчигдөр бодитой хариултыг өглөө.
Одоогоор АИ-80,92 төрлийн шатахуун 44 хоног, түлш 12 хоногийн нөөцтэй байгаа Монгол Улсын хувьд ирэх жилүүдийн биш юм аа гэхэд ирэх саруудын хэрэглээг тасралтгүй хангахын тулд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ингэж шатахуунаа гаднаас авахдаа дотооддоо үнээ нэмэхгүй байх гарцыг Монголбанк, Уул уурхайн яам хийж байна гэх. Үнэхээр үр дүнгээ олвол сайхан хэрэг. Тодруулбал, өмнөх 10 дугаар сарын сүүлчээр Монголбанк, Уул уурхайн яам, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл хамтран шатахууны үнийг тогтворжуулах зорилготой гэрээг хийсэн. Энэ нь шатахуун импортлогч компаниудад нийт 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох учиртай юм. Ингэснээр шатахууны үнэ, цаашлаад өргөн хэрэглээнийн барааны үнийг өсгөхөд голлох нэгэн хүчин зүйл болох валютын ханшийн хэлбэлзлээс ангид байлгах ажээ. Учир нь импортлогч компаниуд шатахуунаа авахдаа доллараар худалдаж аваад, төгрөгөөр борлуулдаг ийм эргэлтээр дэлхийн валютын ханшийн хэлбэлзэлд өртөөд үнээ яах аргагүй нэмэх байдалд хүргэдэг. Тиймээс үүнийг шийдэхийн тулд хөнгөлөлттэй зээл арилжааны банкнаас олгож санхүүжих боломжийг өгч байна гэх. Энэ хүрээнд 15 компани нийт 235 сая ам.долларын зээл авах хүсэлт ирүүлжээ. Нийт 120 сая ам.долларын хэмжээтэй хөнгөлөлттэй зээлээс бараг хоёр дахин илүү хэмжээний зээл хүссэн байна. Уул уурхайн яамнаас энэ талаар хэрхэхийг тайлбарлахдаа компаниудын импортоор оруулж ирдэг шатахууны хэмжээ, шатахуун түгээр станцын тоо, үйл ажиллагаа явуулдаг байдал, мөн жижиглэнгийн худалдаанд эзэлдэг хувь хэмжээг нь харгалзан үзэж нэг компанид дээд тал нь 37-38 сая ам.доллар, доод тал нь 700 мянган ам.долларын зээлийг олгох боломжтой гэж тооцоолжээ. Энэ хөнгөлөлттэй зээлийн саналыг компаниудтай тохиролцсон бол одоо Монголбанк үүнийг нягталж үзээд, арилжааны банкуудад үүрэг, чиглэл өгөх юм байна. Ингээд импортлогч компаниуд өөрсдийн харилцдаг банкнаасаа заасан хэмжээнд зээлээ авах ажээ.
Шатахууны үнэ өсөх нь гэсэн яриа ОХУ-ын нийлүүлэх шатахууны үнээс улбаатай нь тодорхой бөгөөд үүнийг улам хүч нэмэгдүүлэх болсон нь томоохон шатахуун импортлогч компанийн мэдэгдэл байв. Бүр 200 төгрөгөөр нэмнэ гэв. Түүний дараахан нөөцгүй болсон гээд шатахуунаа гаргахгүй өдөр ч байсан. Энэ тал дээр “Зарим компани үнээ нэмэх тухай мэдэгдэл гаргасан ч энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар нягталж байж нэмэх асуудал” гэж албаныхан онцлов. Харин нөөцийн тал дээр сүүлийн үед ОХУ-ын зарим компаниуд засвар хийгээд нийлүүлэлт багассан нь бий ч энэ нь хомсдолд орох хэмжээний нөлөөлөөгүй гэнэ. Мөн нэг асуудал бол иргэдийг зарим нь ялгаварлаж, картаар шатахуун олгож байсан бол өчигдөр яамнаас импортлогч компаниудтай уулзаж, картаар бус хэвийн үйлчилнэ гэдэг амлалтыг авсан байна. Ямартай ч шатахууны үнэ төр, засгаас тодорхой чиглэл гартал тогтвортой байх учиртай гэж байна шүү.