Шатахууны үнийн өсөлтөөр түүчээлсэн инцляци

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн өсөлтөөр түүчээлсэн инцляци

Шатахууны үнэ өсөх гэнэ. Тэгэхдээ бүр литр тутам­даа 200-230 төгрөгөөр нэмэгдэх сураг сонсогдоод бай­на. Энэ асуудалд хам­гийн пээдгэр хандаж бай­гаа газар нь “НИК”. Тус ком­панийн гүйцэтгэх захирал М.Халиунбат “Ирэх долоо хоногоос үнээ нэмнэ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн нь дээрх “шум” үнэн болохыг гэрчилж байгаа юм. Гэтэл нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн төлөө газрын дарга О.Магнай уулзсанаас хойш төдий л удаан хугацаа өн­гөрөөгүй байна. Уг нь тэд­ний уулзалтын үр дүнд “Ша­тахууны үнийг 40-50 төгрөгөөс ихээр нэмэхгүй” гэх шийдэлд хүрсэн юм.

Гэтэл өнөөдөр нефть импортлогч хуучин шигээ ээлжит шантаажаа хийсээр. Шатахуун түгээх станцууд “АИ-92, ДТ байхгүй” гэсэн зарлалуудыг үүдэн дээрээ өлгөж, ажилтнууд нь буруу хараад суучихаар О.Магнай даргын унаа ч хөдлөх боломжгүй болчиж байгаа юм. Ийм үед тэр “НИК” компани шатахууны үнэ нэмэх шалтгаанаа ШӨХТГ-т танилцуулах ёстой” гэж мянга хашгираад ямар ч нэмэр болох шинжгүй.

Манайд шатахуун импортолдог “Роснефть” бүтээгдэхүүнийхээ хий­лийн үнийг тонн тутамд нь нэмсэн гэж байгаа. Энэ нь “НИК”-ийнхний тоочих гол шалтгаан бололтой юм. Уг нь иймэрхүү гэнэтийн өсөл­төөс болгоомжилж, үнийг нь тогтвортой барих зорилгоор нефть импортлогчдод элдэв татаас өгдөг­гүй биш билүү. Тэднийг хууль зөрчсөнийг дахин дахин нотолсны дараа О.Магнай ч торгуулийн мөнгөө авч чадаагүй. Нефтийн бүтээг­дэхүүний үнийн өсөлтийг зог­соохын тулд Монголбанк шатахуун импортлогчидтой гурван сурын хугацаатай гэрээ байгуулахаар зэхэж байгаа. Энэ ч нь тусаа өгсөнгүй. Харин өнөөдөр тэд монополь байдлаа ашиглан эвслийн Засгийн газрыг шантаажилсаар. Эрх баригч хүчин тэдний өмнө хүчин мөхөсдсөөр. Шатахууны үнийг буулгана гэдэг тэдний барж идэх ажил биш бололтой.

Шатахууны үнэ 200-230 төг­рөгөөр нэмэгдэхээр юу болох вэ. Саяхан даа. “Атар” талхыг гялгар уутанд савладаг болгохын тулд үнийг нь 200 төгрөгөөр нэмсэн. Доторх амт нь биш, гадуурх хувцас нь өөрчлөгдөхийн төдий л нэмэгдсэн энэ үнэ иргэдэд ямар том дарамт болсныг уншигчид санаж байгаа байх. “Атар” талхыг хэрэглэдэг хүмүүсийн хувьд 200 төгрөг гэдэг маш их зардал байсан юм. Тэгвэл өнөөдөр шатахуун хэрэглэдэг хүн бүрийн хувьд 200-230 төгрөгийн үнийн өсөлт хэр их том дарамт болохыг төсөөлөхөд ч бэрх.

Өнгөрсөн жил шатахууны үнэ бас нэмэгдэж байв. Тэгэхэд түүнийг дагаад автобусны билет 100 төгрөгөөр, талхны үнэ 100 төгрөгөөр, таксины үнэ 200 төгрөгөөр өсч байжээ. Зөвхөн нийтийн тээвэр, унаа үйлчилгээ, өргөн хэрэглээний хүнсний хувьд ийм байна. Иргэдийн өдөр тутмын амьдралд шаардагддаг бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэчнээнээр өссөнийг хэмжихэд бэрх байв. Энэ оны эхэнд шатахууны үнэ литр тутамдаа 260 төгрөгөө нэмэгдэхэд иргэд хэчнээн их сандарч байлаа даа. Одоо тэгвэл 200-230 төгрөг гэх тооны ард ямар их аюул нуугдаж байгааг бага ч болов тодорхойлж болмоор шиг. Ийм үед цаанаасаа ирдэг үнэ нь өсч байгаа үед яалтай билээ гэж шатахуун импортлогчдыг өмгөөлж болох ч үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нь тогдоогдон 17 тэрбум төгрөгийн торгуулиа ч төлөхгүй байгаа үед зах зээлийн шударга зарчимын тухай цээжээ дэлдээд хэрэггүй болж байна. Монголын төр тэднийг дарж чадахгүй байна.

Иргэдийн хувьд үйл явц яаж өрнөх нь тийм ч сонин биш. Харин үр дүн нь л чухал. Шатахууны үнэ нэмэгдсэний үр дүнд миний идэх талх, уух ундаа, өмсөх хувцасны үнэ өснө. Дүн өвлийн хүйтэнд гадаа суугаад явах унааны хөлс нэмэгдэнэ. Тэгэхээр Засгийн газар үүнийг хязгаарлаж, зогсоож чадахгүй байгаа гэж бодохоор л харамсмаар байх юм.

Хүмүүс анх сонсонгуутаа “Пүү, паа. Битгий дурсаад бай, наадахаа” гэж хэлдэг нэг үг бий. Гэхдээ сүүлдээ аажимдаа өдөр бүр чихэнд нь хүрээд байхаар танил дасал болж, хэзээний хуучны “анд” шиг хүлээж авдаг болчихдог юм билээ. Одоо тэр үгийг дахиад хэлэх цаг болж. “Инфляци өсч байна”. Иргэд хахир хатуу өвөлтэй золгохоос өмнө үнийн өсөлтөд нүдүүлэх нь.

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэмж, нийгмийн халамжийн бодлогод зориулсан хөрөнгө, мөнгө ихтэйгээр ирэх оны төсөв батлагдсан. Мэдээж хэрэг, өмнөх жилүүдийнхэй харьцуулахын аргагүй ч энэ удаагийн төсвийн зарлага асар их гэдгийг ерөнхий дүнгээс нь харж болохоор байна. Ийм мундаг алхам хийж байж шатахуун импортолдог хэдхэн компанийн шантаажийг зогсоож чадахгүй байгаа Засгийн газрыг яалтай ч билээ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж