Энэ талаар ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-Хамтарсан байнгын хороогоор барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцээд, УИХ-аас тогтоол гаргуулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрлээ. Ажлын хэсгийн шалгалт хэр өргөн хүрээг хамрав?
-Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн гол агуулга нь 2013 онд үйлдвэрлэлийн улирал эхлэхээс өмнө Барилгын тухай хууль Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Газрын харилцаа, Тендерийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад томоохон өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг маш нарийн судалгаатай, мэргэжлийн олон байгууллагуудыг оролцуулж хийсэн. Энэ жилийн есдүгээр сарын байдлаар барилгын ослоос болж 20 гаруй хүн бэртэж гэмтэж, амь насаа алдсан байна. Нэг жилд ойролцоогоор 50 гаруй хүн барилгын ослоор амь насаа алдаж байна гэсэн судалгаа ч гарсан. Үйлдвэрлэлийн осол гэдэг утгаар нь өргөн хүрээнд аваад үзвэл авто зам, уул уурхай, барилга гэх мэт үйлдвэрлэлийн салбаруудад гарч байгаа хөдөлмөрийн ослын тоо хэмжээ бол 1000 гаруйгаар яригдаж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын судалгаагаар бол 1500 орчим гэж бүртгэгдсэн.
Монгол Улсын үндсэн хуульд монгол хүн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн тодорхой заачихсан. Тийм учраас ажлын хэсэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж барилгын хууль тогтоомжтой холбогдуулж гаргах тогтоолын төслөө УИХ-аас батлуулахаар байнгын хорооноос шийдвэр гаргууллаа. Яагаад гэвэл энэ ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, хоёрдугаарт асуудал нь хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой. Гуравдугаарт, өдөр болгон шахам барилгын салбарт үйлдвэрлэлийн осол гарч байна. Нөгөөтэйгүүр, Хөдөлмөр аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчигдөж байгаа, тэгэхээр энэ асуудлыг УИХ-ын төвшинд ярьж зохицуулах ёстой гэж үзлээ. УИХ энэ чиглэлээр тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгнө. Засгийн газар барилгын салбарын үйлдвэрлэлдээ үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг өөрчлөх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авахуулахаар ажлын хэсгийн тайлан дүгнэлтэд тусгасан. Тэгэхээр 2013 оны үйлдвэрлэлийн улирал эхлэхээс өмнө эрх зүйн шинэ орчин бүрдэнэ гэдэгт бид найдаж байна.
-Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төв шуудангийн өмнөх барилга зөвшөөрөлгүй хэрнээ гадны хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Төрийн тусгай хамгаалалттай газарт эл барилга баригдаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна” гэлээ. Мөн “Тэнгис” кино театрын хажуу талд баригдаж байсан барилгад осол гарсан барилга яг хэнийх юм бэ, “Эко”-гийнх мөн биш гээд маргаад байдаг?
-Олон барилга байгаа, 590 гаруй барилгад шалгалт хийхэд 70 гаруй хувь нь зөрчилтэй гарсан. Зөвшөөрөлгүй баригддаг, зөвшөөрлөө авдаггүй энэ барилга болгоны ард албан тушаалын гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг нуугдаж байгаа гэдэг дүгнэлтэд бид хүрсэн. Ийм учраас Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагуудаар энэ асуудлыг шалгуулж холбогдох этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж ойлгож байгаа. Ер нь Монгол оронд хариуцлагатай нийгэм л хэрэгтэй, хууль нь хэрэгждэг байх ёстой. Өнөөдөр бид хяналт шалгалт хийх явцдаа нэг зүйл ажигласан, Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, мэргэжлийн барилгын зураг төсөл хийдэг байгууллагуудын удирдлагууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон байх нь олон баримтаар харагдаж байгаа. Тиймээс тэднийг Авлигатай тэмцэх газарт өгнө, бид хариуцлагатай нийгмийн төлөө явж байгаа, бид авлигын эсрэг тэмцэж яваа. Тэгэхээр УИХ-ын тогтоолоор үүнийг зохицуулаад Авлигатай тэмцэх газар дээр тусгай ажлын хэсэг байгуулаад энд шалгалт оруулна гэж шийдсэн.
-“Тэнгис” кинотеатрын хажуу талын барилга яг хэнийх вэ?
-Тэр хэнийх болохыг тогтоох чиг үүрэг нь цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллагад хүний амь насанд хүрсэн барилгын компани аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг шалга гэдэг үүргийг цагдаагийн байгууллагаас Улсын мөрдөн байцаах газарт өгчихсөн байгаа. Монгол хүний эрх хаана зөрчигдөж байна, тэнд бид очиж ажиллах ёстой. Улстөрчдийн үндсэн үүрэг бол монгол хүний эрх ашгийг хамгаалах ёстой, монголчуудад эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломжийг төр нь олгох ёстой. Төрийн завхралаас болж авлигаас болж албан тушаалын гэмт хэргээс болж олон хүний амь нас эрүүл мэнд хохирч байгааг энд хэлмээр байна. Ардчилсан төр өөрөө өөрийнхөө алдааг засах үүрэгтэй, бас эрхтэй. Энэ чиглэлд бид олон арга хэмжээг авна гэдгийг хэлмээр байна.