Х.Мөнхбаатар: Намайг дарамталж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Х.Мөнхбаатар: Намайг дарамталж байна

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Гэвч хариуг нь зарлалгүй өдийг хүргэв. Тэгвэл сэргээш хэрэглэсэн бөхийн нэрийг Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор зарлалаа. Энэ жилийн хувьд үндэсний их баяр наадмын сэргээшийн шинжилгээ зуны спортын XXX наадмынхтай давхацсан тул өдийг хүртэл саатсан талаар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хэлэв. 10 гаруй хоногийн сонин хэвлэл мэдээллээр улсын арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарыг сэргээш хэрэглэснийг тогтоосон. Гэвч албан ёсоор зарлаагүй байсан юм. Харин дээрх хоёр бөхийн нэрийг өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооноос баталгаажуулж албан ёсоор зарлалаа. Хэдийгээр сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэр тодорхой болсон ч ямар шийтгэл оноох нь тодорхойгүй хэвээр үлдэв. Учир нь, баяр наадмыг комиссыг толгойлдог шадар сайд М.Энхболд албан тушаалаасаа бууж, оронд Д.Тэрбишдагва томилогдсон. Тэгэхээр баяр наадмын комисс дахин бүрэлдэж, шийдвэр гарах хүртэл сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг хэрхэн шийтгэх хүлээлтийн байдалтай үлдэж байна. Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Авах бүрт 1-2 бөхөөс эерэг хариу гардаг. Үүнийг нь албан зарлахад сэргээш хэрэглэсэн гэх бөх хэвлэлийн хуралд сууж байсан удаа байдаггүй. Тэгвэл өчигдрийн хэвлэлийн хуралд улсын арслан Х.Мөнхбаатар суусан нь олны анхаарлыг татлаа. Тэрээр сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж байсан. Бас Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржид асуулга тавьж, энэ даамжирч бага зэргийн маргаан дэгдэв.   

Улсын арслан Х.Мөнхбаатар
:

-Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2012 оны улсын баяр наадмаар би долоо давж шөвгийн дөрөвт үлдсэн. Би өмнө нь найман удаа улсын баяр наадамд шөвгөрч сэргээшийн шинжилгээ өгч байсан. Харин энэ жил ес дэх нь боллоо. Мөн 2010 оны Гуанжоугийн Азийн наадамд сэргээшийн шинжилгээ өгч байлаа. Ингээд бодохоор нийтдээ 10 удаа сэргээшийн шинжилгээ өгчээ. Гэтэл энэ жил надад гармон өндөрссөн гэх хариу ирсэн. Ямар учраас ийм зүйл болов оо гэдэгт би гайхаад, Р.Нямдорж тэргүүнтэй уулзсан. Сар шинийн барилдаанд Мөнхбат аваргатай барилдаж байхдаа баруун мөрөө мулталсан. Үүнд би чилисэн палисан гэдэг эм уусан. Манай монголчууд энэ эмийг бүгд хэрэглэдэг. Яс, махны бэртэлд уудгийг хүн бүр мэднэ. Тэр эмэнд гармон өндөрсүүлэгч байсан юм билээ. Хүний гармон 5-9 байх ёстой гэсэн. Гэтэл минийх 15 болсон. Би бас 3-4 төрлийн витамин хэрэглэдэг. Үүнийг олон жил хэрэглэж байгаа учраас витаминаас янз бүрийн бодис гарна гэж байхгүй. Харин чилисэн палисанаас өөр эм огт уугаагүй учраас үүнийг шинжлүүлэхээр болсон. Тэгээд би өөрийнхөө зардлаар Солонгост очиж допингийн лабораторид нь шинжилгээ өгсөн. Тэр шинжилгээний хариу 10-14 хоногийн дараа ирэх юм. Тийм учраас би Р.Нямдорж тэргүүнд хүсэлт тавьсан. Даанч өнөөдөр /өчигдөр/ зарлаж байна. Чилисэн палисан гэдэг эм нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн юм билээ. Гэхдээ хориотой эмийн төрөлд чилисэн палисан огт байгаагүй. Хориотой эм гэх долоон хуудас материалыг хувилаад би Р.Нямдорж тэргүүнд хүргүүлсэн. Наймдугаар сараас хойш хэвлэлээр Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал сэргээш хэрэглэжээ гэсэн мэдээ гарч байгаа. Би том цолтой бөхийн хувьд үүнд санаа зовж байна. Яагаад зарлах болсныг нь асуумаар байна. Миний нэрийг зарлаж байгаа нь хуулиндаа хэр нийцэж байгаа вэ?.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж:

-Журмаараа бол допингийн төвөөс баяр наадмын комисст дүгнэлт ирэнгүүт 10 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх ёстой гэсэн байгаа. Зарласны дараа баяр наадмын комисс хэзээ хурлаа хийх нь тодорхой хүсэлттэй холбоотой байж болох юм. Тэгэхээр одоо нэрсийг зарлаж байгаа нь хууль ёсонд нийцэж байна.

Улсын арслан Х.Мөнхбаатар:

-Энэ хариуг ирээгүй байхад та зарлах ёстой юу. Эсвэл допингийн шинжилгээ авсан төв нь зарлах ёстой юу. Баяр наадмын комиссын хурлаар эрүүл мэндийн яамнаас эмч нар оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл тэргүүн маань яагаад Мөнхбаатар гэдэг хүнийг нүд үзүүрлээд байна вэ гэдгийг би олон жил тэсч, тэвчиж ирлээ. Яагаад гэвэл 2007 оны улсын наадмаар Н.Ганбаатар аймгийн арслан цолтой, би улсын заан цолтогоор долоогийн даваанд барилдсан юм. Тэгэхэд Р.Нямдорж гуай над дээр ирж тодорхой хэмжээний санал тавьсан. “За чи Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих. Би чамд 70 сая төгрөг өгье” гэсэн. Би татгалзсан. Би ард түмнээ хуурахыг хүсээгүй, шударга барилдахыг хүссэн учраас татгалзаад Ганбаатарыг өвдөг шороодуулсан. Гэтэл “Чи яасан овоо хүүхэд вэ. Чамайг би харна аа” гэж хэлсэн. 2009 оны наадмыг та бүхэн санаж байгаа байх. Г.Өсөхбаяр аварга бид хоёрын барилдаан дүрмийн бус болсон. Бөхийн холбооны хөлийн цэц Ганбаатар гуай, залуус Пүрвээ гуай хоёр барилдааны явцад намайг хоёр ч удаа барьж зогсоосон. Тэр үед би аваргад унаад гомдол, санал гаргаагүй. Яагаад гэвэл би монгол төрийн наадмаа хүндэтгэсэн юм. Дүрмийн бус барилдаан болсныг Р.Нямдорж тэргүүнээс эхлээд бүгд мэдэж байгаа. Барилдаан будилаантуулсан хүмүүсээс нэг нь ч надаас уучлалт гуйгаагүй. 2011 оны наадмаар Ж.Бат-Эрдэнэ гарьд бид хоёрын барилдааныг санаж байгаа байх. Би мэх хийхэд хоёулаа давхаралдаад ойчсон. Тэгээд босч ирээд хоёулаа дэвэхэд хөлийн цэцээр ажиллаж байсан Д.Бадрах начин Бат-Эрдэнийг шууд давуулаад туг тойруулахад би гомдолтой байгаагаа илэрхийлээд өргөдлөө өгсөн. Тэгэхэд Р.Нямдорж тэргүүн “Наймын даваа эхлэх гэж байна. Чи одоо боль” гэхэд нь би төрийн наадмаа хүндэтгээд барилдаанаа дуусгасан. Гэтэл намайг ад үзээд байх юм. Яагаад ингээд байдаг юм бэ. Р.Нямдорж тэргүүнтэй тэрсэлдээд зодог тайлж байсан залуу аварга бий. Б.Гантогтох гарьд гурав үзүүрлээд арслан цол авч чадалгүй зодог тайлсан. Би зодог тайлахгүй ээ. Үргэжлүүлэн барилдана.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж:

-Улсын арслан Х.Мөнхбаатарыг би багаас нь мэднэ. Энэ бол миний хамгийн дотны нөхөр Б.Бат-Эрдэнийн шавь байгаа юм. Хэд хоногийн өмнө надтай уулзахдаа ийм Мөнхбаатар байгаагүй. Гэтэл одоо маш гайхамшигтай зүйл яриад зогсч байгааг гайхаж байна. Миний насаараа бодож үзээгүй, манай удам бодож байгаагүй ийм зүйл ярьж байх юм. Би чамд 70 сая төгрөг өгье гэсэн юм уу. Ийм юм яривал би чамайг шүүхэд өгнө. Цаанаас нь Мөнхбаатарт хэн нэг нь ийм үг хэлэхийг зааж өгч л дээ. Монголын ард түмэн намайг мэднэ, Мөнхбаатар аа. Би чамаас юу гэж заан цол гуйх юм бэ. Мөнхбаатар аа ийм боловсролгүй байж болохгүй. Анх над дээр орж ирэхдээ юу гэж ярьж байлаа. Гэтэл өнөөдөр хэнээр үг заалгаад ирж байгаа юм. Нэг ийм бүлэг байдаг. Хүнийг яаж ингэж гүтгэж чадаж байна аа. Үндэсний баяр наадамд миний хүүхэд барилдахад би суудлаасаа босдоггүй. Би чамд юу гэж 70 сая төгрөг өгөх вэ. Надад тийм мөнгө байх ч үгүй. Би амьдралдаа тийм их мөнгөтэй байж үзээгүй. Уг нь чамайг дэмждэг байсан. Харин одоо үзэн ядаж байна. Р.Нямдорж мөнгөөр хүүхдээ цол авахуулсан гэж ярих хүн Монголд бараг байхгүй байх. 70 сая төгрөгөөр хүүдээ заан цол худалдаж авахыг санаархсан гэдэг нь огт үндэслэлгүй гүтгэлэг байна. Би бөхийн холбоог байгуулснаас хойш харин ч найраатай тэмцсээр өдийг хүргэсэн. Хүнд алдаа дутагдал байж болно. Гэхдээ ингэж буруу замаар гишгэж болохгүй ээ. Чамаас юм гарахад тэрийгээ Нямдорж руу чихэж болдог юм гэж бодвол эндүүрэл. Одоо үед хууль нарийн болсон шүү дээ. Надад ийм зан чанар байдаггүй учраас би уурлаж байна. Дахиад хэлэхэд би хэзээ ч, ямар ч ажлыг мөнгөөр хийж үзээгүй. Би хүүдээ ч үүнийг захидаг.

Улсын арслан Х.Мөнхбаатар:

-Би өөрийгөө л хамгааллаа. Яагаад хэлмэгдээд яваагаа ард түмэндээ хэлсэн. Гэтэл Р.Нямдорж тэргүүн намайг сүрдүүлж, дарамталж байна. Солонгосоос эмний хариу ирэхээр үнэн нь тодорхой байлгүй дээ. Би 2-3 удаа луйвардуулсан хүн одоо юунаас айж, ичих юм бэ. Аливаа хүнийг гүтгэх, нэр хүндийг унагаах гэж ярьсангүй. Болсон процессийг л ярилаа. Ингэлээ гээд шүүхэд өгнө гэвэл явдаг газраар нь явна даа.

Б.МӨНХЗУЛ


Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж