Шатарчид өсвөрийн ДАШТ-ийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Шатарчид өсвөрийн ДАШТ-ийг зорилоо

Словенийн Марибор хотод энэ сарын 7-19-нд шатрын өсвөр үеийнхний ДАШТ болно. Энэхүү тэмцээнд Монгол Улсын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд тамирчин, дасгалжуулагч, эцэг эхчүүдийг нарыг үдэх ёслолын цуглаан Спортын төв ордонд болов.

Энэхүү үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Алтангэрэл оролцож үг хэлсэн. Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар ССАЖЯ байгуулсан нь нийтийн биеийн тамир, спортыг хөхиүлэн дэмжиж эрүүл, оюунлаг хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, улмаар авьяаслаг тамирчдаа дэлхийн түвшинд өрсөлдөх нөхцөл, бололцоог төрийн бодлогоор зохицуулахад нэн чухал ач холбогдолтой боллоо. Уламжлалт хөрс, суурь сайтай оюуны их спорт шатрын онцлогийг харгалзан үзэж хөгжүүлэхэд шатарчид, шатрыг дэмжигч хэн бүхэнтэй үр дүнтэй нягт хамтран ажиллах болно. Өсвөрийн шатарчид та бүхэн ахмад шатарчдынхаа алт мэт сургаал, асар их туршлагаас цаг алдалгүй суралцах хэрэгтэй. Оргилын цаана оргил, улам өндөр. Гэхдээ улам нууцлаг, сонирхолтой оргил хүлээж байгаа. Тэднийг эзэмшигчид нь та нар шүү.

Олон улсын мастер Т.Үйтүмэн ах чинь 40 гаруй жилийн тэртээ Ази тивээсээ шалгаран дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх эрхийн тэмцээнд домогт Р.Фишертэй эн тэнцүү тулалдаж, дэлхийг шуугиулж байсан үеийг монголчууд мартаагүй. Саяхан Турк улсад болсон дэлхийн шатрын 40 дэх олимпиадад манай эмэгтэйчүүдийн баг “Топ-15”-ийн барианд орж, олон улсын мастер Б.Мөнгөнтуул нэгдүгээр ширээнд дөрөвдүгээр байр эзэлж, Б.Гүндаваа их мастер цолны болзол биелүүлсэн нь монгол хүний оюуны цар хүрээ нэн өндөр гэдгийг дахин нотлон харууллаа.

Энэ оны зургадугаар сард Шри-Ланка улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай хөвгүүд, охид олон зуун саяар тоологдох хүн амтай орнуудыг ардаа орхин медалиуд хүртсэн. Энэ нь нүүдэлчин монголчуудын үр сад нар авхаалжтай, сэргэлэн, тэвчээртэй гэдгийг батлан харууллаа. Зургаан настай Е.Төгстөмөр хүү энэ тэмцээнд үнэмлэхүй амжилт үзүүлж гурван алт, Г.Энхчимэг мөнгө, хүрэл, Ц.Лхагвасүрэн, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд, Г.Учрал нар түргэн тоглолтын төрөлд хүрэл медаль хүртлээ.

Шатар бол дан ганц спорт биш, соёл, шинжлэх ухааны цогц бөгөөд урт хугацаа, нөр их хөдөлмөр шаарддаг онцлогтойг харгалзан үзэж Монголын шатрын холбоо болон “Монгол туургатны урамтай шатар” холбооноос дэвшүүлсэн насанд хүрэгчдийн болон өсвөрийн шатарчдын улсын шигшээ баг байгуулах, тэмцээнүүдийн зэрэглэлд тохирсон шагнал, урамшуулал бий болгож Засгийн газрын тогтоол гаргаж хэрэгжүүлэх, ахмад шатарчдаа дэм­жиж урамшуулах зэрэг саналыг амьдралд хэрэгжүүлэх талаар дэмжин ажиллах болно” гээд өсвөр үеийнхний ДАШТ-ээс ганзага дүүрэн ирэх ерөөл дэвшүүлсэн юм.

Энэ цуглаан дээр 2012 оны өсвөрийн үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан дээрх тамирчдад Засгийн газрын 2012 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 268 тоот тогтоолын дагуу 0.5-2.0 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртээснийг гардуулсан. Цуглааны ажилла­гаанд МШХ болон “Монгол туургатны урамтай шатар” холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, гүйцэтгэх захирал Н.Төвшинтөгс, спортын байгууллагуудын удирдах хүмүүс оролцон өсвөрийн шатарчдад өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв. Сонирхуулахад өсвөр үеийнх­ний ДАШТ-ээс Батхуягийн Мөнгөнтуул 2001 онд хүрэл, 2005 онд мөнгө, 26 жил хүлээсэн алтан медалийг Олон улсын шатрын холбооны мастер Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ 2010 онд хүртэж байв.

Д.ЕСҮХЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж