Сонгуулийн бэлтгэл 50 хувьтай байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Сонгуулийн бэлтгэл 50 хувьтай байна гэв

Сонгуулийн ерөнхий хорооны  Мэдээлэл, технологийн төвөөс орон нутгийн сонгуульд автоматжуулах системийг ашиглахтай холбоотой бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Орон нутгийн сонгуулийг анх удаа автомат системээр явуулах болсонтой холбогдуулан сонгуульд ашиглагдах автоматжуулсан системийн бэлэн байдлыг хангаж ажиллах нь чухал гэдгийг тус төвийн захирал  Ж.Эрдэнэбат онцоллоо.

 СЕХ-ны дэргэдэх  Мэдээлэл, технологийн төв нь СЕХ-оос өгсөн чиглэлийн дагуу мөрдөж ажиллах журам, заавруудыг батлуулж ажиллаж байгааг тэмдэглээд, одоо  сонгуулийн хороодоос баталсан саналын хуудсыг программд оруулж,загварыг нь үүсгэсэн байна.

 Мөн гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж,  санал тоолох төхөөрөмжийг баталгаажуулах ажил хийгдэж байна. Энэ хүрээнд туршилтын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж болгонд уншуулж, үр дүнг тулган шалгаж байгаа аж. СЕХ-ны дэргэдэх  Мэдээлэл, технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат “Төлөвлөгөөний дагуу автоматжуулсан системийн  тестийн ажлыг энэ сарын 15-наар дуусгавар болгож,   өгөгдөл дамжуулах туршилтыг хийнэ. Одоогийн байдлаар таван аймгийн санал тоолох төхөөрөмжийг бэлэн болгож, найман аймагт автомат системийг дагалдах хэрэгслийн хүргүүлсэн” гэлээ.

УИХ-ын сонгуулиар ашигласан 2500 ширхэг  машиныг 2010  хэсгийн хороонд хуваарилсан байна. Мөн сонгуулийн үеэр нөөцөд үлдээсэн 490 ширхэг машиныг сонгогч олонтой хэсгүүдэд нэмж хуваарилна гэлээ.

УИХ-ын болон Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ашиглаж буй DominionVoitind Sistems  компанийн автоматжуулсан тоног төхөөрөмжийг  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өргөн ашигласныг онцоллоо. Америкийн сонгогчдын 35 хувь нь буюу 46 сая гаруй  иргэдийн саналыг тус компанийн системийг ашиглан саналаа өгсөн аж. Мөн УИХ-ын сонгуулийн дараа санал тоолох машин маргаан гаргах нь бага байсан бөгөөд Орон нутгийн сонгуулийн санал авсны дараа санамсаргүй сонголтоор аймагт, дүүрэг бүрт хоёр хэсгийг сонгон гар аргаар тоолж баталгаажуулахаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд тусгажээ. Энэ нь сонгуулийн үр дүнд иргэдийг итгэлтэй байлгах, будлиангүй явах үүднээс хуулийн зохицуулалтыг хийж өгсөн гэдгийг онцолсон. 

СЕХ-ны дэргэдэх  Мэдээлэл, технологийн төв нь санал хураах үед автомат машин гацах гэх мэт гэнэтийн саатал гаргахгүйн тулд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажил 50 хувьтай байна гэв.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж