ОХУ-ын худалдааны төлөөлөгчид айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

ОХУ-ын худалдааны төлөөлөгчид айлчилж байна

Монгол-Оросын Найрамдлын гэрээний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ОХУ-ын 20 гаруй төлөөлөгч Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь болох хоёр улсын худалдааны төлөөлөгчдийн хамтарсан бизнес уулзалт өнөөдөр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Уулзалтаар хоёр улсын худалдааг өргөжүүлэх, компаниудыг хооронд нь холбох тал дээр анхаарсан юм байна. Энэ үеэр ОХУ-ын талаас Монголын уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарыг түлхүү сонирхож буйгаа илэрхийлжээ.  Харин Монголын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид ОХУ-тай хөдөө аж ахуй, фермерийн чиглэлээр хамтрахыг илүүд үзэж буй тухай танилцууллаа. Ийнхүү компаниуд өнөөдөр үйл ажиллагаагаа таниулж, холбоо харилцаа тогтоосон бол тун удалгүй түнш болно гэдэгт найдаж байгаа талаар албаныхан онцолж байна.
Түүнчлэн Орос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд “Азийн хаалга -2012” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 6-8-нд Оросын Соёл, шинжлэх ухааны төвд болж байна. Үзэсгэлэнд ОХУ-ын Эрхүү, Омск, Томск хотуудын  хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, барилга, эрчим хүч, шатахуун, тослох материал, сүүнийн үйлдвэрлэл, ажлын хувцас, дулаан хангамж зэрэг салбарын компаниудын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн  тавьж байгаа юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж