“Microsoft” корпораци Windows Live Messenger үйлчилгээг халж, оронд нь Skype мессенжерийг гол хэрэгслээ болгохоор болжээ. Microsoft корпораци одоогоос 18 сарын өмнө харилцаа холбооны программ зохиогч Skype-ыг 8.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан юм.
“Microsoft” корпорацийн мэдэгдсэнээр Windows Live Messenger (WLM) ирэх 2013 оны гуравдугаар сараас нэг мөсөн хаагдах юм байна. Microsoft корпораци 1999 онд MSN Messenger нэртэйгээр уг үйлчилгээг албан ёсоор эхлүүлж байжээ. 2009 оны байдлаар MSN Messenger 330 сая идэвхитэй хэрэглэгчтэй гэгдэж байсан.
Интернэт шинжээч “Comscore” компанийн судалгаагаар энэ оны эхээр Skype-аас хоёр дахин олон хэрэглэгчтэйгээр “WLM” дэлхийн номер нэг Yahoo Messenger-ийн дараа хоёрдугаарт бичигдэж байсан юм. Гэсэн хэдий ч АНУ дахь MSN Messenger-ийн хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд 8.3 саяаар багасч, Skype-ийн хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа гэнэ.
“Microsoft” корпораци мөн Skype-ыг Windows Phone 8 ухаалаг гар утсанд суулгахаар төлөвлөж байгаа юм байна.
Н.ЭНХ