Холливудын хамгийн бүтэлгүй оддын нэг жүжигчин Линдей Лохан энэ жилийн эхээр Калифорни мужийн номхон далайн эргийн хурдны зам дээр “Porsche” машинтайгаа явж байгаад өөр автомашиныг мөргөж, осол гаргасан байна. Линдсей Лохан тэр үед цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ осол болох үед өөрөө машинаа жолоодож яваагүй гэж мэдүүлжээ. Гэвч саяхнаас Линдсей Лоханыг осол болох үед өөрөө машинаа жолоодож явсаныг харсан гэрчүүд гарч ирснээр тэрээр дахин шүүхэд дуудагдсан байна. Хэрэв шүүхээр түүний худал мэдүүлэг өгсөн нь батлагдаж, осол гаргасан нь нотлогдвол тэрээр шоронд хорих ял сонсох гэнэ. Линдсей Лоханы хувьд үүнээс өмнө хэд хэдэн удаа согтуугаар жолоо барьсан, хүн шүргэсэн, эд зүйл хулгайлсан хэргээр шүүхийн хаалга татаад байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сард хүзүүний зүүлт хулгайлсан хэргээр 120 хоног шоронд хоригдох, 480 цаг нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ял сонсож батлан даалтанд суллагдаад байжээ.
Б.АНХТУЯА