Их шинэтгэлийн өмнөх Хятад

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Их шинэтгэлийн өмнөх Хятад

Их хурлын өмнөх “сюрприз”-үүд

Бээжинд өнгөрсөн амралтын өдрүүдэд сүүлийн 60 жилд үзэгдээгүй их цас орж, Хятадын нийслэлд замын хөдөлгөөн хязгаарлагдаж 36 мянган өрх гэрэл цахилгаангүй болов. Бээжин-Лхас, Бээжин-Урумчийн хурдны замуудад автомашины түгжрэл үүсч, түүхт их хуралдаа бэлтгэж байгаа өмнөд хөршийнхөнд цаг агаар хагас зуун илүү жилд үзэгдээгүй “сюрприз” барьсан байна. Мөн өнөөдөр эхэлж буй эрх баригч намын их хурлыг угтуулан Бээжин хотод онц байдал сахиж эхэлжээ. Бээжин хот энэ арваннэгдүгээр сарын 16-ныг дуустал онц­гой бэлэн байдлын дэглэмд шил­жээд байна. Бээжингийн төв хэсэг, Тянь Ань Миний тал­бай, түүний зэргэлдээх дүүр­гүүдэд нийгмийн хэв журмыг сахиулах нэмэлт арга хэмжээ авчээ.

Бээжин хотод “зуд” нүүрлэсэн үеэр ХКН-ын ээлжит 18 дугаар их хурлын өмнөтгөл болох ХКН-ын Төв хорооны долдугаар бүгд хурал хуралдсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөх 17 дугаар их хурлаас сонгогдсон ХКН-ын удирдах бүрэлдэхүүн сүүлийн бүгд хурлаа хийлээ гэсэн үг. Бүгд хурлаар намын их хурлаар хэлэлцэх улс төрийн илтгэлүүдээс гадна намын сахилгыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцсон нь улс төрийн хүрээний томоохон “сюрприз” болов. ХКН-ын дотоод дахь хэрэг явдлууд ихээхэн хаалттай нууцлаг, хав дарсан шинжтэй байдаг асан цаг өнгөрч, өнгөрсөн жилээс эхлэн дотоод зөрчил, сөргөлдөөнөө ямар нэг байдлаар ил гаргах болсон. Аль нэг дунд хэмжээний албан тушаалтны авлигын хэргийг дэлгэж, өчиггүй цаазаар авах болсон талаар л мэдээлдэг байсан бол ХКН-ын их хурлын чимээ дөхөх тусам өндөр дээд хэмжээний эрх мэдэлтнүүдийн алдаа завхарлыг дэлгэх болов. Ахиж дэвших боломж сайтай гэгдэж байсан албан тушаалтнууд хэрэг хүлээх болсон нь ХКН-ын дээд хүрээнийхний дунд өрсөлдөөн бий болсны шинж болохыг гадаадын ажиглагчид хэлж байгаа юм. Өмнө нь ч ийм зөрчил, хагаралдаан гардаг байсан ч ихээхэн нууцлаг хүрээнд болж өнгөрдөг байжээ.

Сая болсон ХКН-ын Төв хорооны долдугаар Бүгд хурлаар намын сахилгыг ноцтой зөрчсөн Чунцин хотын дарга асан Бо Силай, Төмөр замын сайд асан Лю Жизюн нарыг ХКН-ын эгнээнээс хөөснийг зарлалаа. Одоо энэ шийдвэрийг 18 дугаар их хурлаар баталгаажуулна. Мао Зедуны үеийн хувьсгалын баатар Бо Илайн хүү Бо Силай уг нь 30 гаруй сая хүн амтай Чунцин хотын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнийг Хятадын ирээдүйн удирдагч болно гэсэн найдлагыг олон хүн тээж ирсэн байдаг. Гэвч ирээдүйтэй улстөрч гэгдэж байсан Бо Силай нь Чунцин хотын цагдаагийн дарга Ван Лижунь АНУ-ын ЭСЯ-наас орогнол хүссэн тухай шуугианаас болж өнгөрсөн гуравдугаар сард огцорсноор барахгүй гэргий нь Их Британийн бизнесмен Нейл Хейвудын учир битүүлэг үхлийн хэрэгт ороогдон цаазын ял сонсоод байна. Цагдаагийн дарга ч энэ хэргээс амь зулбан АНУ-ын ЭСЯ-нд хандсан хэрэг.

Бо Силай албан тушаалаа урвуулан ашигласан, гэргий нь  Нейл Хейвудын үхэлд ял сонссон  хэмээн буруутгагдаж байгаа бол төмөр замын салбарыг тэргүүлж байсан Лю Жизюн авлигын хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан юм.

ХКН-ын 18 дугаар хурлаар батлагдах ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдэд гадны ажиглагчид Үй Жөншэн, Ли Юаньчао, Ван Цишань, Жан Дэзян, Жан Гаоли, Ван Ян,  Бо Силай нарыг нэрлэн таамаглаж байсан ч ийнхүү Бо Силай намгүй боллоо. Монголд социализмын үед намгүй хүн хэн болдог байлаа, тийм л тавилан Мао даргын хувьсгалч андын хүүг нөмөрч байна. Ямагт дээрээс дэглэсэн сценариар явж ирсэн ХКН-ын ажил ийнхүү зөрчилдөөнөө далдалж чадахаа больсон нь хаалттай хөшигний ард “амьдарч” ирсэн тус намын хувьд бас л нэг сюрприз гэж хэлж болохоор байна.

Вень дарга юу болов?

Сүүлийн үед БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн талаар дуулиан шуугиан дэгдэх болов. Ноён Ерөнхий сайд, түүний ээж, гэргий, охидын хөлжиж бэлжсэн нь авлигатай холбоотой байж мэднэ гэсэн яриа тараад байгаа юм.  “The New York Times” сонин аравдугаар сарын 26-ны дугаарт мэдээлснээр Ерөнхий сайдын гэр бүл 2,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэжээ. Вэнь Зябаог Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд болсны дараа буюу1998 оноос хойш түүний ээж, ах дүүсийн дансанд тийм хэмжээний хөрөнгө хуримтлагдсан гэж үзжээ. Ийм мэдээллийг Вень Зябаогийн сөрөг тал болох намын дээд хүрээний хуучинсаг бүлэглэлийн нөхөд дэлгээд байгаа ажээ. Хэрэг явдал иймэрхүүгээр эргэж буй тул Ерөнхий сайдын гэр бүлийн өмгөөлөгчид болон ноён Вень Зябао орлогоо шалгуулах хүсэлт тавьжээ. Үүний сацуу Хятадын тал “The New York Times” зэрэг “болчимгүй” мэдээлэл тараадаг хэвлэл, сайтуудад хязгаарлалт тавьсан байна.

Хятадын удирдлагын шинэ үе

Есөн жил гаруйн өмнөөс буюу 2003 оны хавраас БНХАУ-ыг жолоодсон Ху Жинтаогийн үе ХКН-ын 18 дугаар их хурлаар халаагаа өгөх гэж байна. Нэг удирдагчийн баг 10 жил улс орныг удирдаад халаагаа өгдөг, 60 эргэм насандаа улсын тэргүүн болдог тийм жишиг БНХАУ-д ажиглагдаж байна. Арван жилийн өмнө 60 настай Ху Жинтао “залуу удирдагч” хэмээн гарч ирж байсан бол өдгөө 58 настай Ши Жинпин удаах 10 жилийн удирдагчаар тодрох магадлалтай байгаа. Ноён Ши өнгөрсөн есдүгээр сарын үед хоёр долоо хоног хэртэй “алга” болж олныг цочирдуулсан ч удалгүй эрүүл саруул эргэн гарч ирж “амь үрэгдэв үү, бэртэж гэмтэв үү, баригдаж хоригдов уу” гэсэн олон эргэлзээг тайлсан юм.

Өнөөдөр нээлтээ хийх ХКН-ын их хурлаар намын удирд­лагуудыг шинээр сонгож, 2013 оны гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их  Хурал буюу парламентдаа танилцуулах юм. Тэндээс Хятадын дарга Ху Жинтао, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их  Хурлын дарга У Бангуо, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао нарын залгамж халааг батална. БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Си Жиньпин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар Шадар сайд Ли Кэцян нарыг томилох магадлал өндөр байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Дэлхийд хүн амаараа тэргүүлэгч 1,3 тэрбум иргэнтэй орны 82 сая гишүүнтэй эрх баригч намын их хурал гэдгээрээ 18 дугаар их хурал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. Нэг үе эдийн засгийн өсөлтийн хэмжээгээрээ АНУ-ын араас “дүүлж” явсан “луу”-гийн хурд саарч ерөнхийдөө эдийн засгаа царцааж буй үед удирдлагын халаа сэлгээ болох гэж байна. Хятад улс өдгөө эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаас арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан юм.

Саяхан 10-аас дээш хувиар өсч байсан Хятадын эдийн засгийн өсөлтийг долоо гаруй хувь болгон “амыг нь татаад” байгаа. Алсдаа ч долоогоос ес орчим хувьд барих юм гэсэн. Хэдийгээр сүүлийн хэдэн жилд Хятадын ДНБ жил бүр дунджаар арав илүү хувиар нэмэгдэж, ДНБ-ий нийт үзүүлэлтээрээ Японыг гүйцэж, дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ороод байсан  ч  нэг тэрбум гурван зуун сая илүү хүн амтай өмнөд хөршийн нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг тооцож үзвэл дэлхийд 100 гаруй орны дараа ордог бөгөөд өөрсдийгөө  үсрэнгүй хөгжсөн бус хөгжиж байгаа орон хэмээн үнэлдэг. Энэ орныг цаашид хөгжүүлэн дэвшүүлэх үүргийг шинэ удирдагчид хүлээнэ.

Ийнхүү Мао Зедун, Ден Сяопин, Зян Зэминь, Ху Жинтао нарын залгамж халааг үргэлжлүүлэх тав дахь үеийн удирдагчдаа БНХАУ удахгүй тодруулах гэж байна.

                             Тоймч  Д.ОЮУНЦЭЦЭГ

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж