Монголын хөгжмийн урлагийн шинэ үеийн төлөөлөл болсон хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын бүтээл Ятга симфони найрал хөгжимд зориулсан концерт энэ удаагийн “Алтан намар” хөгжмийн наадмын үеэр тоглогдлоо.
Энэ бол хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын шинийг эрэлхийлсэн бас нэгэн томоохон бүтээл юм. Зохиолоос зохиолд чансаажин улам бүр хүчээ авч байгаа хөгжмийн зохиолч бол яах аргагүй Цэн.Эрдэнэбат ажээ. Туурвисан зохиол бүрээс нь дуурьсал, хэлбэр, зохиомж, бичлэгийн хувьд шинийг эрэлхийлж, шинэлэг санаагаар дүүрэн байх онцлогтой хөгжмийн зохиолч гэхэд хөгжмийг нь сонссон хэн ч маргахгүй буй заа.
Хөгжмийн зохиолч, анх энэхүү концертоо Алангуа эхийн тухай бодож ятганд зориулж зохиол бичихээр зорин 2012 оны зургадугаар сард бичиж дуусгажээ. Эл бүтээлээс өмнө хоёр ятганд зориулж “Хэнд ч мэдээжийн гурван теорем” хэмээх бүтээлээ туурвисан байна. Энэ бүтээлээ яг таг сонатны хэлбэрт бичсэн нь ямар нэг хэлбэрт баригдах хэрэггүй, сонатны хэлбэр бол хэнд ч мэдээж гэсэн санааг илтгэсэн гэлтэй. Ер нь зөвхөн сонатны хэлбэрт л бичсэн байвал “том хэлбэрийн бүтээл” гэж тооцдог хандлага байдгийг эсэргүүцсэн санаа цаана нь нуугдаж байна гэж үзэж болох юм.
Ятга симфони найрал хөгжимд зориулсан энэхүү концерт нь нэг ангитай, сонатны хэлбэрийг ерөнхийд нь барьсхийсэн хандлагатай бичигдсэн. Зохиол шууд ятга хөгжимд дангаар тоглогдох гол сэдэв аялгуугаар эхлэх ба энэ аялгуу дээш тэмүүлсэн шинжтэй байх нь бүхий л зохиолын зохиомжийн үндэс, агуулгын товчилсон хувилбар болсон мэт сэтгэгдэл төрж байна. Учир нь уг зохиолын сэдэв аялгуу ерөнхийдөө хувилбарлагдах маягаар хөгжихдөө тухай бүр дээш өгсөн тэмүүлж, давтагдах бүртээ хүч нэмэгдсэн байдлаар өгсөн “эспираль” маягаар хөгжигдсөн нь сонирхол татаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь хүч нэмэгдэн ямар нэгэн зүйл рүү зорин тэмүүлсээр бодсон зорьсондоо хүрэх мэт оргилдоо хүрч зохиол төгсч байна.
Зохиол гурван том хэсэгтэй ба хэсэг бүр нь өөрийн гэсэн хөгжүүлэгтэй байна. Уг зохиол нийлэл дэвсгэр хөгт бичигдсэн бөгөөд Фа мажорт эхэлж байгаа нь тодорхой байна. Мөн цаашид ятга- симфони найрал хөгжим хоёр нэг нь си бемоль минорт, нөгөө нь фа минорт зэрэгцэн дуурьсах нь хоёр дэвсгэр хөг бие биенээ баяжуулсан, илэрхийллийн хүчийг тэтгэн өргөжүүлсэн шинжтэй аж. Зохиолын явцад хөг шилжилтүүд хийгдэхдээ аялгуугаараа дамжин модуляц хийн шилжиж байгаа зэрэг тун сонин аргуудыг хэрэглэсэн нь харагдаж байна.
Уг концертын хөгжмөөс Цэн.Эрдэнбат хөгжмийн зохиолчийн бусдаас ялгарах онцлог, хувь хүний үзэл бодлын илэрхийлэл тодорхой сонсогдож байгаа юм.
Эл бүтээлийн бичлэгийг нооттой тулган сонсоход гүйцэтгэл дутуу дулимаг болсон нь анзаарагдаж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, хөгжмийн зохиолчийн бодсоныг гүйцэлдүүлэн эгшиглүүлж чадах бүрэн бололцоотой симфони найрал хөгжим байвч сургуулилах хугацаа бага байсан уу, зохиолоо ойлгоогүй юу, наадмын зохион байгуулалтаас болсон уу, ямартай ч хөгжимдсөн нь удирдвар дээрхээс зөрж байгаа нь илт байлаа. Тухайлбал, цохиур хөгжимд хувь оноогдсон боловч ер дуугарахгүй, арфа-ятга хоёрыг харьцуулан дуугаргахаар бичсэн ч арфа тоглохгүй байх зэргээр удирдвараасаа зөрсөн хэсгүүд нилээдгүй байна. Ер нь ийн удирдвар дээр бичигдсэнийг дутуу гүйцэлдүүлсэн нь юун нөгөө “хөгжим” хэмээх нарийн зүйл рүү орох тухай асуудал бүрхэг болсоныг илтгэж байна.
Манай хөгжмийн зохиолчид хаа ч үндэсний онцлогтой, хүний сэтгэлийг эзэмдэж чадахуйц бүтээл туурвиж байгаа нь сайшаалтай, хөгжимчдийн ч ур чадвар гадныхнаас дутахааргүй түвшинд очсон гэж тооцож болох ч энэ мэтээр хөгжмийн зохиолчдын бүтээлийг “с листа” /сургуулилтгүй шахам шууд харж ноотыг унших/ тоглох нь бүтээлийн уран сайхны ач холбогдлыг бууруулах хор нөлөөтэй гэдгийг анхаарах цаг нэгэнт болжээ.
Хөгжмийн бүтээл бол хөгжмийн зохиолч-хөгжимчин- удирдаачийн хамтын бүтээл байдаг бөгөөд хөгжимчний ур чадварт тааруулан зохионо гэдэг асуудал байж болохгүй гэдэг нь тодорхой юм. Ер нь манай хөгжмийн зохиолчид зохиол бүтээлээ жинхэнэ ёсоор тоглуулах боломж тэр бүр олддоггүй бөгөөд “Алтан намар” мэргэжлийн хөгжмийн наадмын үеэр л шинэ бүтээлээ “с листа” уншуулан тоглуулдаг уламжлал хэдийнээ тогтоод байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй болжээ. Энэ байдалд анхаарч өөрчлөлт хийх цаг болсныг жил бүрийн хөгжмийн энэ томоохон наадам сануулсаар байна.
Гэсэн хэдий ч энэхүү бүтээл дахин тоглогдохдоо хөгжмийн зохиолчийн өөрийнх нь төсөөлж бодож бичсэнээр амилан эгшиглэнэ гэдэгт итгэж байна. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын ятга симфони найрал хөгжмийн концерт нь ятгын урын санг сонирхолтой бүтээлээр баяжуулсан, ятгачны хөгжимдөх ур чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн, тун нямбай, “соёлтой” бичсэн сайн бүтээл болжээ.
2012 оны 11 сарын 2