Шатахууны үнийн сенсацитай өдөр

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн сенсацитай өдөр

Өнөөдрийн онцлох үйл явдал бол яах аргагүй дэлхий нийтийн анхаарлыг татаад байсан АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох 57 дахь удаагийн сонгууль байлаа. Монголын цагаар шөнө эхэлсэн сонгуулийн дүнг монголчууд чих тавин хүлээж байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа news.mn үйл явдлын шуурхай мэдээллийг хүргэснийг та бүхэн хүлээн авсан байх. Мөн Eagle news TV үйл явдлын шуурхай мэдээллийг тоймчийн тайлбарын хамт хүргэв. “Кэмпинский” зочид буудалд өнөөдөр өглөө Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам болон холбогдох албан тушаалтнууд АНУ-д болж буй ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн АНУ-ын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама нарын авсан саналыг улаан, цэнхрээр ялган хот, мужуудаар нь тэмдэглэн, сонгуультай холбоотой мэдээллүүдийг мэдээлж байсан юм.

АНУ-ын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама нарын хооронд өрнөсөн ширүүхэн өрсөлдөөн олон нийтийн мэдээллийн сүлжээ сайт хэр хөгжсөн хийгээд хүмүүсийн идэвхийг харуулж чадлаа. Facebook, Twitter-ээр  урлаг спортын  одуудаас эхлээд олон мянган иргэд өөрсдийн санал бодлоо хуваалцаж байсан юм. Түүнчлэн Youtube сайтаар сонгуулийн эргэн тойронд болж байгаа сонирхолтой бичлэгүүд тэр дундаа мужуудын саналын урьдчилсан дүнг мөн графикаар гаргасан дүрс зургуудыг байрлуулж байлаа.  Даяаршсан дэлхийд мэдээллийг дэлхийн аль ч өнцгөөс шуурхай хурдан авах боломжтой хавтгай ертөнцөд олон нийтийн сүлжээ чухал үүрэгтэй болсныг үүгээр дахин нотлох мэт

АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох 57 дахь удаагийн сонгуулийн эцсийн хариу өнөөдөр Улаанбаатарын цагаар 12.20-д гарч, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама 303 саналаар ялалт байгуулан ирэх дөрвөн жилд дахин дэлхийн их гүрнийг удирдахаар болсон юм. Харин АНУ-ын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни 206 саналаар ялагдал хүлээсэн талаар мэдээллийг монголчууд яг л үйл явдалтай нь уралдан хүлээн авсан билээ.

 Мөн сонгуулийн эргэн тойронд буюу Пенсильвани мужийн  Филадельфи хотод санал авах автомат будилаан үүсгэснийг илрүүлж, YouTube-д байрлуулан тайлбар бичсэн юм. Учир нь тус хотын сонгуулийн нэгэн хэсэгт сонгогч Обамагийн төлөө товчлуур дартал Митт Ромнийн нэр гарч байжэ. Тиймээс сонгогч баталгаажуулан бичлэг хийн тавьснаар уг автомат машиныг хураасан тухай NBC телевиз мэдээлсэн юм.

Ийн дэлхий даяар Обамагийн зүг анхаарал хандуулж байх зуур долоо хоноги йн өмнөөс л яригдаж эхэлсэн шатахууны үнэ нэмэгдэх үү айдаст асуулт нисч байлаа. Үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт дээр өнөөдөр мөн л олон нийтийн сүлжээгээр тархсан 18,00 цаг бүх компани шатахууны үнээ нэмнэ гэсэн мессеж тос нэмж орхив. Үүний дараахан буюу 15.30 цагт Уул уурхайн яамнаас 15.30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж “Шатахууны үнэ нэмэгдэх ёсгүй” гэж мэдэгдсэн юм. Тэд ийн иргэдийн айдсыг намжаахын зэрэгцээ “Хэрвээ Засгийн газар чиглэл өгөөгүй байхад үнээ нэмэх юм бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах ч арга хэмжээ авч болно. Шатахууны хомсдол үүсч байгаа мэтээр харагдах зүйл байхгүй, Өнөөдрөөс эхлээд ямар нэгэн хязгаарлалт, хүндрэлгүйгээр шатахуун худалдах болно” гэсэн жинтэй хариулт өгөв. Харин улстөрийн амьдралын хувьд өнөөдөр Монголд жинхэнэ намдуухан байлаа, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дов довон дээрээ хийж байгаа халуун тулааныг эс тооцвол. Харин “их” улст төр бол нам жим. Төрийн ордонд л гэхэд хоёрхон байнгын хорооны товчхон хурал болж, төсөв хэлэлцэж бие бие рүүгээ нударга зангидалцах ч шахаад байсан гишүүд орон нутгийн сонгуулийн зүг анхаарлаа хандуулж, ихэнх нь нутаг нутгийн зүг нисэхээр сэтгэл нь тогтохгүй хоёрдож буй сурагтай. Гэтэл арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталсан байх ёстой. Хэрхэхийг аугаа их улстөрчид маань мэдэх юм биз дээ. 

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж