Обама бүр мөсөн эргэн ирлээ. Сүүлийн хэдэн сарын турш нэр хүнд нь унаж ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрсөлдөгчөөсөө нэг их илүү гарч чадахгүй байсан Обама эргэн ирлээ. Засаг барьсан дөрвөн жилд нь эдийн засаг нь хүндэрч, гадаад нэр хүнд нь үл ялиг унаж, хамгийн гол өрсөлдөгч Хятад улсаас гадаад өрөө зарахын тулд зээл авсан зэрэг таагүй мэдээлэл цагаан дээр хараар байгаа ч дахин дөрвөн жил цагаан ордонд аж төрөхөөр боллоо.
Түүний намтарт тэмдэглэх бас нэгэн онцлог нь энэ. 2008 онд ерөнхийлөгч болоод 100 хонож байхдаа АНУ-ын улс төрийн академийн судалгаар түүнийг дэмжигчдийн хувь 20 гаруй хувиар унасан нь тухайн үедээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний рейтинг 100 дахь хоногтоо огцом унаж байсан түүх байгаагүй билээ. Түүгээр ч барахгүй тангаргаа өргөөд удаагүй байхдаа Нобелийн шагналын хорооноос Энхтайвны шагнал авч байсан юм. Үүгээрээ бас л түүхэнд үлдэх сонин тодотголтой. Түүнд өгсөн шагнал улстөрийн агуулгатай байсан ч Обамагийн унаад байсан нэр хүндийг аврахад тодорхой нөлөөлсөн гэдгийг нуух зүйлгүй.
Энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2008 оны сонгуулиас илүү өрсөлдөөнтэй болж өндөрлөж байна. Санал хураалтын эхний дүн мэдээ явж эхэлж байхад Ромни тэргүүлж, саналын хувиар ялимгүй дээгүүр гарч байсан ч ийнхүү эцсийн дүнд Обама ялалт байгууллаа. Мэргэжилтнүүд энэ сонгуулийн дүн хэрвээ ойролцоо гарвал маш том маргаан дэгдээх магадлалтай гэж таамаглаж байсан ч тэдний бодсон шиг зүйл болсонгүй. Үүний гол буруутан нь үеийн, үед “цэнхэртэж” байсан Калифорни мужтай шууд холбоотой гэж үзэж болно. Хэрвээ Ромни Калифорнид, Флорида мужид өрсөлдсөн шигээ байсан бол саналын зөрүү нэлээд ойртох боломжтой байсан юм.
Үүнийг жүдогоор яривал яг иппон үнэлгээ өгчихөөр ялалт биш. Баримт харъя. Ромнид 47 сая 393 гаруй мянган хүн саналаа өгсөн бол төлөөлөгчдийн танхимын лимитээр ялалт байгуулсан Обама 47 сая 166 мянган хүн өгчээ. Зөвхөн саналын хуудас тоолдог байсан бол Ромни ялсан харин сонгогчдын коллегийн 583 саналын 281-ыг авч чадсанаараа Обама ялалт байгуулах боломжоо хангасан гэж ойлгож болно. Сонгогчдын коллеги гэдэг нь АНУ-ын муж тус бүрийн хүн ам болоод, дүүргийн байршил, ажиллагсын тоо зэрэгт үндэслэн саналын тоог тогтоодог аж. Жишээлбал Калифорни 55, Техас 38 саналын эрхтэй байдаг бол Аляск, Мейнэ, Вермонт, Хавай мужууд тус бүр 4-3 саналын эрхтэй байдаг. Энэ саналыг өгдөг хүмүүс нь ямар нэгэн намын гишүүн бус бие даасан санал гаргаж чадахуйц хүмүүсийг оролцуулдаг ажээ. Коллегийн гишүүд нь хяналтын чиглэлийн байгууллагын гишүүд байдаг. Тухайлбал Дээд шүүхийн болоод арбиртын шүүхийн ажилчид, гааль болоод мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид багтах жишээтэй. Энэ л коллегийн дамжлагаар Барак Обама дахин ерөнхийлөгч болох гэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АНУ-ын хэд, хэдэн муж эх дэлхийн сорилготой таарсан нь Сенди хар салхи. АНУ-ын Вашингтон, Нью-Йорк тэргүүтэй 9 мужийг дайрч 50 тэрбум долларын хохирол учруулсан энэхүү хар салхи ардчилсан намынханд таатай байдлыг үүсгэж чадсан. Гамшигт нэрвэгдсэн хотуудад хамгийн түрүүнд Барак Обама очиж, ар, гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, гэр бүлийнх нь гишүүн мэт байв. Өрсөлдөгчөөсөө барагтай илүүрхэж чадахгүй байсан түүнд энэ байдал алдаж болохгүй боломж байсан нь мэдээж. Тэр сонгуулийн кампаниа албан ёсоор зогсоож, эрүүл мэндээ анхаарч, гамшгаас хамгаалах хэрэгтэй гэж мэдэдгдсэн нь дэмжигчдийнх нь тоог бас л өсгөж орхив. Харин өрсөлдөгч нь гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн хаалган дээр өөрийнхөө нэр бүхий сурталчилгаа тавьсан нь Нью-Жерси мужийн сонгогчдод таалагдаагүй гэдгийг фейсбүүк дэх тус хотын иргэдийн хуудаснаас нь бэлэхнээ харж болно. Сенди бол АНУ-ын түүхэн дэх хамгийн ач холбогдолтой шуурганд тооцогдох нь зайлшгүй боллоо.
Обама нэр дэвшиж байсан цагаасаа л өөрийнхөө бодлогыг өөрчлөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Харин нэмж сайжруулах, засч залруулах зүйлс байгааг тэр нуугаагүй. Мөн гадаад худалдааны тал дээр хуучин харилцаатай байсан улсуудтайгаа харьцахаас гадна Ливи болоод Сирийн байдлыг сайжруулахад дайчлан ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа. Өдрөөс өдөрт эдийн засаг нь өсч АНУ-ын урд гарах аюул заналхийлж байгаа энэ үед Хятадын асуудалд анхаарлаа хандуулах бодолтой байгаагаа ч нуугаагүй. Ямар ч байсан Ирак болон Афганистаны айдас талаар боллоо.
АНУ-д Майкл Жорданаас хойш тодроод байгаа хамгийн алдартай хар арьст нэгэн Обама цагаан ордонд ирэх дөрвөн жилд эзэн суухаар боллоо. Яг одоо АНУ-ын хамгийн алдартай талбай болох Тайм Скүэрийн талбайд нийт америкчууд баяраа тэмдэглэж байна. Гартаа туг барин, “Обама” футболк өмссөн америкчууд ирэх дөрвөн жилийг хүлээнэ. Гэхдээ урд нь юу байгааг бид хэлж мэдэхгүй. Тийм эрх нь ч байхгүй билээ.