Тэрээр 1981 оны арваннэгдүгээр сарын 11-ний 11.00 цагт төрсөн учраас 11-ийн тоог ихэд бэлгэддэг аж. Тиймээс анхны бие даасан тоглолтоо хүртэл “Number 11” хэмээн нэрлэсэн ба уг тоглолт нь энэ сарын 9-нд буюу ирэх баасан гаригт Бөхийн өргөөнд болох нь ээ. Тоглолт улаан хивсний ёслолоор эхлэн ирсэн үзэгч фенүүдэд олны танил урлагийн одудтай гэрэл зургаа татуулах боломжийг давхар олгох юм байна
Төрсөн өдрийн баяр, шоу тоглолт хэлбэрээр болох энэ үдэш түүний зохиосон шүлгүүдийг дуулж амилуулсан уран бүтээлчид хүрэлцэн ирж, хамтран туурвисан уран бүтээлээ үзэгчдэд сонордуулна. Тоглолтод Зууны манлай эстрадын дуучин Сараа, дуучин Анхаа, Халиун, Бичүү, Соко, Амараа, Бобо, “Гурван охин”, “Киви”, “Гурван бүдүүн”, “Hot spot”, “Anemone”, “Crush bash” хамтлаг гээд 20 гаруй хамтлаг, дуучид оролцохоос гадна тэрээр өөрөө ч дуулна. Учир нь ZZ цагтаа залуусыг реп хэмнэлээр байлдан дагуулж байсан “Мон-та-реп” хамтлагийн дуучин юм. Тиймээс тоглолтдоо ч бас дуулах нь дамжиггүй. Мөн “Making the band-3” шоунаас төрөн гарч байгаа “MIXX” хамтлагтай хамтарсан цоо шинэ бүтээлээ анх удаа энэ тайзнаа дуулна гээд сонин содон тоглолт болно.
Сонирхуулахад, тэрээр ирэх сард “Бяцхан навч ба сарны үлгэр” хэмээх шүлгийн номоо гаргах гэнэ. Энэ номонд түүний хит болсон дуунуудын шүлгээс гадна өөрийнх нь шүлгийн дэвтэрт л байдаг тэрхүү нууц гэсэн тодотголтой 111 шүлэг багтжээ. Тэрээр номондоо өөрийгөө яруу найрагч, шүлэгч гэхээс илүүтэй “Шүлгэнд дөхсөн миний үгнүүд” хэмээн тодорхойлсон байх юм. Харин бие даасан цомгоо ирэх онд “Матаргүй орчин” нэртэйгээр гаргах юм байна. Энэ нэр ч их утга учиртай гэнэ. Түүний эргэн тойронд дотоод болон гадаад гоо үзэмжээрээ сайхан хүмүүс хүрээлдэг болохоор цомгоо ийн нэрлэхээр шийдээд байгаа гэнэ шүү.
Мөн Англи-Монголын хамтран бүтээж байгаа “Хуучны сайхан өдрүүд” нэртэй богино хэмжээний киноны гол дүрд ZZ тоглосон нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.