Хүүхэнбаатарын багийнхан

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Хүүхэнбаатарын багийнхан

Манай багийхан аймгаа засагласан дөрвөн жил… Сонин сайхан дурсамжаар дүүрэн. 1996 оны намрын хуучдаар… тэнгэр хуйсганаж  цас хуйрагнанасан, хүйтэн жавар хацар нүүр алгадсан өдрүүд санаанд тодхон.  Аймгийн “Засгийн” саарал байшинд бидний хэдэн нөхөд  “Шинэ төрийн эзэд ирлээ” гэдэг уран зурагт өгүүлдэг шиг орж ирэхэд гадаа байгаа юм шиг хүйт даагаад, нүүрэн талдаа цонхтой цөөн өрөөнд хувцас, давхцаа зузаалсан хэдэн хүн жиндүүхэн сууж байлаа.  Өнөөдөр энэ тухай ярихаар “Энэ нөхөр чинь дахиад санаатай байна уу даа” гэж бүү мушгиасай. Тэтгэврийн өвгөн болсон шүү дээ, би…Өмнөх Засаг дарга Н.Чагнаа шинээр томилогдсон Ж.Хүүхэнбаатарт  ажил төрлөө хайс хуйсхан өгсөн болоод гарлаа. Тамгын газрын даргын ажлыг  би хүлээж авдаг юм байна. Ширээн дээрхи телефоны хэдэн аппарат ямар үүрэгтэй, тэр нэг компьютер асдаг, бас унтардаг болохыг зааварчлаад “Тамга тэр шүүгээнд байгаа” гэж өмнөх дарга маань над захиснаар  ажил эхлэв ээ. Хадаг, яндар, ёс төр бодох сөхөө шинэ, хуучин алинд ч байгаагүй. За тэр ч яахав. Засаг даргын орлогчоор Мятавын Моёор томилогдсон. Ингээд аймгийн удирдлага тухайн үеийн МАХН-аас одооны Ардчилсан намд анх удаа шилжсэн юм. Хөдөөд “Картын систем” дөнгөж халагдсан ч юм бүхэн ховор зэвэр, улс орон мөнгө төгрөгөөр дутуу гуйцуу, иргэдийн санаа сэтгэл айван тайван биш үе байсныг хэлэх үү. Адаглаад л аймагт  Зочид буудал гэж байсангүй. Гадна дотны зочид гийчдийг байтугай Монгол улсын Ерөнхийлөгчөө хонуулах газаргүй “Түргэн” авч ямар сайндаа л Эхчүүдийн амрах байранд байрлуулахав даа. Ийм л аймаг хүлээж авсан юм.

Хүүбаа маань “За хэдүүлээ зүтгээд байна даа” л гэсэн.  Хэн маань ч тэр үед амин хувийн өчүүхэн ч гэлээ сонирхлыг умартан  түмний төлөө төрийн хэрэгт зүтгэсэн дээ. Мандалговьд гэхэд хөлдүү байр, байшин гэсч, хадаатай хаалга үүд энд тэндгүй онгойж эхэлсэн нь ажлын эхлэл байлаа.  Яг нэг жилийн дараа гэхэд “Нам даралтын зуух” гэсэн цоо шинэ технологи дулааны системд нэвтэрч “Ган-Илч” гэж шинэ компани галлагаа эхлэхэд Засаг дарга, орлогч, тамгын дарга… гээд бүгдээрээ баярлалдан шөнө  дунд уурын зуух руу гүйлдэж билээ. Энд Хүүхэнбаатар даргын хэнтэй ч болов үг хэлээ  ололцдог түс тас чанар их үүрэг гүйцэтгэсэн. Эргээд бодоход  бидний дунд энэ тэр нам гэсэн ялгаварлал байсангүй.  Харин  нэг агентлагийн дарга өөртөө ашигтайгаар хууль зөрчсөний учир тушаал буурсныг эс тооцвол хэн нэгэн халагдаад “Лааз өшиглөсөн” тохиолдлыг санахгүй байна.  Ийм тогтвортой төрх нэг намаас нөгөөд Засаглал шилжихэд  тэр бүр хадгалагддаггүй л дээ. Эл бяцхан оршлоо орхиж хэлэх гэсэн санаа руугаа оръё.

Манай багийнхан гар нийлж  ажилласан. Хүүхэнбаатар хэн хүнд баймгүй зангарагтай, аливаа шийдвэрт түс тас, хэлэх гэсэн үгээ хэнээс ч эмээлгүй шулуун шударга хэлнэ. Энэ чанар нь ажилд мөн ч их тус болно. Аль нэг ажилд догирхоод ч юмуу, мэдэмхийрээд “Том толгой” гаргах нэгэн тааралдвал Моёор дарга “За наадахыг чинь даргатай уулзуулаад “Цусы нь хаалгаад” өгье л гэнэ. Ямар ч том толгойтон дарга дээрээс “Жижигрээд” л гарч ирнэ.   “Хална” гэж сүртэй загнаж духаараа харан нүд эргэлдүүллээ ч буулт нь зөөлөн. Хүнлэг хүн шүү дээ.  За цалин төсөв…гээд асуудал үүсэхэд “Сангийн яамтай яринаа” гээд утсаа шүүрсэн байхад амжуулж л таарна.  Цалингаа хугацаанд нь тавиагүй, шаардлагатай санхүүжилт тасарсан, үгүй ядлаа гэхэд хойшилсон удаа үгүй. Тэгэхэд хөрш Өмнөговь аймагт цалингаа хоёр, гурван сараар тавиагүй, хэцүү байгаа гэж дуулддагсан. Засаг “Ноён” Цэдэнсамба нь ч хааяа манай аймагт дөрөө мултлахдаа тэр тухай дурсана.  Манай аймгийг цахилгаанаар хангадаг Багануурын эрчим хүчний удирдах газрын дарга Шагдарсүрэн гэж хүн байх. Эрчим хүчний үнэ төлбөртэй хэл зарга алийг тэр гэхэв. Утсаар л дарга үзэж тарна.  Нэг удаа Шагдарсүрэн дарга баяр наадамд уригдан ирэхдээ ”Хүүхэнбаатар гэж ийм хүн байх гэж миний төсөөлсөн дүр яг мөн байна” гэж билээ. Төсөөлсөн шиг нь сүртэй харагдсан хэрэг.    Манай Моёор дарга гэхэд ямар ч хүнд үе, шийдвэрлэх  боломжгүй асуудал тулгарсан ч хошин марзан яриагаар зөөлрүүлж хөнгөвчилнө. Хэсэг хугацааны дараа М.Моёор Засгийн газрын шийдвэрээр нэгэн том агентлаг удирдахаар болоод нийслэлийг зориход оронд нь Хулд сумын Засаг дарга Н.Баасанхүүг томиллоо. Н.Баасанхүүгийн ялгарах онцлог нь тооны хэлээр ярьж, тооцоо, судалгаан дээр ажиллах. Энэ нь бидний дутууг нөхдөгсөн. ИТХ-д тавих илтгэлийн төслийг Засаг даргын зөвлөлд танилцуулах болоход хэдэн хуудас дүүрэн тоо бариад л орж ирнэ. Түүнийгээ ярихад л илтгэл босоод ирнэ. Н.Баасанхүүг аймгийн эдийн засгийн толь байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Хэдэн зуун хуудас дүүрэн тоотой зузаан хавтас ширээн дээр нь тэвхийнэ. Эдийн засгийн мэргэжлийн хүн биш гэхэд энэ тун өвөрмөц онцлог нь байлаа. Тооцоо, судалгаа түшсэн шийдвэрээс барагтай бол алдаа гарахгүй. Түүнд сум бүрийн мал сүргийн тоо байлаа гэхэд жилийн дараа хэд болох, хэдийг дотооддоо хэрэглэх, хэдийг гадагш борлуулах… гэхчилэн орлого, зарлага, сүргийн эргэлтийг тооцоод гаргачихсан байдагсан. Тэгэхлээр зүгээр нэг тоо цуглуулагч биш. Тоо боддог, тоон дотроос ирээдүйгээ олж хардаг, түүнээсээ бодлогоо боловсруулдаг нь гайхамшигтай. За тэгтэл “Алдарт” 1999-2000 оны айхтар зуд аймагт нүүрлэв ээ. Засаг даргын орлогч ачааны хүндийг үүрлээ. Хаа байгаа Сүхбаатар, Хэнтий рүү мордож өвс тэжээлийн цуваа хөдөлгөлөө. Аймагт өөрийн гэсэн авто бааз гэж байх биш. Аль эрт тарж бутраад дууссан юм чинь. Зар гаргаж хувь хүмүүстэй тохирон тээврийн цуваа бүрдүүлж Баска маань ахлаад гарч өгнө. Жолооч нартай аяга цайгаа хувааж ууж зовлон, жаргалаа хуваалцаж яваад Сүхбаатар аймгаас өвс ачуулан цуваа цуваагаар  аймаг руугаа хөдөлгөсөн. Ёстой бүсээ тайлалгүй хэдэн сараар өнжин хонон, өлөн зэлмэн явсныг мэдэж байна. Баскагийн найдвартай туслагч нь тухайн үеийн Засаг даргын хуулийн зөвлөх Г.Энхтүвшин.   Дайчин шуурхай, ажилсаг тэр нөхөр Баскагийн “Баруун гар” нь. Ингэж л зудын ард гарахдаа учирч болох хохирлыг мэдээж үлэмж багасган олон хот айлыг “Хотоо харлуулах”-аас аварсан даа. Н.Баасанхүүгийн сэдсэн санасан бүхнээс мөнгө “Үнэртэх” шиг санагдана. Аймаг санхүүгийн хувьд их хүнд байсан тэр үед аймгийн хөгжлийн санд мөнгө хуримтлуулахаар “Дундговь” гэсэн хонжворт сугалаа гаргасан нь их нэмэр болж билээ. “УАЗ-469” супер хонжвортой тэр сугалааны борлуулалтын менежмент сайн байсан болохоор борлуулалт ч нэг их зовоогоогүй, тооцоолсон ашгаа олсон  юм даг. Тохирлыг нэгэн баяр ёслолтой давхцуулан олны нүдэн дээр төв талбайд гаргахад мөн ч олон зуун хүн цугласан даа. Хүн бүрт сугалаа байгаа болохоор азаа үзэх гээд тэр биз. Тэр хуримтлагдсан мөнгө “Аймаг хөгжүүлэх сан”-г арвижуулж  сүүлд иргэд “Дөрвөн өндөрлөгийн байр” гэж нэрлэсэн орон сууц барихад ч их нэмэр болж билээ. Аймгийн удирдлага, тухайлбал ИТХ-ын болон Засаг дарга, аймгийн прокурор, Ерөнхий шүүгч тухайн албыг хаших хугацаанд суух зориулалтын, тэр үедээ л тансагт орох тохилог сууцыг барьж ашиглалтад дөнгөж өгөөд бидний баг дараагийн удирдлагын багт халаагаа шилжүүлсэн дээ. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэж энэ.  Харин тэр сууц зориулалтын дагуу, анх тогтоосон журмаар ашиглагдаж байна уу, үгүй юү гэдэг нь өөр асуудал. Мандалговийн усан хангамжийн төв шугамаас гэр хорооллууд дахь усан сан руу цэвэр усны шугам татсан нь цоо шинэ ажил байсан юм. Түүнээс өмнө хэдэн цистерн усан сан руу ус зөөж хийдэг, тэр нь байсхийгээд л дуусчихдаг, ус ирэхээр  улаан дарцаг хийсгэдэг, тэр цагт хүмүүс бидон саваа хангинуулан цувдаг, усан сангийн ёроолд элдэв тунадас үүсч усны эрүүл ахуйн талаар хэл зарга тасардаггүй байсныг эцэс болгосон. Энэ чинь 13-14 жилийн өмнөх боловч том шинэчлэл байсан юм. Одоо гэр хороолол дахь амины орон сууцанд цэвэр усны шугам  оруулах гэвэл мөн ч амар даа.  Төв шагам хаяанд нь хүрээд оччихсон юм чинь. Аймгийг компьютержүүлэх ажлыг Баасанхүү анх сэдсэн юм. Бүхэл бүтэн тамгын газар 1-2 компьютертэй, бичиг хэрэг тэр чигээрээ бичгийн машинаар “Тачигнаж” байсан тэр хоцрогдлыг арилгасан хүн нь Баска. Бээжингээс хорь гаруй компьютер оруулж ирэн Тамгын газрын дэргэд “Сургалтын төв” нээн захирлаар нь Ц.Маналыг томилсон. Тэнд компьютер, англи хэлний 14, 3О хоногийн дамжаанууд хичээллэж төгсөгчдөд аймгийн удирдлага очиж сертификат гардуулж хирдээ л ёс төртэй ажил болдогсон. Тэр төвийг төгсөгчид л  олонхи албан байгууллагын  бичиг хэргийн ажлыг залгуулж байгаа гэж бодоход тун ирээдүйтэй ажил болсон юм. Уул сургалтын төв сүүлдээ “Мандах-бүртгэл” дээд сургуулийн филал аймагт байгуулагдах материалаг бааз суурь болж хэд хэдэн төгсөлт хийсэн. Тэр сургуулийн өдрийн ангийн  төгсөгчид аймгийн хэмжээний санхүү, бүртгэлийн албыг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлсэн түүхтэй.  Энэ үед бидний багийнхны талаар нэгэн шар сонинд гарсан хэдэн мөр бүр “Элэг хөшөөчихөж” билээ. Юү гэж бичсэн байсан гэж санана. “…Засаг даргын орлогч Баасанхүү 10 тоннын шалаанз дүүрэн уран хилээр гаргах гэж байгаад баригдаж нүдний булай болов” гэж бичсэн байлуу даа. Уран гэдэг нь хаа  хамаагүй хэвтэж байдаг, түүнийг ил задгай ачаад машинаар хил гарган мөнгө олдог эд гэж бичиглэгч ойлгосон бололтой. Тэр мөрөөр нь мөшгисөн чинь алба ажил өгөөгүйд бидэнд гоморхсон нэг нөхөр элдэв юм зохиож бичээд “Хэвлэлийн бирж” дээр зогсдог архичин нөхөрт өгснийг нөгөөх нь шил архины мөнгөөр “Шар сонин” гэдэг сонинд зарчихсан байж билээ.  “Мерси кор”-ын төлөөлөгчийн газрыг Дундговьд төвхнүүлсэн хүн нь яах аргагүй Баска. Үүнтэй маргах хүн гарахгүй биз. Дундговьд арав гаруй жилд маш их хөрөнгө оруулалт хийсэн нь мань эрийн санаачилга зүтгэлийн үр дүн шүү.  Өөр нэг түүний хийсэн ажил нь шагайн спортын холбоог байгуулж хөл дээр нь босгон Дундговьд шагайн спортын хөгжлийг шинэ түвшинд гарган  амжилтын  мөнгөн үнэлгээг урьд сонсогдоогүй өндөрсгөсөн. Манай багийн өөр нэг тулгуур нь Л.Дааний. Мэдлэгтэй, зарчимч, инженерийн болон эдийн засгийн гайхамшигтай сэтгэлгээтэй энэ залуу аймгийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг цөөн жил атгахдаа зөв гольдролд нь оруулсан хүн дээ.  Төсвийн  төлөвлөлт,зарцуулалтын цоо шинэ журам боловсруулан мөрдөж энэ тал дээр “Мөнхийн” гэхээр дагалддаг хэрүүл, заргыг тухайн үед эцэслэсэн гавьяаг өнөө тэр бүр дурсахгүй байгаад гайхдаг юм.  Аливаа асуудалд шинжлэх ухаанч, голч хандаж, оновчтой хувилбар олох чадварыг нь цөөн жил хамт ажиллахдаа мэдэрсэн. Мөнгө, санхүү “Атгадаг” зарим хүнд голчлон илэрдэг мэдэмхий, сүржин, хариг харамч мэт дүр зураг өчүүхэн ч цухалздаггүй, ажил төрөлдөө огтхон ч түүртддэггүй түүний олон давуу талыг дараа дараагийн удирдлага өнөө хүртэл ашиглахгүй байгааг хараад харамсмаар санагдах үе байдгийм. Хамгийн олон эрдэмтэн мэргэдийг төрүүлж улс эх орондоо өндөр боловсролтой сэхээтнийг төрүүлсэн гэр бүлээр Өлзийтөөс Ланганыхныг, Дэрэнгээс Лэгдэнгийхнийг гэж ярьдаг, бичдэг “Хүн судлаачид” Дундговьд цөөнгүй. Тэр албан бус “Судалгаа” үнэний хувьтайг нутаг усны сэхээтнүүд уухайлан дэмжиж оюун ухааны “Элит” гэр бүл хэмээн ярилцдагийг чихнийхээ хажуугаар анзааралгүй өнгөрөөмгүй.

 Хэрэгт дуртай зарим нь өөрөө ер нь  хэр ажилласан хүн бэ гэж асуувал “Гай тариагүй, гавьяа байгуулаагүй” ч өөрт ногдсон үүргээ биелүүлж явснаа өчсүү. Тамгын газраас гарах хамгийн цөөн үгтэй урилга, мэндчилгээ, баярын цахилгаанаас аваад хурал цуглааны илтгэл, сонсгол миний гараар дамжилгүй өнгөрч байсныг бараг санахгүй байна.  Аймгийн ИТХ-д тавих Засаг даргын бүтэн цагийн илтгэлийг маргааш тэргүүлэгчдээр хэлэлцэнэ гэхэд орой нь цай хоолоо идэж ууж ирээд суухад өглөө нь радио дуугарахад дуусгачихсан л байдаг байлаа.  Ингээд тэргүүлэгчдийн хуралд сонсгоход Хурлын дарга До.Адьяа “Уянгын халилыг жаахан багасгавал болжээ” гээд хөхөрч суудагсан.  Ерээд оны “Ардын аж ахуйтны хөдөлгөөн”-ийг санаачлагчийн хувьд “Мянгат малчдын” чуулга уулзалт, дараа жил нь “Мянгат малчдын эзэгтэй нарын чуулга уулзалтыг сүр дуулиантай хийн мянгатуудад алаг эрээн ваар, эзэгтэй бүрд  саалийн модон хувин гардуулахдаа мал сүргээ арвай будаа шиг өсгөхийг бэлгэдэн амсар дүүрэн будаа дүүргэн өгч байлаа.  Том том сүүжин ээмэг, шүр сувдан даруулгаар гоёж өнгө алагласан үйтэн хуар дээлээр гангарсан хүүхнүүд гудамж дүүрэн алхахад  мөн ч сүртэй харагдаж байгааг энэ үеэр ирсэн зочид гайхаж байв. Ашиглалтанд орсноос нь хойш арван жил гар хүрээгүй Тамгын газрын байранд Төр, Засгийн үйлчилгээний газрын барилга ангиар засвар хийлгэн хурлын бага танхим, хүлээн авалтын өрөө, ариун цэврийн өрөө… зэргийг цоо шинээр тохижуулсан нь хэний ч өмнө нүүр улайхааргүй болсонсон. За тэгээд энд нэрийг онцлоогүй  олон сайн нөхдийн энэ тэр нам гэлгүй гар нийлсэн хамтач ажлаар хүнд хэцүүхэн цаг үед аймаг орны ажил бүтэж урагшилж явсныг дурьдалтай.   

Энэ сайхан хүмүүстэй нэгэн баг болж аймгийн удирдлагад нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажилласнаа ховорхон олдох аз завшаан гэж  өнөө дурснам. 

Харин тэр цагаас хойш Дундговь дахь засаглал МАХН-ын \Одооны МАН\ мэдэлд  12 жил өнгөрлөө. Энэ сарын 21-ний сонгууль юү хэлэх юм бол доо.

1996-2000 онд Дундговь аймгийн ЗДТГ-ын даргаар ажилласан С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж