6812 метр өндөр Ама Дабламын бол Гималайн нурууны хамгийн үзэсгэлэнтэй хэрнээ эрсдэлтэй, уулчдаас ихээхэн ур чадвар, техникийн авиралт шаарддаг оргил билээ. Монгол хүнээр ахлуулсан олон улсын уулчдын хамтарсан баг үндсэн авиралтдаа таван өдрийг зарцуулж, “Гималайн сувдан эрдэнэ”-ийг аравдугаар сарын 31-ний өглөө 08:00 цагийн орчимд эзэлжээ. Хамтарсан багийг Монголын уулын аяллын “Монгол Хайкин Клуб”-ыг үүсгэн байгуулагч, Монгол Улсын хүний их эмч Лувсандоржийн Баярсайхан удирдсан. Эверестийн оргилыг анх эзэлсэн Сэр Эдмунд Хилари “Энэ оргилд хүн гарах боломжгүй” гэж хэлсэн гэдэг.
Сонирхуулахад монгол уулчин Л.Баярсайхан жил дөрвөн сарын хугацаанд 4000 метрээс дээш өндөр ууланд 11 дэх удаагаа гарч, уулын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоосон юм.