“Монгол сонгодог” хөөмийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

“Монгол сонгодог” хөөмийн тоглолт болно

Монгол хөөмийн гайхамшгийг харуулах хөөмийч Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбадрах, ҮДБЭЧ-ын хөөмийч Ц.Цогтгэрэл нарын  “Монгол сонгодог”  хөөмийн тоглолт энэ сарын 11-нд 15.00 цагт Соёлын төв өргөөнд болох нь. Тоглолтод ҮДБЭЧ-ын Үндэсний Их найрал, тус чуулгын бүжигчид, ДБЭТ-н Симфони оркестор, ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Эрдэнэтуяа, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, уртын дууч Д.Үүрийнтуяа, “Мемори оркестр” амьд хөгжмийн хамтлаг ийнхан оролцох аж. Монголд төдийгүй дэлхийд хөөмийн урлагийг хөгжүүлэх, түүний урын сангийн агуулгад баяжилт хийх, агуулгын өргөн хүрээнд хөгжүүлэх эрхэм зорилго бүхий таван жилийн хугацаатай хэрэгжих “Монгол сонгодог” төслийн хүрээнд уг тоглолтыг зохион байгуулж буй бөгөөд ерөнхий найруулагчаар Төрийн хошой шагналт С.Сүхбаатар, хөгжмийн найруулагчаар М.Бирваа, Р.Бат-Эрдэнэ нар тус тус ажиллаж буй аж.

Монголын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмий нь эрт дээр үеэс уламжлалтай урлаг юм. Энэ нь эртний нүүдэлчний уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн бөгөөд хөөмийн урлаг Монгол улсад 1950-иад оноос тайзны хэлбэрт шилжин хөгжиж ирсэн бөгөөд өнөөг хүртэл энэхүү хэв шинжээ алдалгүйгээр ардын буюу уламжлалт чиглэлээ баримталахын сацуу орчин үеийн сонгодог урлагийн түвшинд хүртлээ хөгжиж байна. 2011 онд монгол хөөмийг дэлхий өв санд бүртгэсэн билээ.

Хөөмийч Н.Наранбадрах нь Монгол улсын хөөмийчдийн анхдугаар уралдааны хошой алтан медаль, ОХУ-ын Буриад улсад болдог Олон улсын хөөмийчдийн  наадмын удаа тэргүүн байр, гран при шагналт, дэлхийн 20 гаруй улсад өөрийн тоглолтоо сонирхуулж байсан нэгэн юм. Урлаг судлаач, хөөмийч Н.Цогтгэрэл нь мөн л дэлхийн 20 гаруй улсад аялан тоглож байсан агаад Франц улсад зохиогдсон Олон улсын Ардын Урлагийн Их наадмын гран при шагнал, ОХУ-ын Буриад улсад зохиогддог Олон улсын Хөөмийчдийн наадмын тусгай болон тэргүүн байр хүртэж байсан улсын хөөмийч юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж